Хууль зүйн яамны харьяа хоёр эмнэлгийг нэгтгэнэ
Энэ талаар болон ирэх дөрвөн жилийн хугацаанд Хууль зүйн яам ямар чиглэл баримталж ажиллах, ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр гарч байгаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг нураах гэж байна гэх мэдээлэл ташаа юм. Хил хамгаалах алба, цагдаа зэрэг үргэлж эрсдэлтэй үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад эмнэлгийн үйлчилгээ нэн чухал.
Тиймээс Хууль зүйн яамны харьяа Цэргийн төв госпитал, Төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлэг хоёрыг нэгтгэж, цогцолбор байгуулахаар төлөвлөсөн гэв.
Харин тус яам нь 2013-2014 онд шүүх, хууль, цагдаагийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хоёр том хуулийн үйлчилгээний байгууламж барих гэнэ. Ингэснээр ажил үүргийн давхардал арилж, үргүй зардлыг багасгана хэмээн үзэж байгаа аж.
Мөн үүнээс гадна эрүүгийн шүүх хуралдаан явуулах олон улсын стандартад нийцсэн барилга барихаар төлөвлөжээ.
Шүүх хуралдааны заалыг нэг давхарт, гэрч, хохирогчийг хамгаалах байр, шүүгч, хохирогч, гэрч, сэжигтний шүүх хуралдааны заал руу ордог таван хаалга, сэжигтнийг саатуулах байр, шүүхийн байрын хажууд прокурорын барилгыг барих зэргийг цогцоор нь шийдэх юм байна.