М.Батсайхан Газрын алба иргэдэд нээлттэй, ил тод ажиллана
-Газрын албаны даргаар томилогдоод удаагүй байна. Ажлын анхны гараагаа хаанаас эхлэж байв?
-Би цагдаагийн байгууллагаас ажлаа эхэлсэн. Авлигатай тэмцэх газар, хуулийн байгууллагад 12 жил ажилласан. 2012 оны есдүгээр сарын 17-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар Газрын албаны даргаар томилогдон ажиллаж байна.
-Газрын асуудал олны анхаарлын төвд байдаг. Цаашид ажлаа юунаас эхэлж хийхээр төлөвлөж байна вэ?
-Шинээр ажлаа авснаас хойш ажилтайгаа шуурхай танилцаж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд нэлээд хуримтлагдсан байна. Тухайлбал, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэггүй дарагдуулдаг, чирэгдүүлдэг, удаадаг, хариу мэдэгддэггүй дутагдлууд харагдаж байна. Иргэдийг хүлээн авч сонсох, асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж байна. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж нийтийн эзэмшлийн зам талбай руу түрж орсон, зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж ашигласан гэх мэт зөрчил дутагдалтай газар эзэмшигч ашиглагч, иргэн хуулийн этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна.
-Сүүлийн үед зөвшөөрөлгүй газар олголтын талаар их яригдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээтэй газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг судлан санал боловсруулж холбогдох дээд байгуул-лага, Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулан холбогдох шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Мөн газрыг аж ахуйн зориулалтаар олгохдоо Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй олгосон, инженерийн шугам сүлжээтэй болон инженерийн шугам сүлжээнд холбогдох газруудад дүүргийн Засаг дарга нар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг асуудлуудыг шалгаж байгаа.
-Газрын алба иргэдтэй хэр хамтарч ажиллаж байна?
-Манай алба нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр болон шинэчлэгдэн хийгдэж буй зам шугам сүлжээний газрыг чөлөөлөх ажил хийж байгаа. Энэ чиглэлээр иргэдтэй харилцан зөвшилцөх замаар газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, эргээд иргэнээ хохироохгүйн үүднээс үнэлгээг аль болох зах зээлийн ханшаар тооцох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Тухайн газарт инженерийн шугам сүлжээ, зам тавигдсанаар газрын хэмжээ багасч байгаа боловч тухайн газрынх нь үнэ нэмэгдэж байгаа гэдгийг иргэд маань бас зөв ойлгож дэмжих хэрэгтэй байна.
-Газар эзэмшигч удаан хугацаанд газраа ашиглаагүй бол газрыг нь хураах уу?
-Газрын тухай хуульд газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцлөө удаа дараа ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх мэт зөрчил дутагдал гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгохоор заасан байдаг. Энэ тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээг цуцалж газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлдэг бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газрыг 90 хоногийн дотор чөлөөлж нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр хуульчил-сан байдаг юм. Дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу шат дараатай арга хэмжээг авдаг.
-Иргэн бүрийн 0.7 га газраа өмчлөөгүй иргэд олон байдаг. Тиймээс энэ газрыг хаана өмчлүүлж байгаа вэ?
-Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг НИТХ-аар баталсан нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох замаар шийдвэрлэдэг. Бид нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлаа эхлүүлээд явж байна. Одоо үүндээ иргэдийн саналыг хороодоор дамжуулан авч байгаа. Ингээд ирэх оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар батлуулсны дараа төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдсан газрыг иргэдэд өмчлүүлэх болно.
-Төрийн алба хүнд сурталтай байна хэмээн иргэд шүүмжилдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Цаашдаа төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, тэдний иргэдтэй харилцах харилцаанд анхаарах, иргэдэд мэдээллийг нээлттэй, ил тод болгох, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх тал дээр өндөр шаардлага тавьж ажиллана.
Ж.ГАНЦЭЦЭГ