Үндэстэн бүр Google-ээс өөр, өөр мэдээлэл хайдаг
Гэхдээ орон бүр өөр, өөрийн гэсэн сонирхолтой, соёл болгон өөрсдийн түлхүүр үгстэй байдаг аж. Тэгвэл франц, хятадууд юу сонирхдог бол. Танд дэлхийн хайлтын чиг хандлагатай танилцах боломжийг олгож байна.
Интернэтийн хайлтад өнөөдөр зарим нь мансуурч, донтдог болсон гэхэд хилсдэхгүй. Эндээс бид хэрэгтэй мэдээллээ олж авч, зугаацаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тиймээс энэхүү хайлт бидний амьдралын хэв маягийг тодорхойлдог болжээ. Ер нь хүмүүс Google-ээс юуг хамгийн ихээр хайдаг бол.
Google хайлтын системд сард 180 орноос 100 тэрбум эрэлт ирдэг аж. Гэхдээ орон бүрийн хайж буй зүйл, тоо хэмжээ нь харилцан адилгүй. Зарим нь хүний анхаарлыг үнэхээр татмаар. Мэдээж эдгээр эрэлт нь тухайн орны онцлог, мөн чанар, сүүлийн үед шуугиан тарьж буй мэдээ, мэдээлэлтэй холбоотой. Жишээлбэл, Доминик Cтраусс-Кан хүчингийн хэрэгт холбогдсоны дараахан энэ улстөрчийн талаарх хайлт эрс ихэссэн билээ.
Страусс-Кан 2011 онд мэдээ, мэдээлэл гэсэн ангилалд тэргүүн эгнээнд орсон юм. Түүнчлэн францчууд Minecraft хэмээх видео тоглоомыг маш ихээр хайсан аж. Эндээс үзэхэд хайлтын системд холбогдсон францчуудын ихэнх нь видео тоглоомын фанатууд болж таарч байна. Мөн телевизийн Secret Story реалити шоу гуравдугаарт бичигджээ. Үүнээс цааш онлайн худалдааны хайлт маш ихээр хийгдсэн байна. iPhone 5-ыг Францын хэрэглэгчид худалдаанд гарахаас хэдэн сарын өмнө Google-ээр хайж, мэдээллийг нь авчээ.
Тэгвэл америкчууд поп оддыг хамгийн олон удаа хайсан байна. Өнгөрсөн жил Ребекки Блэк хэмээх нэртэй одыг Google-ээр хайжээ. Энэ дуучныг та танихгүй байж магадгүй. Дуучин бүсгүй Friday хэмээх дуугаараа өсвөр насны охид шөнөөр хэрхэн зугаацдагийг харуулсан нь Америк даяар алдаршихад нөлөөлжээ. Энэ дууны клип үнэхээр хөгжилтэй.
Хайлтын системийн хоёрдугаар байрт Айрэн хар салхи багтсан байна. Байгалийн энэхүү гамшгийн үеэр АНУ-ын зүүн эргийн оршин суугчид маш их сандралдаж, мэдээллийг нь нэтээр олж авч байсан аж. Тэгвэл тус улсын ¹1 дайсан гэгддэг Осама бин Ладен есдүгээр байрт оржээ.
Харин англичууд үнэхээр сонирхолгүй. Тэд ердөө л Кейт, Уильям нарын хуриманд хамаг анхаарлаа хандуулсан байна.
Энэтхэгчүүд дэлхийн бусад үндэстнээс илүү сонгодог үзэлтэй бололтой. Тэд уламжлалт Болливудын кинонуудаа хамгийн ихээр хайдаг аж. Эдгээрээс Гэнэтийн зөвшөөрөл, Үргэлж бэлэн хэмээх хоёр кино нь эхний 10-т багтжээ.
Тэгвэл хятадууд хайлтын системд илүү буурьтай ханддаг бололтой. Тэд цаг үеийн тулгамдсан асуудлууд, улстөрийг маш ихээр сонирхдог аж. Хятадуудын хайдаг гол асуудал нь хөрш Япон дахь газар хөдлөлт, Ливийн бослого байжээ. Гэхдээ тэд зугаацахаа ч мартаагүй бололтой. Мөн Кунг-фу панда киног олон удаа хайсан байна.