Н.Алтанхуяг, Д.Оюунхорол нар ширүүхэн маргалдав

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэд хэдэн асуултыг Засгийн газрын гишүүдэд тавив.

Өмнөх чуулганаар батлагдсан багш нарт нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төслийг хүчингүй болгох асуудлыг оруулж ирсэн нь Д.Оюунхорол гишүүн ундууцахад хүргэсэн юм. Хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр хуульчилсан ба хууль хэрэгжихэд 150 тэрбум төгрөг хэрэгцээтэй гэнэ. Тийм учраас төсөвт боломж байхгүй гэж Сангийн яамнаас хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсан байна. Ирэх онд багш нарт нэг удаагийн тэтгэмж болох 36 сарын цалинтай тэнцэх мөнгийг олон жил ажилласан багш нарт олгохоор тусгасныг хүчингүй болгох аж. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эсэргүүцэж, ерөнхий сайдаас асуулт тавьж байлаа.

Тэрээр Төсвийг шийдэх боломж бий. Нэг удаа тэтгэмж олгох асуудалд ямар учраас татгалзаад байна бэ. Багш нарыг боогдуулж байна. гэсэн асуулт тавьсан. Харин Ерөнхий сайд АН багш нарт хайргүй юм шиг ярьж, та нар улс төржүүлэх хэрэггүй. Хувийн сургуультай хүн ийм хуулийн төсөл санаачилмааргүй байна. Ашиг сонирхлын зөрчлийн хууль хэрэгжиж байгаа шүү. Хувийн дээд сургуулийн захирал та Монголын багш нарыг төлөөлөхгүй шүү гэдэг хатуухан үгийг хэлж байлаа.

Үүний хариуд Д.Оюунхорол гишүүн микрофонгүйгээр Ерөнхий сайд руу ширүүхэн дайрч тэдний хооронд баггүй маргаан дэгдээд авсан юм. Чуулган ирэх оны төсвийн хүрээнд үргэлжилж байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button