Би амьдралаас инээдтэй зүйлийг л олж харахыг хичээдэг
Тэгвэл тэрээр энэ удаа үзэгчиддээ Драмын театрын мэргэжлийн жүжигчдийн индрээс өгүүлэхүйн урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр болжээ. Түүний Бодоход инээдтэй шүү тоглолт энэ сарын 16, 17-нд болно. ОХУ-ын жүжигчин, элэглэгч Михайл Задарнов нийгмийн амьдрал дахь болж бүтэхгүй бүхнийг ёгтлон хэлж, элэглэл, хошигнол байдлаар үзэгчдэд хүргэдэг. Тэр арга барилаар зохиолч маань тоглолт хийхээр зориглосон нь энэ аж. Түүний тоглолтод дуучид, жүжигчид оролцохгүй. Зөвхөн зохиолч маань хоёр цагийн турш тайзыг эзэгнэж, таваас зургаан зохиол унших гэнэ. Тэрээр энэхүү тоглолтоо хийхийг олон жилийн өмнөөс бодож төлөвлөж явснаа хэлж байсан. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Таныг үзэгчид уянгын яруу найргийн төлөөлөл хэмээдэг. Харин энэ удаа хошин яриагаар үзэгчдэдээ баясгах нь дээ?
-Би олон жил үгээр ярих хошигнолыг сонирхсон хүн. Тиймээс энэ урлагийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Үүнийг өгүүлэх урлагийн төгс хэлбэр гэж үздэг юм. Энэ урлаг дэлхий дахинд урлаг болтлоо хөгжсөн ч манайд харьцангуй шинэлэг зүйл юм. Иймд дэлхийд хөгжсөн энэ урсгалыг монголд хөгжүүлэх хэрэгтэй байна. Улс төр, нийгмийн талаар миний үзэл бодолд инээдтэй санагдсан зүйлийг эхний удаа үзэгчиддээ хүргэнэ. Таваас зургаан зохиол ярина. Харин хүргэх хэлбэрүүд нь өөр, өөр. Жүжгийн зохиолч, уран бүтээлч хүний хувьд эмзэглэсэн бахархсан нийгмийн амьдралд өөр өөр өнцгөөс нь харсан зүйлүүд байдаг. Гэхдээ үүнийг зөвхөн яриад байхгүй. УДЭТ-т хийж байгаа учраас урлагаас өнөөдөр үзэгчид ямар шаардлага хүсч байна, түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө хичээх болно. Завсраар нь хөгжмийн завсарлагууд явна.
Энэ урлагийг ард түмэн тодорхой хэмжээгээр хөгжүүлж ирсэн. Харин миний хувьд анх удаа хийж байгаа учраас үзэгчдээ хараасай, миний бодож байгаа зүйл энэ юм шүү гэдгийг ард түмэнтэйгээ хуваалцахыг гол зорилгоо болгож байгаа. Энэ урлаг цааш хөгжөөд олон сайхан залуучууд хийгээд явбал боломж их байна. Утга зохиолыг өгүүлдэг том төрөл юм. Тийм учраас монголын үзэгчдийг үүнийг ойлгох хэмжээний оюунлаг гэж бодож байгаа. Энэ тоглолтыг хошин урлагийнхан зохиолчид их сонирхож байна.
Хошин зохиол бичдэг олон хүмүүс сонирхож өөрсдийнхөө сэтгэгдлийг ярьж, баяр талархал дэвшүүлж байна. Хошин урлагийн жүжигчид энэ хэрэгтэй төрөл шүү, та л үүнийг нээж хийж чадна гэж хэлж намайг улам бүр хөглөж хөөргөж байгаа. Энэ урлаг драмд их ойрхон урлаг. Тиймээс үзэгчийн тоо хөөцөлдөж болдоггүй. Зарим газар 200,300 хүнтэй хийдэг. Хятад улсад 250-хан хүнтэй тасалбар нь 3000 мянган юань байдаг. Тийм учраас би энэ тоглолтоос ашиг олохыг хүсээгүй. Хамгийн гол нь өөрийн олон жилийн өмнөөс хийхийг мөрөөдөж байсан ажлаа хүнд хүргэчих юмсан гэж бодож байна. Хошин урлагийн төрлөөс тэс өөр. Хошин урлагийн тоглолтоос үзэгчид тэр жүжигчин ямар дүр бүтээх вэ гэж очдог бол энэ урлагийн төрлөөс юу өгүүлж буйг нь сонсдогоороо ялгаатай.
-Таныг хэдэн жилийн өмнө ганц хүний театр байгуулж жүжиг тавьж, өөрөө гол дүрд нь тоглож байсныг санаж байна?
-Би 2007 онд ганц хүний жүжиг тавьж ДБЭТ-т хоёр удаа тоглож байлаа. МУГЖ Ё.Цогоо гуай хамтарч гол дүрд нь өөрөө тоглоход хүмүүс сайн хүлээж авсан. Энэ төрлөөр ажиллаж байгаагаа энэ урлагийг хөгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл сурч мэдсэн зүйлээ гаргая гэж бодсон юм. Хоёр цаг ганцаараа ярина гэдэг маш их ядарна. Зарим хүмүүс зохиолч нараар тоглож цаашлуулаад байгаа юм уу гэж боддог тал бий. Ихэнхдээ намайг хүмүүс морь ярьдаг, ээжийн тухай уянгын шүлэг уншдаг гэж ойлгоод байгаа юм. Би өмнө хошин урлагийг их хийдэг байсан. Төрийн хошой шагналт, СГЗ, зохиолч Д.Намдаг агсан Хонгор зул нэртэй анхны хошин театр байгуулаад намайг оюутан байхад түүндээ урьж оролцуулж байсан юм. 1976 онд монголын анхны хошин урлагийг хийж байхад миний бие алдартай жүжигчидтэй хошин шог уншиж байлаа. Бас оюутан байхдаа дандаа хошин өгүүллүүд уншиж инээдмийн баяруудад оролцдог байсан. Тийм учраас энэ урлаг надад их ойрхон байдаг юм.
-Хоёр цаг жүжиглэлгүй, зөвхөн үгээр хүнийг инээлгэнэ гэдэг тийм амар зүйл биш байх?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд сургуульд байхдаа шог хошин шог зохиолоор бүх ард түмний урлагийн үзлэгийн медаль хүртэж байлаа. Мөн залуудаа элэглэл их хийдэг байсан. Үүнийг 1970-аад оны оюутнууд мэднэ. Энэ бүхнээс жаахан юм үлдсэн юм болов уу ч гэж бодож байна. Мэдээж би тоглолт дээр нэг их жүжиглээд байхгүй. Гэхдээ л надаас олон зүйл шаардана. Зарим хүмүүс танаас инээд гарах уу гэж асуугаад байгаа. Миний хувьд нийгмийн амьдрал дундаас дандаа инээдтэй зүйлийг харж явдаг. Ер нь зохиолч хүн, сэтгүүлч хүн хараа өндөр байхгүй бол яаж юм бичих юм бэ! Зайлшгүй сэтгэлгээ байх ёстой. Би Монгол телевизэд 30 гаруй жил ажиллахдаа хоёр удаа хамт олны хурлаар дарга нараа шоолсон хэргээр орж байсан. Дарга нар чи мэргэн цэцнээ нэвтрүүлэгтээ гарга гэдэг ч үе байлаа. Ер нь бидний амьдрал халуун дулаан инээдэн дунд явдаг шүү дээ. Тэгээд ч манай ард түмэн инээдэнд дуртай. Ухаантай инээдийг сонсоно, түүнд ойлгогдохгүй зүйл байхгүй.
Сонссоны дараа нээрээ л тэрийг хэлж байгаа юм байна гэж бодогдохоор. Хөнгөхөн ч юмнууд бий, жаахан хүндхэн ч юмнууд бий. Зарим хүмүүс энэ шинэ төрөл биш, урьд нь ийм зүйл хийж байсан л гэх байх. Гэхдээ яг цогц болгоод бие даагаад хийсэн тохиолдол ховор. Тоглолт, үдэшлэг, шоуны хэмжээнд явж ирснээс биш яг бүрэн бүтнээр нь цогц урлаг болгож байгаагүй. Хэрэв би энэ тоглолтыг сайн болвол цаашид хөгжүүлээд явна гэж бодож байгаа. Тухайлбал би эмэгтэйчүүдийн баяраар Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй гэж бүтэн гурван цаг уйлтал дуултал ярьж чадна. Зөвхөн 17, 18 настай охидуудад хайр сэтгэлийн тухай хаалттай лекц уншиж чадна. 201 Зонд зөвхөн ерөнхийлөгчийн тухай хоёр цаг лекц уншиж чадна. Зүрх сэтгэлд байгаа улс төрийн талын зүйлээ л хошигноно.
-Энэ тоглолтыг та зохиолч нараас хамгийн түрүүнд хийж байна. Тэгэхээр зохиолчид эндээс санаа авч энэ урлаг цаашдаа монголд хөгжих үндэс суурь болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Би Хариулахгүй байж болно нэвтрүүлэг зургаан жил хийсэн. Харин 2012 онд иргэний нийтлэлийн чиглэлийн шинэ нэвтрүүлэг явуулж байгаа. Би цээжнээсээ ярихгүй, номоо харж байгаад ярина. Харин маш хүчтэй жүжиглэхийг жүжигчид хийх ёстой. Хүссэн хүсээгүй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг зохиолч нар хийдэг. Үүнийг бусад улс орны зохиолчид их хийдэг. юм. Нэг бодлын зохиолч нарыг сонсох үдэш болох юм. Ер нь үүнийг шүүрч аваад хийх хүн монголд олон бий. Ялангуяа би зохиолчдыг их хийгээсэй гэж боддог. Гэвч манайд хошин зохиол бичиж байгаа зохиолчид ховор. Жүжиг бичиж байгаа хүн гарын таван хуруунд багтаж байна. Уг нь хошин зохиол бичиж байгаа залуучуудын хийх ёстой ажил. Энэ тоглолтоороо энэ урлагийг зөв голдиролд нь оруулаад үзэгчдээс 50 хувийн зөв санал авчихвал болох нь тэр. Тэгвэл би цаашдаа урам зориг ороод олон сайхан хүмүүстэй хамтран хийх болно.
Гүрээ ахын маань хүсч мөрөөдсөн цаг мөч нь ирлээ
Бодоход инээдтэй шүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа Жи-Интертайментын захирал М.Ганболд
-Гүрээ ах уянгын яруу найргаараа манайд хүлээн зөвшөөрөгдсөн яруу найрагч юм. Мөн шилдэг хошин уран бүтээлчдийн тоглолтонд тэргүүн байр эзэлж байсан. Зарим бүтээлээ инээдмийн төрөл жанраар туурвидаг. Ингэж өөрийнхөө дотоод ертөнцөөр бүтээл туурвиж буй хугацаандаа бодсон олон жилийн хүсэл мөрөөдлөө олон нийтдээ хүргэж байгаа нь сайхан хэрэг юм. Хошин урлаг учиртай юм билээ. Дөнгөж шинээр ирсэн залуу жүжигчин хийхэд хүмүүс хүлээж авдаггүй. Өөрөө зохионо, өөрөө ярина тийм амаргүй урлаг шүү дээ. Тийм учраас Гүрээ ахын маань хүсч мөрөөдсөн цаг мөч нь өнөөдөр ирлээ гэж ойлгож болно.
Д.НЭРГҮЙ