Н.Төгсцогтод олимпоос алт авах боломж байсан

Зарим хүн түүнийг боксын спортын төлөө төрсөн гэдэг юм билээ. Харин ярилцаж суухдаа зөвхөн бокс биш ер нь л спортын тэр тусмаа, тамирчдын төлөө төрж дээ хэмээн бодсон юм.

-Таныг Үндэсний олимпийн хорооны­хон­той нэг л таарамж муутай байгаа гэж сонслоо. Тэр тусмаа Лондоны олимпоос хойш?

-Таарамж муутай ч юу байх вэ. Урьд нь дарга нараа муулаад яах вэ гэдэг сэтгэлгээгээр яваад байлаа. Тэгсэн одоо ёстой арай ч дээ гэмээр болж байна. Өөрөөр хэлбэл, ажлаа хийхгүй байгаа хүмүүсийн тухай л ярьсан. Тамирчдыг спортын холбоодууд нь бэлтгэдэг. Зарим хүн мэддэггүй юм. Биеийн тамирын газар, Олимпийн хорооны дарга нар телевизээр Манай тэр тамирчин тэгсэн, ингэсэн гээд өөрсдөө бэлдсэн юм шиг ярихаар үзэгчид энэ нөхөр овоо ажил хийдэг юм байна гэсэн ойлголттой болчихдог.

Гэтэл үнэн хэрэгтээ спортын холбоод болон цалин багатай дасгалжуулагч, биеийн тамирын хорооны эмч, массажист нарын хэдэн хүн л баг болж ажилладаг.

-Чухам хэн ямар ажлаа хийхгүй байна гэж?

-Би боксын холбоонд удирдах ажил хийж байгаагийн хувьд 2012 оны олимп хүртэл Үндэсний олимпийн хорооноос манай холбоонд тоймтой тусалж, дэмжсэнийг мэдэхгүй байна. Тухайлбал, олимпийн эрх авсан тамирчдад Олон улсын олимпийн хорооноос мөнгө өгсөн юм билээ. Гэхдээ хэд гэдгийг нь мэдэхгүй л дээ.

-Хэмжээг нь мэдэхгүй байгаа хэрнээ өгснийг нь яаж мэдэв?

-Лондоны олимпийн үеэр тэнд байхад англи хэлтэй хүн Олон улсын олимпийн хорооны сайт руу орж үзээд хэлж өгсөн юм. Тэгээд би мэдээгүй юм байх гэж бодоод Боксын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энхээс Манай дөрвөн тамирчинд өгсөн юм уу гэж асуухад Үндэсний олимпийн хорооноос бидэнд ганц ч төгрөг өгөөгүй гэсэн.

-Бусад холбоодод өгсөн юм болов уу?

-Жүдогийнхон авсан гэсэн. Тэгэхээр миний хувьд эргэлзэж байгаа. Гэхдээ ямар ч байгууллага тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг тавьдаг. Тэгэхэд Боксын холбоонд зориулж ийм ажил хийлээ гэж би хувьдаа сонсоогүй, мэдээгүй.

-Ер нь тухайн улсаас олимпийн баг тамирчид гэхээр ямар хүмүүс явдаг юм бэ. Манай улсын тухайд тамирчин, дасгалжуулагч гэхээсээ илүү албаны хүн нь хэт олон байдаг?

-Саяхан болж өнгөрсөн Лондоны олимпоос л харахад ямар үүрэгтэй, ямар шалгуураар багт багтсан нь мэдэгдэхгүй олон хүн байсан. Мандат зүүчихсэн баахан хүн явж харагдсан. Энэ талаар олимпийн хорооныхон л тодорхой хариулах ёстой. Ер нь эхнэр, хүүхэд, ойр дотныхноо олимпод дагуулж явдаг нь нууц биш болсон шүү дээ. Чухам хэний, ямар хөрөнгөөр явдаг нь бас сонин.

Сүүлд паралимпийг харахад л таван тамирчин, албаны баахан нөхөртэй явсан. Хойшид шинэ яамныхан болон спортын байгууллагын удирдлагууд гадаадын тэм­цээнүүдэд хэдэн хүний зардал гаргах, хэн хэнийг явуулах гэдгийг маш нарийн судалж, тооцож, хяналттай гаргах хэрэгтэй шүү дээ.

-Таны ярианаас яг шаардлагатай хүмүүс нь олимпийн багт багтаж чадахгүй болохоор тамирчдын хувьд алдаа, оноо гардаг гэх өнгө аяс цухалзаж байна л даа?

-Өөр дээрээ жишээ аваад ярихад хэрвээ би олимпийн тосгонд байсан бол тамирчдынхаа жинг бариулах, өрсөлдөгчийнх нь тактикийг ярилцах зэргээр амжилт гаргахад нь давуу байдлаар нөлөөлж чадах байлаа.

-Олимпийн үеэр тамирчдадаа хэр анхаарал тавьдаг юм бол. Дасгал­жуулагч нар тамирчдын онооны төлөө маргадаггүй, анхаардаггүй гэх яриа байдаг шүү дээ?

-Манай боксынхны хувьд олимпоос ядаж ганц хүрэл авах юмсан гэсэн зорилго өвөрлөж очсон. Тэгтэл тамирчид мөнгө, хүрэл медаль авлаа. Гэхдээ хүний давруу зангаар бол Н.Төгсцогтод маань алт авах боломж байсан уу гэвэл байсан.

-Тэгээд яагаад, юунаас болоод чад­сангүй вэ?

-Олимпийн хаалтын өдөр байсан. Тэгээд ч бусад тамирчид хожигдчихсон, ганцхан хүн алтын төлөө өрсөлдөх байсан. Тэгэхэд олимпийн тосгонд баахан дарга нар байсан хэрнээ ганц хүндээ анхаарал тавьж чадаагүй.

Хоол унд, уух шингэнийг нь хүртэл зохицуулах ёстой. Тамирчин хүн жин их хассан тохиолдолд шингэн их хэрэглэснээс махан хоол идэхдээ муу байдаг. Сүүлд сонсож байхад Н.Төгсцогт маань хоол идэж чадахгүй хий огиод байсан гэсэн. Тоглолтоос өмнө хоол, унд, амралт зэргийг нь маш сайн зохицуулж, анхаарах хэрэгтэй байсан.

-Олимп дуусаад дараагийн олимпийн цикл эхэлдэг гэж ярьдаг. Эрх авсан тамирчид хэдий хэрийн бэлтгэл хийдэг юм бол?

-Энгийнээр тайлбарлах юм бол тамирчдын дунд тендер болдог гэж ойлгож болно. Хэн сайн бэлтгэл хийж, багшийнхаа үгэнд орж байна гэх зэргээр холбооны зүгээс шалгуур тавьж байж олимпийн эрх авах тэмцээнд оролцуулдаг.

Чухам хэр их ажилладаг вэ гэдгийг үгээр хэлэхийн аргагүй. Х.Баянмөнх аварга л гэхэд их спортоор хичээллэж байх үедээ 40-өөд тонн хөлс гаргасан гэдэг. Тэгэхэд хэдий бага хугацаа ч миний хувьд дундажлаад үзэхэд таван тонн хөлс гаргасан байх гэж боддог.

-Биеийн тамир, спортын газрыг яамны харьяанд өгч, даргаар нь Б.Наранбаатар очлоо. Хэр үр дүнтэй ажил, бас зөв томилгоо болсон бол?

-Энэ их зөв томилгоо. Жин хасч, спортынхны зовлон, жаргалыг өөрийн биеэр мэдэрсэн, өндөр зэрэглэлийн тамирчин дарга болсонд нь баяртай байна.

-Та олимпийн медальтнуудын хол­бооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажил­ладаг. Медальтнууд нэмэгдэхийн хэрээр өргөн хүрээтэй ажлууд хийх байх гэж харж байгаа хүн олон бий байх?

-Урьд нь 19 байсан бол одоо 24 медальтай боллоо. Олимпийн дараагаас медальтнуудаа мартах асуудал байдаг. Уг нь тухайн тамирчнаа алдаршуулах зорилгоор нутаг усанд нь нэрэмжит танхим, ордонтой болгоод хүүхдүүдийг багаас нь спортын хорхойтой, сонирхолтой бол­говол их зүгээр юм. Үүнийг Олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар хийх ёстой. Хийсэнгүй гээд хэлчихээр би муулсан болчихоод байдаг юм.

Саяхан манай олимпийн залуу медальтнууд уулзсан. Тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сан байгуулах тухай санал хэлж байна лээ. Үүнийг бодож, төлөвлөх хэрэгтэй. Юутай ч манай холбооныхон нисэхийн ойрол­цоо газар авсан. Тэндээ төсөл хэрэг­жүүлж, орон сууц бариулахаар төлөвлөөд байна.

-Олимпийн медальтнуудыг баахан байртай л гэж ойлгодог шүү дээ?

-Заавал энэ төсөлд хамрагд гэж шахахгүй л дээ. Тэдний амьдрал ахуй бүгдийнх нь боломжийн, сайхан, жигд гэвэл үгүй шүү дээ. Бидэн дундаас гурван ч хүн бурхан болчихсон. Мөн ХХ зуунд олимпийн медаль авсан хүмүүсийн амьдрал тийм ч сайнгүй. Хааяа таарахад андашгүй байдаг юм. Гэсэн ч амьдрал ахуй тийм, ийм гээд яваад байдаггүй.

-Хувийн клубүүд үндсэн зарчмаараа ажиллах боломж хэр байна?

-Хувийн клубүүдээс хамгийн сайн тамирчид төрдөг. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийг хар л даа. Тамирчдаа багаас нь бэлтгээд чадварлаг, сайн болоод ирэхээр нь улс нь ч тэр, томоохон багууд ч өндөр үнээр худалдаж авч байгаа биз дээ. Гэтэл манайд эсрэгээрээ сайн тамирчнаа шигшээ багт өг, тэгэхгүй бол хэн ч биш болно гээд авчихдаг. Аль ч спортын төрөлд ажиглагддаг. Тэгэхээр клубийн зарчмыг маш сайн хөгжүүлэх нь чухал.

-Гэсэн ч зөв голдрилдоо орох байх гээд л хүүхдүүдээ ирэх тэмцээнүүдэд бэлтгээд байна уу?

-Тийм ээ. Ер нь тамирчин хүн олон тэмцээнд орж байж амжилт гаргадаг. Манайхан энэ сарын сүүл, ирэх сарын эхээр МУГТ Р.Отгонбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний 30 жилийн ойд зориулсан тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа. Мөн гавьяат дасгалжуулагч Б.Ган­бат багшийн нэрэмжит тэмцээн зохион байгуулна. Түүнд бэлдэж байна.

Бид алдар цуугаа мандуулж явсан ахмад үеийнхнээ аль болох мартаж болохгүй. Тиймээс нэрэмжит тэмцээнүүдийг байнга зохион байгуулж байх болно.

Ж.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button