Хариуцлагагүй уул уурхайг халж, хүний эрхийг дээдлэх цаг айсуй
компаниуд үлийн цагаан оготно мэт үйл ажиллагаа явуулсаар урт хугацааг өнгөрөөлөө. Баялгийн хараал туссан манай улсад үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин гэж дурсаад ч хэрэггүй. Өнөөдрийн байдлаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явагдаагүй аймаг гэж байхгүй. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд л гэхэд уул уурхайн ашиглалтын лицензтэй 20 шахам компани үйл ажиллагаа явуулж тус сумын малчид бэлчээрлэх газаргүй болж, хүн малгүй нутгаасаа шахагдаж байгаа. Харин удаан хугацаанд хариуцлагын тогтолцоогүйгээс үүдсэн энэ бүхнийг шийдвэрлэх итгэлийн гэрэл сүүмэлзэж эхэллээ. Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх олон улсын бага хурал манай улсад өнгөрсөн хоёр өдрийн турш үргэлжиллээ. Уг хурлаар өнө удаан хугацаанд дураараа дургисан уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэн хүний эрх хохирч байгааг таслан зогсоох талаар хэлэлцсэн юм. Бага хуралд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас хохирсон малчид, иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын хүний эрхийн комиссын төлөөлөгч нар оролцов.
Энэ үеэр Засгийн газрын гурван сайд уг асуудалтай холбоотойгоор илтгэл тавьсан юм. Малчдын санал шүүмжлэл, мэргэжилтнүүдийн илтгэл, олон улсын чиг хандлагыг харгалзан уг бага хурлаас зөвлөмж гарах бөгөөд энэ зөвлөмжийн дагуу уул уурхайг тойрсон бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн НҮБ-ын Бизнес ба хүний хөгжил ажлын хэсэг Монголд 10 хоног ажиллаж байна. Уг ажлын хэсэг ирэх гуравдугаар сард манай улсын уул уурхайг тойрсон хүний эрхийн асуудлын талаар зөвлөмж гарган манай улсад ирүүлэх юм. Энэ ч утгаараа ут бага хурал үр дүнтэй чухал хурал болж байгааг Хүний эрхийн комиссын дарга-онцолж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ зөвлөмжийг биелүүлэх тал дээр хамгийн гол асуудалд хаа хаанаа анхаарах болно гэсэн юм. Бага хурлаас гарах зөвлөмжийн талаар түүнээс цөөн асуултанд хариулт авсан юм.
-Зөвлөмжийн агуулгыг товч танилцуулаач?
-Уул уурхайн ямар ч компани үйл ажиллагаа явуулахдаа хамгийн түрүүнд хүний эрх ашгийг хамгаалахад анхаарах ёстой. Жирийн ард түмэн нутгийн иргэдийн байр суурь чухал байрыг эзлэх ёстой. Ирэх оны гуравдугаар сард зөвлөмжийн хэрэгжилт хэр байгааг иргэн харах боломжтой юм. Зөвлөмжинд хамгийн эхлээд эрх зүйн орчинг бий болгох талаар Засгийн газарт хүргүүлж шийдвэр гаргуулах юм.
-Урт нэртэй хууль гараад хэрэгжихгүй өдийг хүрсэн байгаа. Уг зөвлөмжийн хэрэгжилт биелэгдэхгүй тохиолдол гаргахгүй байх тал дээр?
-Зөвлөмж биелүүлээгүй уул уурхайн компаниудыг шүүхээр шийдвэрлэх болно. Өөрөөр хэлбэл нэг юм хэлчихээд түүнийгээ хараад суугаад байж болохгүй. Дэлхийн жишиг ямар байдгийг бид дагаж мөрдөхийн тулд зөвлөмжийг гаргаж байна. Тэгэхлээр уг зөвлөмжөөр хууль эрх зүйн орчин нь бүрэн шийдвэрлэх учиртай. Тухайлбал, хүний амь нас хохирсон тохиолдолд нөхөн төлбөр ч төлдөггүй дүрэм одоо үйлчилж байна. Ямар ч байсан зөвлөмжинд хүний амийг үнэ цэнэгүйд тооцдог явдлыг арилгаж, хохирогчийн ар гэрт зүгээр уучлал гуйгаад өнгөрдөг байдлыг таслан зогсоох болно.
-Хариуцлагыг уул уурхайн компаниуд бүрэн хүлээх боломж бүрдэнэ гэсэн үг үү?
-Мэдээж. Тэгэхийн тулд л энэ зөвлөмжийг бид гаргаж байгаа юм. Ингэхийн тулд шинэ Засгийн газрын боддогоос эхлээд олон зүйлд өөрчлөлт оруулах юм.
-Ер нь ямар хариуцлага тооцно гэсэн үг вэ? Одоогоор уул уурхайн компаниуд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа шүү дээ?
-Хамгийн амархан нь хариуцлага алдаж, зөвлөмжийг зөрчсөн уул уурхайн компанийг хэчнээн ч мөнгө зарлагадсан байсан яв л гэж хэлнэ дээ.
Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас хохироод байгаа Сэлэнгэ, Өмнөговь зэрэг 10-аад аймгийн малчид, ард иргэд санал сэтгэгдлээ хэлсэн юм. Энэ үеэр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Т.Бат-Өлзийгийн саналыг сонссон юм.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хувьд уул уурхайн хор уршгаас үүдэн учраад байгаа хохирлын талаар товч яриач?
-Ууд уурхайн үйл ажиллагаа эхлээгүй байхад ан амьтан ургамал элбэгтэй байсан газар өнөөдөр юу ч үгүй хоосон болчихоод байна. Зээрийн сүрэг манай нутагт хамгийн элбэг байдаг. Гэтэл өнөөдөр уурхайнуудын орчмоор 20-иодхон тоологдох хэмжээнд хүрчээ. Зээр замын хажуугаар чих нь дүлийрэн, эргүүтсэн байдалтай үзэгдэх болсон.
-Ундны усны хувьд маш хүндрэлтэй байгаа гэсэн?
-Усны асуудлын хувьд Гурвантэс сумын өмнөд хэсэг буюу Өвөр ховх хэсэгт жалга болгон устай 100-гаад км үргэлжилдэг байсан. Гэтэл хүн малын гол усны ундарга болсон уг газар одоо ус үнэртэхээ байсан. Бэлчээрийн мал аж ахуй байх уу үгүй юу, малчид оршин тогтнох эсэх нь одоо эргэлзээтэй болчихоод байна. Малчид, ард иргэд хэрэглэх ундны усаа уул уурхайн компаниудад ашиглуулан өөрсдөө хатаж үхэн дээрээ тулаад байна. Нутгийн иргэд ундны усаа өөрсдөө хэрэглэх хууль эрхзүйн орчин яалт ч үгүй дутагдаад байгаа юм.
-Энэ талаар танай аймаг, сумын Засаг дарга нар ямар хариулт өгөх юм?
-Засаг дарга болохоор бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Холбогдох яам, Тамгын газраас өгсөн учраас яах ч аргагүй гэж хэлдэг. Бидэнд ямар ч хэл чимээгүйгээр лиценз олгогддог гэж хэлдэг. Тиймээс бид тэр хавийн засаг захиргаатай холбогдоод ямар ч үр дүнд хүрдэггүй л дээ.
-Уг бага хуралд оролцож байгаагийн хувьд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг хэлэлцэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Ашиглалтын олон лицензийг цэгцлэхийг хүсч байна. Мөн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эхлэхээс өмнө нутгийн иргэд, малчид, ард иргэдтэй уулзаж санал зөвлөмжийг сонсох хэрэгтэй байна. Бид энэ талаар уг хуралд санал сэтгэгдлээ хэлсэн. Олон улсын томоохон төлөөлөгчид ирж оролцож байгаа учраас энэ удаагийн хурлаас гарах зөвлөмж хүний эрхийг хамгаалах тал дээр нааштай шийдвэр гаргана гэж итгэж байна. Ер нь бол уул уурхайтай холбоотой хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг шийдвэрлүүлэх олон асуудал байна. Үүнээс би цөөхөн хэдийг дурдъя. Жишээлбэл, нийтийн эрх ашгийн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргах ганц байгууллага нь иргэний нийгмийн байгууллагууд байдаг.
Гэвч тэд эргээд заналхийлэлд өртөх тохиолдол маш их. Бас нэгэн асуудал нь малчдын эрх ашгийг хамгаалах нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох жишиг тогтоохыг хүсч байна. Иргэд уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж олон төрлөөр хохирдог. Гэвч нутгийн иргэдийн хохирлыг барагдуулах байгууллага байхгүй. Тухайлбал, хүн амиа алддаа гэхэд хүний амь ямар ч үнэ цэнгүй байна. Сүүлийн үед хамгийн их асуудал дагуулаад байгаа зүйл нь дээр хэлсэн ундны усны асуудал. Малчид ард иргэдийн ундны усыг төрийн тусгай хамгаалалтанд авмаар байна. Ингэж байж бид уух устайгаа үлдэнэ. Ингээгүй тохиолдолд уул уурхайн компаниудад ундны усаа алдаж, өөрсдөө хатаж үхэх дээрээ тулсан. Олон уурхай зэрэг үйл ажиллагаа явуулснаар малчид, араатан амьтад нутгаасаа шахагдаж байгаа. Тиймээс уурхайн үйл ажиллагаа явуулахыг нь бүрэн зогсоодоггүй юм аа гэхэд ядаж тэдний тоог цөөлөхийг хүсмээр байна.
Хүний эрхийг дээдэлж, уул уурхайн үйл ажиллагааг хяналттай болгохыг гол зорилгоо болгосон тус бага хурлаар төрийн бус байгууллага болон малчид ард иргэдийн саналыг сонсож, нэгтгэн дүгнэж өчигдөр үдээс хойш зөвлөмжөө гаргахаар болсон юм. Дээрх иргэдийн саналыг Хүний эрхийн комисс нэгтгэж дуусаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан хурлаа хийж батлах юм.
С.Мөнх-Од