Н.Энхбаярын шинэчлэл ба түүний төгсгөл
Эрхэмүүд ээ, өнгөрсөн хойно одоо анализ хийх өмнө нь анализ хийх газар тэнгэр хоёр шиг ялгаатай байдаг юм. Ухаандаа ийм анализ хийгээд би намын даргын нэр хүндэд халдсан учир МАН-аас хөөгдөж байлаа. Ингээд Монголын мэдээ сонины 2004 оны 7 дугаар сарын 15-ны № 138 дугаарт нийтлүүлсэн өгүүллийнхээ хэсгээс дахин толилуулж байна. Тэр үед нам нь ч, төр нь ч, ард түмэн нь ч тэр бүгдээрээ намайг хуц л гэсэн ш дээ. Тэр үед системийн хэмжээний ийм дүгнэлт хийж чадсандаа би баярлаж байна. Одоо ч гэсэн энэ дүгнэлтийнхээ цэг таслалаас ч буцах сонирхол алга. Даанч тэр үед бүгдээрээ намайг шизо-той гээд гудамжинд хаясан л даа. Аль 1998 оноос хийсэн системийн хямралын санаа маань энхбаяризмд гишгүүлээд одоо хүрч байгааг хийгээд онолын дүгнэлт хуучирдаггүй гэдгийг олон жилийн дараа ойлговол сайн л байна. Тэр үед миний үгийг авсан бол Үндэсний удирдагч-ийн чинь хөл гозойхгүй л байсан байх
УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан нь одоо нэгэнт тодорхой боллоо. Энэ нь МАХН-д хийсэн Н.Энхбаярын шинэчлэлийн хүрсэн болон хүрч болох үр дүн болж байна. Мөн энэ ялагдал нь Эх оронАрдчилал эвслийн нарийн бодлоготой, алсуур бодсон зохион байгуулалтат үйл ажиллагааны үр дүн огтоос биш. Харин МАХН-ын асар том боловч үйл хөдлөлөө засварлах, өөрийгөө удирдах чадвараа бүрэн гээсэн сул дорой машин, түүнийг удирдсан цөөн тооны хүмүүсийн сүүлийн жилүүдэд явуулсан харалган бодлого сүйрсний үр дүн юм.
1996 онд МАХН-ыг ялагдуулсан улс төр-бизнесийн бүлэглэл намын эрх мэдлийг хуйвалдаанаар олж авсан юм. Бие даасан нам байгуулах оролдлого хийх, салан тусгаарлахаар сүрдүүлэх, намыг залуужуулах нэрээр залуучуудын дайрагч отрядуудыг нууцаар бэлтгэж турхирах, намыг шинэчлэх лоозон дэвшүүлэх, нутаг нугын бүлэглэл үүсгэх, цуурхал дэгдээх, луйвардах зэрэг хамгийн адгийн аргуудыг тэд хэрэглэсэн юм.
Тэд МАХН-ын бэлэгдлийн таван хошууг сарнай болгосон, намын далбааг өөрчилсөн, Социнтернд сүржигнэж сүржигнэж элссэн зэрэг өнгө будгийн өөрчлөлт л хийж чадав. Намын байгуулалтын салбарт өөр эерэг зүйл хийснийг би л лав санахгүй байна. Хэрэв хэн нэгэн хүн Н.Энхбаяр МАХН-д үүнээс өөр эерэг шинэ зүйл хийсэн гэж сануулбал би тэр хүнд маш их баярлах байна.
Харин олон жилийн системт судалгаанаас үзэхэд МАХН-ын дараах үнэт зүйлс, зарчмуудыг хөнөөн устгажээ.
1. МАХН-ын дотоод ардчилал бүрмөсөн устжээ.
2. Намын боловсон хүчний бодлого бүрэн алдагдаж, МАХН дотроо Н.Энхбаярт үнэнч, үнэнч биш гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
3. Намын болон улс орны эрх ашгийн умартаж, нэг хүний дарангуйлал тогтжээ.
4. МАХН ард түмнээсээ үлэмж хөндийрч, намын олон түмнээ хөсөр хаяж, явцуу гэмт бүлгийн эрх ашгийг илэрхийлэгч болжээ.
5. Намын хөрөнгө, албан тушаалын шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих ямарваа хяналт устжээ.
Үүнээс шалтгаалан МАХН нийгмийн шинэчлэл хөдөлгөөнийг саатуулагч, нэг хүнийг аялдан дагалдагч, магтан дуулахаас өөрийг мэдэхгүй ард түмний эсрэг хүч, намын олон түмнээс бүрэн хаалттай явцуу байгууллага болсон нь тодорхой байна.
Энд бид МАХН гэдэг нэрийн дор түүний мянга мянган эгэл жирийн гишүүдийн биш, МАХН-ын дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмуудыг бусармаглан намыг өөртэйгөө адилтгасан дөрвөн хүнтэй явцуу бүлэг, тэднийг тойрон хүрээлэгчдийг хэлж байна.
МАХН-ын дотоод ардчилал бүрэн устсаны тод жишээ нь МАХН-ын Удирдах Зөвлөл, МАХН-ын Бага Хурал өөрийн бүрэн эрх, ач холбогдлоо бүрэн алдаж, намын дээд удирдлага хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч арчаагүй, явцуу бүлгийн шийдвэрийг үг дуугүй дэмжигч болсон явдал юм.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн энэхүү шинэчлэл гэх хөгийн зүйл асар удалгүй төрийн байгууламжид давтагдан нэвтэрч Монгол төрийг бузарлан буртагласан юм. Энэ нь
1. Үндсэн Хуульд заасан бараг бүх зарчмуудыг үлэмж гажуудуулж, хүний эрх, эрх чөлөөг боомилох болсон
2. Төрийн боловсон хүчний бодлогыг бүрэн алдагдуулж, ард түмнийг МАХН-ын болон ардчиллын гэсэн хоёр хэсэгт хувааж хагаралдуулав. Сөрөг хүчин нь ард түмний тэн хагасын дэмжлэгийг хүлээсээр атал тэднийг мэдээллийн хэрэгсэл, төрийн машинаар дамжуулан ард түмний дайсан мэтээр сурталдав.
3. Үндэсний язгуур эрх ашиг, ард түмний язгуур сонирхлыг умартаж, өнгөц харахад нэг намын мэт, тодруулж хэлбэл нэг хүний дарангуйлал тогтоов. Бид XXI зуунд хаант засаг тогтоох шахжээ.
4. Монголын төр ард түмнээсээ үлэмж хөндийрч, тэдний эрх ашгийг хөсөр хаяснаар явцуу бүлгийн эрх ашгийг хамгаалагч болжээ.
5. Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих сөрөг хүчний болон ард түмний хяналтыг оргүй устгажээ. Монголын төр авилгын үүр уурхай болон хувирч, нийгэмд үйлчлэх гол чиг үүрэг бизнесийн болон гэмт хэргийн шинжтэй үүргээр солигдов.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн шинэчлэл, төрд хийсэн шинэчлэл хоёр зарчмын хувьд огтын ялгаагүй бөгөөд ардчиллын тулгуур зарчмуудыг эвдэн сүйтгэсэн үр дүнд хүргэжээ.
Эдгээрийг тус бүрд нь задлан үзвээс тоо томшгүй олон баримт, нотолгоо гаргаж болох боловч энэ удаад цаг хэмнэх үүднээс түр түдгэлзэе.
Нам болон төрийн эрх мэдлийг давхраар нь атгасан, хөндлөнгийн ямарваа нэг хяналт байхгүй, улс төрийн тодорхой чиг баримжаагүй, үзэл бодлыг тогтсон үнэлэмжгүй улс төрийн явцуу бүлэг бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, аливаа ёс суртахуун, хууль ёсыг уландаа гишгэж, хэт дураараа авирласны гэрч нь, Та бид.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг бид шинжлэхдээ дөрөв дөрвөн жилийн хэрчмээр биш, ер нь сүүлийн арав гаруй жилд манай улс төр, эдийн засаг, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг системт байдлаар шинжлэх ёстой. Шинжлэх ухааны энэ хандлага нь аль нэг нам, аль нэг удирдагчид бүх бурууг тохож, системийн чанартай дүгнэлтээс зайлсхийдэг хоцрогдсон аргаас зайлсхийхэд тустай юм.
Ингэж авч үзвээс манай нийгмийн системийг бүрдүүлэгч гэр бүл, шашин, соёл, ёс суртахуун, эрүүл мэнд, боловсрол, нийтийн амгалан тайван байдал, амьдралын түвшин зэрэг бүхий л хүчин зүйлээрээ задралд орж, нийгмийн орчинд хүн амьдрах нь байтугай зугтаах, залхах, цөхрөх, ганцаардах зэрэг шинжүүд илтэд ноёрхох болж байна. Монгол хүн бие биеэ хайрлаж хүндэтгэхээ бараг больжээ. Монголчууд бид хүссэн ч, эс хүссэн ч хойч үеэ энэхүү худал хуурамчид сургаж байна.
Үүний шалтгаан юу вэ ? Үүнд олон хариулт өгч болох боловч хамгийн гол шалтгаан нь төр мөн. Хэрэв төр нь нийгмийн сайн сайхан байдал, хамтын амьдралыг хангах өөрийн үндсэн чиг үүргээ үл биелүүлэх аваас ийм байдалд гарцаагүй хүргэдэг аж.
Манай төр үүргээ огт биелүүлж чадахгүй байна. Энэ нь дараах зүйлсээр тодорхойлогдоно.
Үүнд
1. Төрийн бодлогын шинжлэх ухаанч шинж чанар алдагдсан.
Улс төр, шинжлэх ухаан хоёр давхцаад байдаггүй боловч ямар ч төр шинжлэх ухааныг дээд зэргээр ашиглахыг эрмэлздэг. Манайд бол шинжлэх ухааныг хүндэтгэх нь битгий хэл, оюуны сэхээтнүүдээ нам төрийн удирдлагаас зайлуулсан. Хэрэв шинжлэх ухаан байхгүй бол мухар сүсэг, дураар авирлах хоёр л үлддэг юм. Монголын дарга нар эрх мэдэлтэй болмогцоо шинжлэх ухааныг шууд орлох болж, төрийн шийдвэр цөөн хүний дур зоргийн хэрэг болсон.
2. Төрийн боловсон хүчний бодлого алдагдсан.
Төрийн албан хаагчдыг ажил хэргийн шинжээр сонгон авах зарчим алдагдсанаас манай төрийн алба танил тал, хамаатан садны бөөгнөрөл болсон. Үүнийг илэрхийлэх нэр томъёо шинжлэх ухаанд байхгүй юм. Төрийн ийм алба үр ашигтай, үнэнч шударга, ард түмний төлөө ажиллах боломж, нөхцөл үнэндээ байхгүй юм.
3. Төрийн алба арилжааны шинж чанартай болж, төр авилгад бүхэлдээ идэгдсэн.
Төрийн албан тушаал бизнесийн шууд объект болон хувирсан. Төрийн хамгийн дээд шатнаас авахуулаад баг, хорооны засаг дарга хүртэл нийтдээ авилгад идэгдсэн. Дэлхийн банкны тооцоогоор далд эдийн засаг, хээл хахуулийн хэмжээ манай ДНБ-ий 30-49 хувьд хүрч байна. Саяхан бидний хийсэн судалгаагаар манай авилгын индекс 0,74 хувь хүрчээ. Энэ нь манай төрийн авилгад бохирдсон хэмжээ 74 хувь болсон бөгөөд дэлхийн айргийн тавд орох үзүүлэлт юм. Та бидний хэн нь ч авилгад өртөөгүй төрийн нэгж байгууллагыг нэрлэж чадахгүй юм. Үүний улмаас манай төрд хариуцлагын тогтолцоо, сахилга бүрэн устсан.
4. Төрийн ил тод байдал алдагдаж, төр өөрөө хаалттай систем болон хувирсан.
Төрийн аливаа шийдвэрт ард түмэн, сөрөг хүчин болон нийгмийн бусад институтууд хяналт тавьдаг, оролцдог ардчилсан зарчим оргүй алга болсон. Үүнээс улбаалан төр ард түмний хооронд амин холбоо алдагдсан. Манайд хэлбэрийн хувьд ардчилсан бүх институтууд байгаа хэдий боловч агуулгын хувьд тэдгээрийн үйл ажиллагааны зарчмууд алдагдаж, нийгмийн үр нөлөө нь оргүйтэй адил болсон.
Төрийн байгууллагуудын хэвтээ болон босоо удирдлагын уялдаа зохицуулалт бараг тасарч, тэдгээр нь харьцангуй бие даасан, хаалттай арилжааны салбар болон хувирсан. Өөрөөр хэлбэл манайд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт алдагдсан.
Энэ нь манайд Үндэсний хөгжлийн хөтөлбөр байхгүйгээс илт харагдана. Төр нь улс үндэстэн, иргэдээ хэрхэн яаж хөгжүүлэх чиг баримжааг зааж чадахгүй байгаа нь төр арчаагүйдсэний хамгийн тод жишээ мөн.
5. Төр нь улс төрийн хүчнүүдийн дайсагналцлын талбар болж, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь эдийн засгийн өрсөлдөөнд шилжиж, энэ нь өвөрмөц маягийн иргэний дайны хэмжээнд тулж очсон.
Нийгмийн ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ алга болж, улс төрчдийн ам ажил хоёр багцаагүй зөрж, нийгмийн эвлэрэл зөвшилцөл гээч зүйл оргүй алга болсон. Монгол дахь эрх мэдлийн төлөө тэмцэл нь эдийн засгийн шууд үр ашгийн төлөө тэмцэл болон хувирсан бөгөөд энэ нь төрийн байгууламжийг мөнгөний төлөөх хайр найргүй өрсөлдөөний талбар болгож байна. Ийм нөхцөл нь ямарваа нэг эерэг зарчим, хэм хэмжээг баримтлах боломжийг үгүйсгэж байгаа юм. Манай улс төр бүх нийтийн дайсагналцлын талбар болон хувирсан.
Дээр дурдсан системийн шинжтэй гажгуудын бурууг аль нэг нам, улс төрийн хүчинд дангаар тохох боломжгүй юм. Гэхдээ сүүлийн дөрвөн жил эрх барьсан МАХН эдгээрийг арилгах талаар үнэн хэрэг дээрээ юу ч хийгээгүй бөгөөд харин ч тэдгээрийг улам зохион байгуулалттай болгон төгөлдөржүүлж, гүнзгийрүүлсэн учраас гол буруутан болох нь гарцаагүй юм.
Жич Энэ өгүүллийг дурдан буй сониноос бүрэн эхээр нь үзэж болно. Тухайн үед Өдрийн сонин зэрэг цөөн сонинд нийтлэгдсэн санагдана.
Судлаач Д.Ганхуяг