40 сургууль сурагчдаа автобусаар зөөнө

Хуралдаанд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Батжаргал, ЗЦГ-ын дэд дарга цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийсэн юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд нийслэлийн Цагдаагийн газар 159 сая, Замын цагдаагийн газар 140 сая төгрөгийг тус бүр авч урьдчилан сэргийлэх ажилд хэрэглэх шуурхай албаны авто машин тоног төхөөрөмж авчээ.

Харин нийслэлийн Прокурорын газар 300 сая төгрөг авсан байна. Нийслэлийн прокурорын барилга актлагдаж эргэн тойронд нь орон сууцнууд баригдсан тул өөр газар шинэ байртай болох шаардлага гарч Зөвлөлөөс авсан мөнгөөрөө шинэ байрныхаа засварын тавин хувьд ашигласан байна. Харин нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Б.Баттулга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг цаашид зориулалтаар нь зарцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад сануулж үүрэг болголоо.

НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, цогц арга хэмжээ хэрэгжүүлээд cap гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах, Сурагчдыг автобусаар тээвэрлэх мөн авто машиныг дугаарын ангилалтайгаар зорчуулах ажлыг ЗЦГ зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлыг зохион байгуулахад ЗЦГ-ын 240 ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Мөн хэв журмын 80 болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид амралтын өдрүүдэд зохицуулалт хийж байгаа юм. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн 150 ажилтан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гэрлэн дохио, гарцаар зам гаргах ажлыг зохицуулж байна.

Харин 40 сургуулийн 83 автобус сурагчдаа нэгдсэн журмаар тээвэрлэж, нэгдүгээр эгнээгээр зорчиж байна. Харин хүүхдийн автобусны тоо хангалтгүй байгааг ЗЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргал-сайхан хэллээ. Зогсоолын хувьд сургуулиуд хүүхдээ авах автобусны зогсоолынхоо саналыг өөрсдөө гаргаж өгсөн байна. Мөн таксийг нэгдүгээр эгнээгээр явуулах тухай яригдаж байсан. Улаанбаатар хотод таксины үйлчилгээ явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг байна. Тэдгээрээс шаардлага хангах аж ахуйн нэгж цөөхөн байгаа гэнэ. Учир нь шаардлага стандарт хангасан таксинуудыг явуулах юм байна. Нөгөө талаар таксины зогсоолыг нь шийдээгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар автомашины дугаарын хязгаарлалт хийсэн бүсэд таксины зогсоол бий болгох саналаа ЗЦГ ажлын хэсэгт өгчихсөн байгаа юм байна.

Замын ачааллыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг НИТХ-аар аравдугаар сарын 25-нд авч хэлэлцэх юм. Эдгээр арга хэмжээг авснаар Улаанбаатар хотод өдөрт 30 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцохгүй зогсч, замын ачаалал 20 хувиар буурсан мэдээлэл гарчээ. Энэхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг 80 хүртэл хувиар чөлөөлж төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн автомашины зогсоол болгох зохицуулалт хийгээд эхэлсэн. Гэвч үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүд гаднах талбайгаа чөлөөлөхгүй байгаа бөгөөд энэ ажилд идэвхи муутай хандаж байгаа аж.

Ж.ГАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button