Ж.Дугаржав 11 сая ам.долларын өртөгтэй утаагүй түлшний үйлдвэрүүд Улаанбаатарыг утаагүй болгоно
шинжилгээний ажил болон утаагүй түлш үйлдвэрлэх талаар ярилцлаа.
-Утаагүй түлшийг юугаар хийж болох вэ. Манайд түүхий эдийн нөөц хэр байдаг вэ?
-Утаагүй түлш маш олон төрөл байдаг. Тухайлбал, био гээд ургамлын гаралтай материалыг шахаж хийсэн түлш байна. Монгол улсад био түлшний түүхий эдийн нөөц байна. Хамгийн их нөөц нь сүрэл юм. Манай улс өнгөрсөн онд 430 орчим мянган тонн үр тариа хураасан. Үүнээс 340 гаруй мянган тонн сүрэл гарсан. Энэ сүрлийн тодорхой хэсгийг ашиглахад Монгол Улсын утаагүй түлшний хэрэгцээг хангах боломжтой. Мөн нүүрс элбэг учир үүнийг бусад төрлийн материалтай хольж хийх боломжтой. Бид ямар ямар түлш хийж болох талаар судалж, патент ч авсан байгаа.
-Судалгааны ажил ямар төвшинд байна. Ямар түлшинд патент авсан бэ?
-Халуун шахалтын аргаар гаргаж авсан үртсэн, сүрлэн, цаасан түлшиндээ патент авсан. Судалгаанаас үзэхэд эдгээр түлш нь илчлэг өндөр, бараг хүрэн нүүрсэнд дөхөж байгаа юм. Механик бат бөх үзүүлэлт нь маш өндөр байсан. Бат бөх чанар бол утаагүй түлшний гол үзүүлэлт. Тиймээс утаагүй түлшний чанарын шаардлагыг хангаж чадаж байгаа гэсэн үг. Янз бүрийн био холбогчтой түлш бас байна. Тухайлбал, үртсэн холбогчтой нүүрсэн шахмал түлш гэж бий. Үүнд Алагтогоогийн нүүрс 90 хувь, үрдэс 10 хувьд нь орж байгаа. Мөн сүрлэн, үрдсэн, цаасан холбогчтой шахмал түлшийг гаргаж ирсэн.Энэхүү түлшнүүд өндөр чанартай, нүүрснээс гаргасан учраас 4-6 мянган килокалори илчлэгтэй. Бат бөх чанар ч өндөр байгаа. Яагаад ийм чанартай байна гэхээр халуун шахалтын аргыг хэрэглэж, даралтыг янз бүрийн хувилбараар авч үзсэн. Эдгээр түлшний нийтдээ ес орчим загварыг боловсруулаад, гурван патент авсан.
-Нүүрсээр түлш хийх талаар судалж байгаа юу. Нүүрсийг яаж боловсруулснаар утаагүй түлш болох вэ?
-Дээд чанарын нүүрсэн түлш боловсруулах асуудал их ач холбогдолтой. Дээд чанарын нүүрсэн түлшийг чулуун ба хүрэн нүүрснээс гаргаж авдаг. Барьцалдуулагчаар нь чулуун нүүрсний давирхай, цардуул зэрэг бүтээгдэхүүн ашигладаг туршлага бий. Гэхдээ эдгээр барьцалдуулагчид олдоц муу, үнэтэй учраас манайд шууд аваад хэрэглэх бололцоогүй. Тиймээс өөрийн оронд тохирсон дээд чанарын нүүрсэн түлшний технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
-Хагас кокс, шигшсэн нүүрсийг утаагүй түлшинд ашиглана гэж байгаа. Энэ нь бидний түлж байгаа нүүрснээс юугаараа ялгаатай вэ?
-Хагас коксыг цаас, сүрэл холбогчтой хольж хийсэн загварыг гаргасан. Хагас кокс гэдэг бол нүүрсийг бодоход харьцангуй муу холбогддог материал. Энэ нь үнс ихтэй, асалт өндөр очдог. Тиймээс хагас коксыг амархан шатдаг цаас, үртэс зэрэг биоматериалтай хольж хийх хэрэгтэй. Энэ түлш өндөр чанартай байгаа юм. Ийм технологийг судлан, загваруудыг гаргасан. Харин шигшиж ангилсан хатуу бөх чанартай нүүрсийг түлвэл агаарын чанарыг бууруулахад дөхөмтэй. Ер нь шигшиж ангилсан нүүрс аргаа барсан үед утаагүй түлш хийх хамгийн зөв арга. Үүнийг АНУ, Оросын хамтарсан туршилт, судалгааны дүнгээр гарсан. Шигшиж ангилсан нүүрсийг зөв ангилж, түлш хийж чадвал утаа тортгийг хоёр дахин бууруулдаг. Нүүрсний шаталтад байдаг бинзолын төрлийг 3-7 дахин бууруулдаг гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр үүнийг хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Бид шигшиж ангилсан нүүрсийг гэрийн зууханд түлээд гарах хортой нэгдлүүдийг шинжилж үзэхэд нааштай үр дүн гарсан. Шигшиж ангилсан нүүрсний түлшинд Багануур, Шивээ-Овоо, Налайхын нүүрс тохиромжтой. Гэхдээ үүнийг сонгохдоо ширхэг, бөх чанартай хэсгийг нь авах хэрэгтэй. Утаагүй түлшний механик бат бөх чанар, ширхэглэлийн хэмжээ ихээхэн ач холбогдолтой байдаг учраас үүнд анхаарах хэрэгтэй.
-Өөр ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ. Үйлдвэр байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил хэр ахицтай байна вэ?
-Бид бас нэг ажил хийсэн нь шахмал түлшийг хүхэр баригч хольцтой шахмал түлшийг хийсэн. Хүхэр баригч хольцонд нь шохойг хэрэглэсэн. Үүнийг хэрэглэхэд шаталтын явцдаа хүхэр нь агаарт хаягдахгүй үнсэндээ үлддэг давуу талтай байна. Туршилтаа голдуу Алагтогоогийн нүүрс дээр хийсэн. Хүхэр баригчтай нүүрс, түүврийн нүүрсний үнсний хүхрийн агуулгыг үзэхэд хүхэр баригчтай түлшний 84 хувь нь үнсэндээ үлдэж байна гэж судалгаагаар гарсан. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах түлш хийх бас нэг нөөц бол энэхүү хүхэр баригчтай түлш юм. Эдгээр түлшийг амьдралд нэвтрүүлэхийн тулд үйлдвэр байгуулах ажлыг хоёр, гурван жилийн өмнөөс ярьсан. Үйлдвэрийн төслийн саналуудыг боловсруулсан байгаа. Тухайлбал, Түнхэлд үртсэн түлшний үйлдвэр, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгийн Цагаан нуур суманд сүрлэн түлшний үйлдвэр, Төв, Сэлэнгэ аймгуудад утаагүй түлш, тэжээл, бордооны үйлдвэр барихаар төлөвлөсөн. Мөн ангилсан нүүрсэн түлшний үйлдвэр, биохолбогчтой баяжуулсан нүүрсний шахмал түлшний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Мөн утаагүй түлшний судалгааны лаборатор байгуулах шаардлагатай байгаа.
-Эдгээр үйлдвэрийг хэзээ барих боломжтой вэ. Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?
-Ийм үйлдвэрүүдийг байгуулахад нийтдээ 11 сая ам.долларын өртөгтэй болох юм. Энэ нөхцөлд Монгол Улсад үйлдвэрлэх утаагүй цэвэр түлшний хэмжээ 260-310 орчим мянга тоннд хүрнэ. Эдгээр үйлдвэрүүдийг барьвал утаагүй түлшний асуудал шийдэгдэнэ. Энэ асуудлыг хоёр жилийн өмнөөс эхлээд тавьсан. Гэвч одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоогоор олон улсын банк манай төслийг дэмжиж, хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр үүнд хөрөнгөтэй, мөнгөтэй, сонирхолтой томоохон аж ахуйн нэгжүүд оролцох хэрэгтэй байна.
М.Ариунсувд