Ц.Баярмаа Хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлчихвэл хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх шаардлагагүй

шинжлэх ухааны хөгжлийн түвшин, гадаадын хөгжилтэй орнуудын туршилт, Ололт нээлтийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтанд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Золжаргал болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн эрдэмтэн багш оролцсон юм. Эрдэмтэд лабораторид туршаад үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологи, туршилт байгааг танилцуулангаа Монгол Улсын Засгийн газар эрдэмтдийг дэмжиж байсан түүх байхгүй, үргэлж гадаадын төсөл хөтөлбөрт хандаж, тусламж авдаг, санхүүгийн дэмжлэг байхгүй хэцүү байна гэх мэт зовлонгоо тоочоод ч амжсан.

Харин ҮХАА-н сайд Х.Баттулга Одоо гомдлоо зогсоо. Энэ Засгийн газар үйлдвэрлэлд ач холбогдол өгөөд аж үйлдвэрийн яам байгуулчихсан, та бүхэн тэр яаманд нь ирчихээд байна. Тийм учраас ажил хийгдэх нь тодорхой. Харин тэр ажилд хэрхэн, яаж оролцох вэ гэдгээ ярилцъя гэсэн саналыг эрдэмтдэд тавьж байгаа дуулдсан. Мэр сайд, онол, үйлдвэрлэл, эрдэмтдийн харилцан уялдаагүй үйл ажиллагаанаас болж хэчнээн их хэмнэлт хийх боломжийг алдаж буйг ч анхааруулаад авсан. Түүнчлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой шинэ санаа, санаачилга, технологийг лабораторид туршсаны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн өмнө туршилтын үйлдвэрт заавал хэрэглэж дахин туршдаг дэлхий нийтийн жишгийг манай улс хэрэгжүүлдэггүй, туршилтын үйлдвэр байгуулах боломж байдаггүй гэдэг дээр тэдний санал нэгдсэн. Үүнийг шийдвэрлэж, туршилтын үйлдвэрүүд байгуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох талаар ч мөн ярилцсан билээ.

Уулзалтын үеэр тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай уулзаж ярилцлаа.

-Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажилладаггүйгээс болж, бид их олон юман дээр алджээ гэдэг нь ил болчихлоо. Харин танай салбарын сайд энэ асуудал дээр нэлээд анхааралтай ажиллаж байх шиг байна. Ингэж дүгнэхийн учир өнөөдөр энд цугласан эрдэмтэд, тэдний үзэл бодол, хэлж буй үгнээс илт анзаарагдаж байна л даа?

-Үнэхээр өнөөдөр урьд өмнө өөрсдийнхөө асуудлыг тавьж байгаагүй олон газраас төлөөлөл ирлээ. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгийнхэн… Олон зүйл ярьж, дэмжлэг хүсч байна. Гэхдээ эрдэмтдийн зөвлөлтэй хамтран тэдний судалгаа, туршилтан дээр тулгуурлан хийх ажил гэдэг ч юм уу тусгайлан төсөвт тусгасан юм байхгүй л дээ. Товчхондоо манай төсөвт тусгагдаагүй байсан асуудал их хөндөгдөж байна. Мэдээж бид эрдэмтдийнхээ дэвшүүлж буй санал санаачилгыг судалж үзнэ. Үнэхээр бид өөрсдийн дотоод боломжид тулгуурлан хөнгөн үйлдвэрийн салбарт ахиц дэвшил гаргах боломж байна. Дор хаяж л хаягдал модыг ашиглах.. Хаягдал модоороо барилгын материал болох хавтан үйлдвэрлэхээс гадна шахмал түлш бэлдэх боломж бий. Эхний ээлжинд бид нэлээн хэдэн туршилтын маягийн үйлдвэр байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусгачихаад явж байна. Мөн арьс ширний лабораторитой холбоотойгоор шинэ суурьшлын бүсийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Нэг үгээр хэлбэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж Эмээлтийн түүхий эдийн баазад түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулах юм. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ нь гараад явж байна. Ер нь ярих юм бол асуудал маш их байгаа.

-Үйлдвэржилт шиг хэрэгтэй юм байхгүй гэж хэн хүнгүй л ярьдаг мөртлөө хуучин нийгмийн үед байсан хэдийгээ хаачихаад хамаг юмаа гаднаас аваад л сууж байгаа шүү дээ, монголчууд бид?

-Монгол Улсад үнэхээр үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх цаг нь болсон. Алийн болгон ашигт малтмал, уул уурхайд түшиглэсэн эдийн засагт найдаж, түшиглэж явах юм бэ. Аль ч өнцгөөс нь харсан улс эх орны маань хөгжил, цаашдын ирээдүйд үйлдвэрлэл нэн чухал. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манай улсад маш олон талын ашигтай гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа учраас Засгийн газар ч гэсэн энэ асуудал дээр их анхаарч ажиллаж байгаа. Тэр ч утгаараа манай боловсруулсан асуудлуудыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Дашрамд дуулгахад бид ирэх хагас сайн өдөр буюу 10 дугаар сарын 20-нд Үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн гэж том арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай л даа.

-Уламжлал болгон зохион байгуулдаг гэлээ. Гэхдээ энэ жилийнх нь бусдаасаа ямар онцлог, давуу талтай юм бэ?

-Энэ жилийн зөвлөгөөнийг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Анхан шатны зохион байгуулалтууд нь дандаа салбарынхаа холбоодын түвшинд хийгдсэн. Ноос ноолуур, арьс шир, мод, хүнс гээд Монгол Улсын хэмжээний бүх үйлдвэрийн бодлогыг базаад үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлох юм. Бодлогодоо тодорхой хэмжээний шинэчилсэн саналуудыг тусгахаар төлөвлөж байна. Тэгээд ч манай улсад төрийн зарим нэг чиг үүргийг төрийн бус байгууллагууд гэрээгээр гүйцэтгэж болно гэсэн хууль бий. Одоо яг энэ хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирж байна. Төрийн бус байгууллагууд маань нэлээд чадавхжиж, хүмүүсийн боловсрол ч дээшилсэн байна. Тэр утгаараа төрийн бус байгууллагууд чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Яагаад гэвэл Монгол Улсад улсын үйлдвэр ховор, Ихэнх нь хувийн, эздийнх байдаг.

Хувийн хэвшлийнхэн маань эвлэлдэн нэгдээд холбоо байгуулчихлаа. Нэг мэргэжлээр гэхэд л маш олон төрлийн холбоо байдаг. Тухайлбал, дизайнерууд анхан шатны түүхий эд бэлтгэгчид, инженер техникчид эсвэл үйлдвэрлэл хүнс, түүнчлэн эцсийн бүтээгдэхүүн хийдэг оёдолчдын холбоо гэж байна. Энэ бүгдийг нэгтгэж байгаад тухайн салбарт… Тухайлбал, арьс шир гэхэд нэг л нэгдсэн холбоотой болж, бодлогоо нэгтгэх юм байна гэж ойлгож болно. Мэдээж нэгдсэн холбооны доор салбарын мэргэжлийн чиглэлийн холбоод нь ажиллана. Нэг ёсондоо Монгол Улсад тухайн салбар хэрхэн ямар бодлогоор хөгжих юм бэ гэсэн концепцийг нь боловсруулж байгаа гэж ойлгож болно. Хоёр дахь шатны хурал дээр нэгтгэхдээ Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэгчдийн хөтөлбөрт ямар ухагдахуунаар тусгагдах гэдэг талаас нь нэгтгээд нэг системээр явах боломжтойг нь харж тэр чиглэл рүүгээ явж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт гэхэд л пластикийн чиглэлээр хөгжих боломж өндөр.

Тиймээс энэ талынх нь асуудалд түлхүү анхаарал тавиад гурав дахь шатны хурал буюу 20-ны өдрийн хурал дээр хөнгөн хүнд, хүнс, химийн үйлдвэрүүдийн хөгжлийн концепцийг гаргаж тавих гэж байна. Засгийн газарт болоод Монгол Улсынхаа ард иргэдэд Монгол Улсын энэ чиглэлийн үйлдвэрүүд яг ийм бодлогоор хөгжих нь ээ, энэ бол бидний бодлого юм шүү гээд дороос нь өөрсдөө санаачилж гаргаж ирсэн асуудлуудыг нь яаман дээр нэгтгэх гэж байна л даа. Энэ бүхнийг зохион байгуулж буй нь нөгөө талаараа төр зохицуулах үүргээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа явдал. Бид энэ хэлбэрийг анх удаа гаргаж тавих гэж байна. Уулзалт, зөвлөгөөний маань ач холбогдол ч үүнд л оршино. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн асуудлыг тавьж, холбогдох яамдаас саналаа аваад явж байгаа. Асуудлууд шийдэгдээд, энэ концепциуд бүгдээрээ батлагдаж, Монгол Улсын үйлдвэржилтийн хөгжлийн хөтөлбөр мань шинэчилсэн хэлбэрээр гарч ирэх юм бол Монгол Улсад үйлдвэржих процесс нэлээд түргэн бодитой хэрэгжих юм. Товчхондоо, мөрөөдлийн биш бодит үйл ажиллагаа явах болов уу гэж найдаж байгаа.

-Түрүүн ярьж байсан л даа. Шинэ биш гэсэн гаднаас оруулж ирсэн л бол заавал туршилт хийгдэх ёстой гэж… Өөрөөр хэлбэл, нэг шинэ дамжлага нэмэгдчихлээ. Ингэхэд заавал туршилтаар оруулах хэрэг байна уу. Тэртээ тэргүй тухайн улс орондоо хангалттай судлагдаад туршигдсан зүйл л байгаа шүү дээ?

-Жижиг хэрэглэл ч юм уу хийж байгаад том үйлдвэрлэл рүү ороод ирдэг. Ийм тохиолдолд ямар нэг эрсдэл гарвал маш том хэмжээний эрсдэл үүрнэ шүү дээ. Туршилтын үйлдвэр гэдэг маань нэг их том хэмжээтэй байдаггүй. Туршилтын үйлдвэрийн талаар эрдэмтэд ярьж байна лээ. Тухайлбал нэг эрдэмтэн, бид нар шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Түүгээр ч барахгүй шахмал бордоо ч үйлдвэрлэх боломж бийг судалгаа шинжилгээгээр туршаад тогтоочихсон гэж байна билээ. Өөрөөр хэлбэл, нэг зүйлээр хэд хэдэн зүйлийг хийх боломж байдаг. Тэгэхээр туршилтын үйлдвэр байгуулсан ч цаашдаа хэрэгцээгүй болно гэж эмээх шаардлагагүй. Үйлдвэрлэл хэрэгжээд явахад туршилтын үйлдвэрээ бид сургалтанд ашиглаж болно, мөн дараа дараагийн эрдэм шинжилгээний ажилд ашиглаж болно шүү дээ. Нэг үйлдвэр байгуулаад л дараа нь болчихлоо гээд хэрэгцээгүй болгох шаардлага огт байхгүй. Угаасаа л дахин дахин ашиглах боломжтой ш дээ, үйлдвэрийг…

-Туршилтын үйлдвэр байгуул гэх шаардлага маань гол нь эрсдэлээс сэргийлэх аргачлал юм байна, тийм үү?

-Тийм. Мэдээж бид маш том том үйлдвэрүүд барихгүй. Ихэнхдээ хөнгөн үйлдвэрүүд барина. Хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар, орон нутгийнхаа онцлог, түүхий эдийн нөөц, хүн хүчний бололцоог харж байгаад байршлуудаа тодорхойлоод гаргаж байгаа. Ирэх долоо хоногт болох хоёрдугаар зөвлөгөөн дээр байршилтай үйлдвэрийнхээ хөгжлийг зарлах болно.

-Түүнээс гадна Сайншанд цогцолборын судалгааны ажилтай танилцсан эрдэмтэд тааруу дүн тавьсан байсан. Бэхтээл группийнхэн үйлдвэрт хэрэглэх усаа тооцоолоод ахуйн хэрэглээг нь орхичихсон байсан гэсэн. Хүн ажиллах газар уух усгүй бол амбан явахгүй нь дээ. Асуудал ямар шатандаа яваа бол?

-Наадах чинь миний хариуцсан ажил биш. Энэ асуудлыг хүнд үйлдвэрийн газрын дарга Баянмөнх мэдэх байх. Бид нар Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглүүлээд хөнгөн үйлдвэр нэлээд хэдийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж тэнд ажиллах ажилчдаас гадна ар гэрийнхэн нь бусад үйлчилгээ гээд хүн ам олноор суурьшина. Тэдэнд зориулсан хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн өмнө нь хийгдэж байгаагүй хаягдал боловсруулах болон хуванцрын үйлдвэр байгуулж хэрэгжүүлэхээр төсөл хийгээд эхэлчихсэн явж байна. Угаасаа уламжлалт гэгддэг малын гаралтай түүхий эдээр бэлтгэдэг үйлдвэрээс гадна Монголдоо түүхий эд нь байдаг салбаруудаа давхар хөгжүүлэхгүй бол монголчуудад өнөөдөр өөрсдөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн их ховор байна ш дээ.

Ядаж өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрч, нэмүү өртөг бүтээгээд явбал их хэрэгтэй. Тэгэхгүйгээр түүхий эдээ хямдхан гадагш нь гаргадаг, эргээд нэмүү өртөг шингэсэн өндөр үнээр худалдаж авдаг байдал улс орны эдийн засаг төдийгүй ард түмний нуруун дээр их хүнд ачаа, дарамт болж буудаг. Хэрвээ бид үйлдвэрлэлээ хөгжүүлээд авбал аюулгүй байдлаас эхлүүлээд стратегийн ач холбогдол нь өндөр болоод л ирнэ. Цаашлаад олон хүний ажлын байр, амьдрал, нийгмийн асуудлыг хамтад нь шийдээд явчих боломжтой байгаа юм. Тэр тохиолдолд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлээд байх шаардлагагүй болно. Эх орноо хөгжүүлж, сурсан мэдсэнээ ашиглах цаг нь болж байна гэсэн байдлаар уриалан дуудах ажлыг ч хийнэ гэж бодож байгаа.

З.Урансүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button