14 настай тэмцэгч охин амьд гарлаа
амжилттай болж амьд гарлаа. Энэ охин Пакистаны Мингорад амьдардаг бөгөөд багаасаа Талибанчуудын халдлага, дарамтан дунд амьдардаг байжээ.
Тэрбээр орон нутагт нь Талибанчуудын явуулга эхлэн охидын сургуулийг ээлж дараалан хаах болсноос хоёр жилийн дараа буюу 11 настайгаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байна. Талибанчуудын нөлөөгөөр Шариа хуулийн дагуу охидын сургуулийг хааж, машинд хөгжим тавихыг хориглож эхэлжээ. Тэрбээр хоёр, гурван жил өдрийн тэмдэглэлээ хөтөлсний дараа 2009 онд БиБиСи агентлагаар дамжуулан олон нийтэд хүргэх болсон байна. Чухамхүү энэ үеэс л бяцхан охины эр зориг, тэсвэр хатуужлыг үнэлэх, олны дэмжлэг ирэх болсноор талибанчуудын хараанд өртөх болжээ. М.Ёосафзай охин мягмар гарагт Мингора дахь сургуулиас харихаар хоёр найзын хамт явж байхдаа толгойн тус газраа буудуулжээ. Харин хамт явж байсан хоёр охин гэмтэж шархадсан байна. Охидыг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Гэвч удалгүй охиныг нисдэг тэргээр Пешавар руу явуулж хагалгаанд оруулсан аж. Өчигдөр өглөөний мэдээллээр охины хагалгаа амжилттай болж биеийн байдал сайжирч байгаа гэнэ.
Эмнэлгийнхэн БиБиСи агентлагт Охины толгойнд орсон сумыг авсан хэмээн мэдээлсэн юм. Энэ хэргийн цаана Талибанчууд байгаа нь мэдээж. Халдлагын дараа Пакистаны эрх баригч, улс төрчид насанд хүрээгүй охинд халдсан явдлыг буруушаан мэдэгдэл хүргэсээр байна. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан удаа дараа буруутгасан мэдэгдэл хийж байгаа билээ. Үүний хажуугаар дэлхий даяар түгэх олон нийтийн сүлжээгээр энэ явдлыг халаглан буруушаасан хэдэн сая хэрэглэгч бухимдлаа илэрхийлжээ.
Харин Талибаны зүгээс Тэр охин Талибаны эсрэг илүү үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн тухай нууц эх сурвалж мэдээлсэн юм. Өдгөө дөнгөж 14 настай хэдий ч үнэнч шударга, эр зоригтой охины үйлдлийг олон улсаас үнэлэн бахархаж буй мэдэгдэл ирсээр байна. Өөрийн амьдралд тохиолдох зүйлсийг өдрийг тэмдэглэлээрээ гэрчлэн дэлгэн тавьсан 14 настай тэмдэглэлч охинд өдгөө Үндэсний эр зоригт баатар цол өгсөн бол дахин Олон улсын хүүхдийн энхийн тэмдэг-ийг олгожээ.
Б.Золзаяа