Цурам хийх завгүй гэмтлийнхэн
Гэмтэлтэй иргэдийг хүлээн авдаг болоод ч тэр үү хаалга нь үргэлж онгорхой байх бөгөөд хонгилд хэдхэн минут суухад л биеэр хүйт дааж амнаас уур савсаж эхэлсэн. Тэнд байсан хүмүүс ч даарсан шинжтэй урагш хойш холхино. Цаанаа л жихүүн энэ газарт шалан дээр дуссан цусны толбо хаа сайгүй байлаа. Өдөрт дунджаар 300400 гаруй иргэн үйлчлүүлдэг аж.
Биднийг байхад өдрийн дөрвөн цагаас шөнийн 1200 цагийн хооронд 200-гаад хүн ирж үйлчлүүлэв. Залуучуудын хэлдгээр баасан ахын төрсөн өдөр болон амралтын өдрүүдэд энэ тоо эрс нэмэгддэг аж. Өдөрт гурван их эмч, сувилагч, тухайн өдрийн хэрэг бүртгэгч цагдаа гэсэн бүрэлдэхүүнээр ажилладаг юм билээ. Тус эмнэлгийн дэргэдэх хэрэг бүртгэх газар нь гадны нөлөөнөөс үүдэлтэй гэмт хэргийг тэмдэглэж аван Замын цагдаагийн газарт мэдэгдэж хамтран ажилладаг ажээ. Эл эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн түлэгдэлт, авто осол, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, архидан согтуурч зодолдсны улмаас гэмтсэн өвчтөнүүд байдаг аж. Тэднийг үзэхэд багагүй хугацаа өнгөрөх биз ээ. Чагнуур тавьж, эм бичиж, оношлодог эмч нарыг бодвол хүнд ажил хийдэг тус эмнэлгийн эмч нар бахархмаар санагдлаа. Энэ эмнэлэгт траншейны гэх тодотголтой хүмүүс ирдэг бөгөөд тэд цус нөж, баас шээстэйгээ холилдож бүхэл өдрийг өнгөрөөдөг. Гэмтлийн эмнэлгийг зорьдог хүмүүс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж осол аваарт өртсөн байдаг гэдгийг сувилагч нар хэллээ. Тухайлбал, бидний очсон өдөр дуудлагад явсан эмч айлд очиж гэмтсэн хүнийг авахдаа нохойд хазуулж ирээд галзуугийн эсрэг вакцин хийлгэж байгаа харагдав. Энэ мэтчилэн эмч нарт бэрхшээл их тохиолддог атал тэдний цалин тийм ч их биш аж.
Ар араасаа цувран ирэх өвчтөнүүдийн дунд арав гаруй насны нэгэн хүү орь дуу тавьсаар хүргэгдэж ирлээ. Тэрбээр охин дүүтэйгээ гарцаар гарч яваад хурдтай явсан машинд мөргүүлж хоёр хөлөө бэртээжээ. Хүүг мөргөсөн машины жолооч, эмээ, дүүгийнх нь хамт хүргэж ирсэн байлаа. Хүү эмээ, дүү хоёртойгоо хамт амьдардаг аж. Эмч нар хүүд хурдан зураг авахуул гэсэн шаардлага тавихад эмээ нь Мөнгө байхгүй яадаг билээ гэж халаглаж суугаа харагдсан. Мөргөсөн жолооч ч мөнгө байхгүй гэж мэлзэв. Яарсан эмээ хүүгийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг авч ирээгүйгээс болж гарсан зардлыг хөнгөлүүлэх боломжгүй болов. Уг нь эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй тохиолдолд өвчтөн хөнгөлөлт эдлэх ёстой байдаг. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношноос хамааран 116400-643272 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлж байдаг байна. Үүнийг тэр бүр иргэд мэдэхгүйгээс болж эмнэлгийн зардлыг төлж чадахгүй гэртээ харих, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг гэнэ.
АРХИНЫ ХАЛУУНД ӨВЧНӨӨ МЭДРЭХГҮЙ СУУХ ХҮН ЦӨӨНГҮЙ БАЙЛАА
190 орчим өндөртэй 30 гаруй насны халамцуу эр саарал цамцаа цусанд будчихсан инээмсэглэсээр орж ирэв. Дагз хэсэгтээ цоорч мах нь гарч тасралтгүй хүрэн улаан цус урсах аж. Мөн дух хэсэг нь эвэртэй мэт булдруутай болсон байв. Инээсэн чигээрээ эмч дээр орж анхны тусламж авлаа. Боолтоо хийлгэж дуусаад тус эмнэлгийн дэргэдэх цагдаад тэмдэглүүлэхээр орсон. Цагдаа байцаахад тэрбээр орц руугаа орох гэж яваад хэдэн залуус шүлсээ хаяж согтууруулах ундаа хэрэглэж байхыг хараад шаардлага тавьж зодсон аж. Согтуу залуу цагдаад Би гурван залууг зодож үлдсэн нь намайг зодсон гэхдээ гомдолгүй гэж мэдээлэв. Энэ мэтчилэн олон шалтаг, шалтгаан тоочсон хэргүүд гардаг юм билээ. Ээлж дараагаа хүлээн суугаа гэмтсэн өвчтөн олон байв. Анхны тусламж үйлчилгээг гурван залуухан эмч үзүүлж байсан юм. Бид осолд орсон хүмүүстэй нүүр тулж айж балмагдаж байхад тэдний мэргэжлийн онцлог болоод ч тэр үү ер сандрахгүй юм. Монгол Улсын хэмжээнд ердөө ганц байдаг энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж очсон өвчтөнүүдэд орны хүрэлцээ хомс байдаг аж. 500 гаруй ортой хэдий ч энэ нь өвчтөнүүдэд хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Сүүлийн жилүүдэд гэмтэж бэртэх явдал их тохиолддог болсон тул ачааллаа дийлдэггүйгээ ч хэлж байв. Өдөрт нэг эмч 70-80 хүнд эмчилгээ хийж анхны тусламж үзүүлдэг юм билээ. Цаг хэвийж шөнө дунд болсон хэдий ч босч чадахгүй битүү боолттой, гэмтэж бэртсэн өвчтөнүүдийн ёолох дуу, жаахан хүүхдүүдийн уйлах чимээ эмнэлгийн хонгилоор цуурайтна. Энэ өдөр бага насны хүүхэд олон ирж байв. Тухайлбал, халуун цайнд түлэгдсэн, нохойд уруулсан, гэртээ тоглож байгаад гэмтсэн гэх мэтчилэн эцэг, эхийн хараа хяналт сул байснаас болоод хүүхдүүд гэмтдэг байна.
Гэттэл согог судлалын үндэсний төвийн гэттэл согог заслын их эмч Б.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танайд согтуу хүмүүс их ирдэг бололтой. Тэд голдуу зодооноос болж гэмтсэн байдаг уу?
Тиймээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хүмүүс их бэртдэг. Мөн авто осол, барилгын болон үйлдвэрлэлийн ослоос болж ихэвчлэн гэмтэж ирдэг.
-Баяр ёслолын үеэр эмнэлгийн ачаалал ихэсдэг гэсэн. Одоогийн байдлаар ачаалал хэр их байна вэ?
-Одоогоор хэвийн байдалтай байна. Тав дахь өдөр болон амралтын өдрүүдэд ачаалал эрс нэмэгддэг.
-Өвчтөнүүд дээд тал нь хэд хонох вэ. Төлбөр төлдөг үү?
-Өвчний хүнд, хөнгөн гэмтлээс шалтгаалж хэд хоног эмчлэхээ шийддэг. Ерөнхийдөө хүнд буюу хагалгаа хийлгэж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нь 10-20 хонодог бол хөнгөн гэмтэлтэйг нь шууд дүүрэг РҮҮ нь шилжүүлдэг. Зардал мөнгөний хувьд зураг авах, анхны тусламж үйлчилгээ мэдээж үнэ төлбөргүй. Харин ор хүрэлцээгүйгээс болоод илүү зардал гарах тохиолдол байдаг.
Тус эмнэлэгт 400 гаруй эмч ажилчид байдаг бөгөөд тэдгээрийн олонх нь залуус юм. Өглөө болоход тус эмнэлгийн хашаа хүн, машинаар дүүрдэг бөгөөд шархандаа шаналсан хүмүүсийн ёолох чимээ үл тасарна.
Ч.СУВДАА, П.ДАРИЙМАА