Хорооны дарга нap мөнгө завшжээ
Ё.Сагсай шалгагдаж буй зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн прокурорын газарт 300 гаруй хэргийг хянан шалгаж байгаа аж. Тухайлбал, Мянганы сорилтын сангаас манай улсад томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь Цэвэр агаар төсөл юм. Гэтэл Цэвэр агаар төслөөс Баянзүрх дүүргийн нэр бүхий хорооны дарга нар Хас банкны ажилчидтай нийлж мөнгө завшсан байна. Тодруулбал, хорооны дарга нар оршин суугчдын иргэний үнэмлэхийг хураан авч хуулбарлажээ. Тэрхүү хуурамч материалаа бүрдүүлэн Сэлбэ дулаан ХХК-ид өгч, тэд Хас банкны ажилчидтай хамтран мөнгө завших ажлаа гүйцэтгэсэн аж.
Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа бөгөөд цаашид бүх дүүргүүдийн хорооны дарга нарыг шалгахаар болжээ. Учир нь зөвхөн Баянзүрх дүүрэгт 120 гаруй иргэний бичиг баримтыг ашиглан Цэвэр агаар төслийн мөнгөнөөс 66 орчим сая төгрөгийг завшсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Сэлбэ дулаан ХХК-ийн захирал Г.Мөнхтогтох, Баянзүрх_ дүүргийн XXI хорооны дарга н.Атар нарыг шалгаж эхэлсэн байна.
Төсвийн мөнгөнөөс 500 сая төгрөгийг завшжээ
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга тус яамны Хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Н.Баярмагнай нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь Т.Гантулга, Н.Баярмагнай нар нь ХХААХҮЯ-наас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ашиглах ёстой зээлийн мөнгөнөөс 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Хэргийг тодруулбал, тус яамын төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Н.Баярмагнай нар Завхан аймагт 2010 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ямар ч төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж нэр бүхий 108 иргэний хувийн дансанд шилжүүлсэн байна.
Түүнчлэн улсын төсвөөс гаргасан 500 сая төгрөг нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тараагдаагүй болохыг мөрдөн байцаах газраас нарийвчлан шалгаж байгаа аж. Мөн нэр бүхий 108 иргэний дансанд шилжсэн 500 сая төгрөгийг 2012 оны сонгуулийн сурталчилгаанд ашигласан байх магадлалтай гэнэ. Тиймээс УИХ-ын зарим гишүүдийг энэ хэрэгтэй холбогдуулан шалгах юм байна. Мөрдөн байцаах газраас тухайн үеийн ХХААХҮЯ-ны сайд болон холбогдох албаны хүмүүсийг ч мөн шалгах шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ.
Анодбанкны шүүх хурлын тов сарын дотор гарна
Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр зэрэг 19 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрөгч долоо хоногт шүүхэд шилжүүлсэн.
Хуулийн дагуу шүүх хавтаст хэрэгтэй танилцаад 14 хоногоос сарын дотор хурлын тов зарлах аж. Тус банкны үүсгэн байгуулагчид банк байгуулсан үеэс эд хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, сонгуульд зарцуулсан гэх үндэслэлээр 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эрүүгийн хэрэгт татагдсан юм. Эл хэргийн мөрдөн байцаалт хэд хэдэн удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан билээ. Харин удахгүй шүүхийн тов гарах юм байна.
А.Бат-Ялалтын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Налайх дүүргийн ХААН банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд Сурвалжлагч байна хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурлын тов удахгүй гарах нь. Их хэмжээний өрөө төлөхийн тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан хэмээн мэдүүлсэн тэрээр банкны захирал эмэгтэйн нөхрийг буудаж, амь насыг нь хохироосон билээ. Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Хэргийг Нийслэлийн прокурор хянаж үзээд Налайх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тиймээс Налайх дүүргийн шүүхээс дээрх хэргийг шүүх хурлын товыг удахгүй зарлах юм.
Б.Нямхандын хэргийг прокурорт хянаж эхлэв
Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд буруутгагдаж буй Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ.
Тиймээс В.Нямхандад холбогдох хэргийг өнөөдөр мөрдөн байцааж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Л.Алтанхишиг