Гарал үүслийн бичиггүй мал мах, мод тээвэрлэх зөрчил их байна

тодрууллаа.

-Гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, өсөлт, бууралт хэр байгаагаас ярилцлагаа эхлэх үү?

-Хэнтий аймгийн хэмжээнд 2012 оны эхний найман сарын байдлаар 996 сая 200 мянган төгрөгийн хохиролтой 344 эзэн холбогдогчтой эрүүгийн 442 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хэргээр буюу 4.5 хувиар буурсан. Гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 164 нь гэмтэж, гэмт хэргийн илрүүлэлт 65.5 хувьтай байна. Хэргийг төрлөөр нь авч үзвэл хүний амь нас хохирсон 12, үүнээс санаатайгаар бусдын амь насыг хохироосон 4, дээрмийн 7, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг 56, хүчингийн 6, ашиглалын 5, залилангийн 3, танхайрах 65, зам тээврийн 32, бусад төрлийн 29 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 114 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн нийгмийн байдал нь ямархуу байдаг, ер нь ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн бэ?

-Нийт гэмт хэргийн 46.4 хувь буюу 205 гэмт хэргийг өмчийн хулгай, үүнээс малын хулгай 143 бүртгэгдсэн нь хулгайн гэмт хэргийн 70-аад хувийг эзэлж байна. Нийтдээ 344 хүн гэмт хэрэгт холбогдсоноос 33 нь эмэгтэй, 14-16 насны 9 хүүхэд, 16-18 насны 10, нийт холбогдогчийн 161 нь 18-30 насны залуучууд байна. Нийгмийн байдлаар нь авч үзэхэд 204 буюу 60 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс болон, 57 малчин гэмт хэрэгт холбогдсон байна. Гарсан гэмт хэргүүдийн 37 буюу 8.3 нь гудамж талбайд, 35 буюу 7.9 нь олон нийтийн газарт, 29 буюу 6.5 нь албан газарт, 112 буюу 25.3 нь гэр орон сууцанд, 148 буюу 33.4 хувь нь бэлчээрт үйлдэгдсэн байсан.

-Эрх зүйн зөрчлийн хувьд?

-Захиргааны 9500 зөрчил илрүүлж, 8899 иргэнийг 72 сая 263 мянган төгрөгөөр торгож, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоод-сон, өөрийгөө удирдан авч явах чадваргүй зэрэг үндэслэлээр 1886 хүнийг эрүүлжүүлж, шүүгч болон Засаг даргын захирамжаар 250 иргэнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил илрүүлэн 351 жолоочийн жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн.

-Эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс нэлээд хувийг эзэлж байгаа юм байна. Тэгэхээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг ажилгүйдэлтэй холбон ойлгох уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Ер нь үйлдэгдэж байгаа дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байна гэсэн үзүүлэлт гарсан. Үүнээс үзэхэд ахуйн хүрээнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, хүмүүсийн төлөвшил, ёс суртахуун, гэр бүлийн орчин, хамт олон, найз нөхдийн харилцаа, архидан согтуурах явдал газар авч, ахуйн хүрээнд шилжиж байгаатай холбоотой. Энэ нь нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгодог. Бас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр иргэдийн оролцоо дутагдаж байна. Яагаад гэхээр гэмт хэргийн талаарх мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгддэггүйгээс гэмт этгээдийг өөгшүүлэх явдал их гардаг. Энэ нь хэрэг илрүүлэлтэд хүндрэл учруулдаг.

-Саяхан нэгдсэн шалгалт хийсэн байсан. Нийтлэг ямар зөрчил дутагдал илрэв?

-Цагдаагийн газраас 2012 оны есдүгээр сарын 19-ний өдөр нэгдсэн эргүүл шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн гэмт хэрэг, зөрчлүүдээс харахад гол төлөв гарал үүслийн гэрчилгээгүй мал мах болон хууль бус мод тээвэрлэх зөрчил илэрсэн. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээд байсан.

-Манай аймгийн хувьд малын хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг. Харин илрүүлэлтийн тал дээр хүндрэлтэй байдаг гэдэг?

-Түрүүнд хэлсэн болохоор тоо, хэмжээг дахин хэлэх хэрэггүй байх. Илрүүлэлтийн хувьд харьцангуй сайн байгаа. Манай Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Хурх тосгоны харьяат Ц.Ц, Ц.М, Ц.У, Ж.Ц нарын зохион байгуулалттайгаар үгсэн тохирч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг илрүүлсэн. Тэд бүлэглэн тээврийн дөрвөн хэрэгсэл ашиглан Өмнөдэлгэр сумын Талын булаг баг, Батширээт сумын Хурх баг болон Хурх тосгоны нутгаас 2007-2012 оны наймдугаар сар хүртэл 35 удаагийн үйлдлээр олон тооны бод, бог малыг хулгайлсан. Түүнийгээ төв суурин газар борлуулж, бусдад 47 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байсанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим холбогдох сэжигтэн, яллагдагч нарыг хорьж, саатуулсан.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр танайхаас ямар ажлууд хийж байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах тал дээр манайхаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ дагуу эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж, сургууль болон аж ахуйн нэгж байгууллагууд дээр цагдаагийн газрын албан хаагчид очиж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалтыг сайжруулах талаар яриа ухуулга хийдэг. Хэрлэн сумын ИТХ-аас 2011 оны наймдугаар сарын 31-ний өдөр аж ахуйн нэгж байгууллагыг телекамерын хяналтад авах тухай 32 дугаар тогтоолыг баталсан.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүднээс албан мэдэгдэл хүргүүлж байгаа боловч төдийлөн нийтийг хамарч чадахгүй байна. Одоогийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд 29 аж ахуйн нэг байгууллага өөрийн санхүүжилтээр телекамерын хяналттай болсон. Энэ тогтоолыг хэрэгжүүлж аж ахуйн нэгж байгууллагууд телекамерын хяналттай болох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон ажил болох юм.

-Цахим тоглоомноос болж хүүхдийн эрх зөрчигдөх асуудал багагүй гардаг тухай ярьдаг. Энэ тал дээр ямар анхаарал хандуулж байгаа вэ?

-Үйлчилгээний газар, зочид буудал, баар цэнгээний газар, цахим тоглоомны газруудад тавих хяналтыг сайжруулж, анхааруулж, хариуцлага тооцож, гэмт хэрэг гарахгүй байх талаар арга хэмжээ авах зэргээр бусад байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Цахим тоглоомын газруудад хийх хяналт шалгалтыг манай хүүхдийн албанаас тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа.

Ш.Одонтуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button