Өсвөр насны хүүхэдтэйгээ өнөө, маргаашийг ярилцъя
Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг өөрчлөх, тэдэнд эрэгтэй, эмэгтэй хүний талаархи ойлголтыг өгөх эцэг, эхийн ухаан ч дутаж байна гэж хэлмээр байна. Хатуу сонсогдож байгаа хэдий ч эцэг, эхчүүд энэ тал дээр анхаарах цаг болсон. Ялангуяа охидтой хүмүүс.
Саяхан нэг зар сонслоо. Зарын утга нь эцэг, эх нь охиноо уучилж, эргэж гэртээ харьж ирэхийг хүсэн, холбоо барих утасны дугаараа тавьжээ. Уг нь охин нь ээж, аавынхаа утсыг мэддэг л баймаар. Гэхдээ илүү үг нуршаад яах вэ.
Охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад утсаа салган ор сураггүй болчихжээ. Эцэг эх нь сандраад л аргаа барахдаа зар өгсөн бололтой. Хэний ч толгойд ийм л бодол орж ирнэ. Мөн саяхан 14-хөн настай эцэг, эхдээ бол нялх амьтан баймаар охин дөрвөн залуутай зочид буудалд орж, газ үнэрлэн мансуурч, эцэст нь дэлбэрсэн. Гэхдээ тэр дэлбэрэлт болоогүй байсан бол бяцхан охины цаашдын хувь заяа яаж өрнөх байсан нь тодорхой. Мансуурсан хөвгүүд юу ч хийж мэдэх байсан. Ингээд бодохоор энэ нийгэм аймшигтай, эцэг, эхчүүд хариуцлагагүй байгаа нь ажиглагдаж байгаа юм. Ер нь сүүлийн үед эцэг, эхтэйгээ үзэл бодол зөрөх, хайртай залууг нь ойшоохгүй байх зэрэг аахар шаахар асуудал сөхөгдлөө л бол охид ор сураггүй шахам алга болдог үзэгдэл ихэсчээ. Уур биеийг зовооно гэх ардын мэргэн үг байдаг хэдий ч одооны хүүхдүүдэд ийм ухамсар суугаагүй. Энэ нь эцэстээ эцэг, эхийн буруу.
Ер нь хүний амьдралын хамгийн эмзэг буюу шилжилтийн нас бол 15-18 нас. Үүнийг хүн бүхэн мэднэ. Энэ үеийн хамгийн гол шинж тэмдэг нь хэн нэгний хараат байдлаас гарч хараат бус амьдрах гэсэн хүсэл эрмэлзлэлийн дөл бадамлаж байдаг хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Энэ л үед ээж нар нарийн мэдрэмж, ур ухаанаа гаргаж охинтойгоо сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэлзүйн зөрчилдөөн үүсч, тулаан эхлэх нь тэр. Хэн хэн нь уурлаж, сүүлдээ нэгнээ үзэн ядах хэмжээнд хүрдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Намайг ойлгосонгүй хэмээх бяцхан гоморхол ингэж л эхэлнэ. Сүүл рүүгээ Намайг чиний насан дээр байхад..гэх үг урсч, охид нийгэм, цаг үе өөрчлөгдсөн талаар ухуулаад тулаан охин гарч явснаар өндөрлөнө. Монгол Улсад амьдардаг охинтой айл бүрт ийм үзэгдэл давтагдсаар, охид буруу замаар будаа тээж, буудалд хүртэл хонож, мансуурч байгаад эцэстээ эцэг, эх минь үнэн хэлжээ гэдэг ухаарлыг авч, гэртээ эргэж ирнэ. Яг л кино шиг. Үр хүүхдээ ийм байдалд хүргэж байгаа нь эцэг эхчүүдийн л буруу. Учир нь мэдээллийн асар их хурдтай энэ үед хүүхдүүд бүхий л зүйлийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг болж.
Эцэг, эхчүүд ийм байдалд үр хүүхдээ орхисноо умартан, ажилдаа түүртсээр цаг хугацааг өнгөрүүлж байна. Тэгэхээр эцэг, эхчүүдэд зөвлөхөд нэн даруй нийгэм, цаг үетэйгээ нийлж, өсвөр насны хүүхдүүдтэйгээ өнөө маргаашийн талаар ярилцаж, үзэл бодлыг нь төлөвшүүлэх хэрэгтэй. Ерөөсөө монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг арга зүй гэвэл эцэг, эх хүүхэдтэйгээ харилцахдаа 0-5 насанд нь хаан мэт өргөмжил, 5-11 насанд нь бие даалга, 11-16-аас дээш насанд нь анд нөхөд байх ёстой гэж үздэг байсан гэдэг.
Тэгвэл одоо өсвөр насны хүүхдүүдтэйгээ анд нөхөд нь мэт харьцах цаг болсон байна.
Э.Туул