Улаанбаатарыг Хүн чулууны хонхор гэж нэрийддэг байжээ
Дөрвөн уулын дунд Алтан тэвш-ийн хөндийд байрлахаасаа өмнө их хүрээ маань 100 гаруй удаа нутаг сэлгэсэн түүхтэй. Одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд нийслэлийн маань анхны суурийг тавьсан гэдэг. 1778 онд их хүрээ хамгийн сүүлчийнхээ нүүдлийг хийж Сэрүүн сэлбийн дэнж, Алтан тэвш-ийн хөндийд суурьшжээ. Их хот маань Өргөө, Номын хүрээ, Их хүрээ,Нийслэл хүрээ гэсэн нэрээр нэрлэгдэж байсан бөгөөд1924 оноос Улаан-баатар нэрээр нэршсэн түүхтэй.
Хамгийн сүүлд бууриа зассан энэ хөндийд эртний түүхтэй хүн чулуу олноор байсан гэдэг. Тиймээс Улаанбаатар-ыг Хүн чулууны хонхор ч гэж нэрийддэг. Манай эриний XҮII зууны нүүдэлчдийн дугуй хүрээ маягаар төлөвлөгдсөн эсгий хот үе, үеэрээ өөрчлөгдөж эдүгээ алтан тэвшийн хөндий элгэндээ тээж байна. Их хотыг хүрээлсэн дөрвөн хайрхан их учиртай. Богдхан хайрханы ширээ хэлбэртэй оргилыг Алтан тэвш гэж нэрийддэг. Эл хайрханыг дээрээс нь харвал хэвтэж буй Хангарьдын дүрстэй гэдгээс улбаалан Хангарьдын одон бий болсон. Богдхан уулыг ан гөрөөндөө харам-гүй ч худал хуурмаг, бусармаг үйлдлийг өршөөдөггүй Анчин савдагтай ч гэх нь бий.
Энэ хайрханы оргил Цэцээ гүний ханан хадны өвөрт засч урласан сийлбэртэй чулуун довжоо, мөргөлийн уул баясгах ногоон, шар сүм байсан ажээ. Мөн хүрээ туг, шашны шар туг, цагаан, хар сүлдийг тахиж байх ухмал чулуун суурьтай монгол, манж, төвд хэлээр бичсэн чулуун багана байсан гэлцдэг. Харин Чингэлтэй хайрханыг ном судар тэвэрсэн, эрдэм номын хөх өвгөн сахиус савдагтай гэдэг. Энэ хайрханы энгэр бэлд сум хийд, дуган дацан байгуулагдаж байсан нь өвгөн багшийн суудалтай лам шинжийн уул гэдэгтэй холбоотой аж.
Хэнтий ханы салбар заан Тэрэлжийн уул нуруудын үргэлжлэл Туул гол уруу түрж тогтсон тогтоцтой уулыг Баянзүрх хайрхан гэдэг. Зүрх хэлбэртэй, цэрэг эрсэд ээлтэй хэмээх бөгөөд дээр үеэс Богдын торгон цэргүүд хар сүлдээ цэнгүүлдэг байсан аж. Хад цохио ихтэй гурван шовх оргил бол Сонгино хайрхан уул юм. Энэ хайрханыг хөх чоно хөлөглөсөн хөх өвгөн савдагтай догшин уул гэлцдэг. Хайрханы өвгөн савдагт хатуу үйлийг захиж наминчилахад түргэн бүтээдэг хэмээдгээс хүрээнийхэн идээний дээж сархадыг өргөдөг уламжлалтай. Зэрлэг сонгино ихтэй учраас энэ уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийджээ.
Б.АРИУНЗАЯА