Чимээгүй аллага үргэлжилсээр л байх уу

зам дээр нэгэн залуу хэвтэж байх харагдав. Лавшруулж хартал, тэр ихэд татганасан байдалтай, бас амнаас нь цус гоожиж байв.

Зогсоорой, зам дээр хүн хэвтэж байна хэмээн хашгиртал нөхөр маань Гуравдугаар эгнээнээс шууд зогсох боломжгүй, буцаж эргэе гэлээ. Уулзвар хүртэл 200 орчим метр зайтай байсан тул цаг хожчих санаатай 102,103 уруу ээлжилж залгасан ч Таны залгасан дугаарууд завгүй байгаа тул та утсаа барьж байна уу гэсэн автомат хариулагч л байн байн сонсогдоно. Гэтэл Өнөөх чинь машинд дайрагдчихлаа хэмээн толиндоо харсан нөхөр маань дуу алдав. Энэ үг тархин дундуур цохиод авах шиг л боллоо. Тэгтэл чихэн дээр тасралтгүй жингэнэж байсан 102 арайхийн холбогдож, би ч сэхээ орон, үзсэн харснаа хэлж тэмдэглүүлж байх зуур нөхөр маань уулзвараар буцаж эргээд осол гарсан газар зэрэгцэн ирэв. Замын цагдаа ч ирсэн харагдана. Зогсоол дээр тэргээ байрлуулаад нөхөр маань Миний хань машиндаа сууж бай, би очиж уулзаад, юу болсныг хэлье гээд буув.

Энэ хооронд би 103 уруу дахин залгатал ашгүй дорхноо холбогдлоо. Баруун дөрвөн замын орчимд нэг хүн машинд дайруулчихлаа, дуудлага очсон болов уу? хэмээн асуутал дуудлага авсан гэсэн хариу өглөө. Хэсэг хугацааны дараа нөхөр маань Айхтар юм болжээ. Түргэн ирээгүй л байна. Тэр хүн өмнө нь өөр машинд дайруулаад хэвтэж байсныг нь сүүлд дайрсан жолооч, цагдаа нарын хэн нь ч мэдээгүй байна. Шаардлагатай бол дуудна гээд миний хаяг, утсыг авч үлдлээ. Осолд орсон залуу нэлээд согтуу бололтой харагдсан. Өмнө нь өөр машинд дайруулсан юм уу эсвэл өөрөө татаж унасан юм уу гэдэг нь тодорхойгүй байна гэсээр хүрч ирлээ.

Яагаад зам дээр хэвтүүлээд байгаа юм бол? хэмээн намайг асуухад Цагдаа нар гар хүргэхгүй байна лээ. Түргэнийхэн ирээд эвтэйхэн өргөж авсан нь дээр гэж байна. Харин өнөөх жолооч толгой дор нь хувцсаа тавьж өгч дэрлүүлсэн. Уг нь жолооч залуу тэмдэглэгээ хийлгээд, бушуухан эмнэлэгт хүргэж өгье гэсэн ч цагдаа гар зөвшөөрөхгүй байна хэмээн нөхөр маань хэлэв.

Түүнээс хойш юу болсныг бид мэдээгүй, цагдаагийн газраас ч эргэж холбогдсонгүй. Гэсэн ч хар дарсан зүүд шиг тэр аймаар үзэгдэл байн байн бодогдож, дотор хүйт даана.

Монголчууд бид баасан ахын төрсөн өдөр-өөс эхлээд хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдөр, баяр ёслол гээд олноороо нийлж дарвих шалтгаан мунддаггүй. Тэр тоолонд согтууруулах төрлийн ундаа ууж чаддаггүй, эсвэл уухыг хүсээгүй нэгнээ Ерөөлийн хундагын ёроолыг нь харуулах ёстой юм, Чи намайг найзаа гэж боддог л юм бол ганц татчих, Чи биднийг хүндлэхгүй байна уу, Монголын ёс гурав гэх мэтээр шахаж шалсаар байгаад уулгачихна. Зарим нэг нь эхэндээ гуйлгаж ууж байснаа сүүлдээ гуядаж уух нь холгүй болно. Үр дүнд нь биеэ хянах чадвараа алдсан улс иймэрхүү ослын хохирогч болох магадлал өндөр. Гэртээ эсэн мэнд очлоо гэхэд эрүүний шөл амсч, багаар бодоход нэгэн үдшийн хэрүүл болж, бүр цаашилбал гэр бүл салж сарнихдаа тулна.

Бас нэг асуудал байна. Тэнцвэрээ алдсан хүн машин жолоодно гэж зүтгэх нь энүүхэнд. Хамт дарвисан нөхдөөс нь хориглох ухамсартай нэгэн байхад Зүгээр ээ хө, цагдаа л таарахгүй бол учиртай хэмээн хөөргөх нэгэн бас бий. Харин надад согтуу жолооч цагдаатай таарч, машинаа журамлуулах аваас азтай санагдана. Ингэснээрээ тэр өөртөө болон өрөөлд учруулж болох эрсдэлээс хамгаалагдаж байгаа хэрэг. Их л муудаа зургаан cap эсвэл жилээр эрхээ хасуулна биз. Энэ ч гайгүй хэрэг, хүний амь нас хохироогоогүй нь яамай гэж баярлах хэрэгтэй сэн.

Энэ мэтчилэн бид найз нөхдөө үхэл рүү түлхэж, чимээгүй аллага хийж байдгаа анзаараасай, цаашид нэгнийгээ архинд уруу татах, шахах гэдэг асуудлаас аль болох зайлсхийгээсэй хэмээн эрхэм танаас хичээнгүйлэн хүсч байна.

Санаандгүй явж байгаад нүдээрээ үзсэн дээрх осол надад архидалтын хор уршгийг эргэцүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн хүн чанарыг эрж хайхад хүргэсэн юм. Учир нь тэрхүү золгүй явдлын үед бид хоёрын өмнө болон хойно явсан машинуудаас нэг ч хүн бууж очоод сайхь залууд туслах, ядаж л замаас холдуулчих зүрх зориг гаргасангүй. Замын хажуугаар явган өнгөрсөн хүмүүс ч нэгэн адил, бодвол харсан л байх. Гэмгүй явж байгаад, хэрэгт орооцолдохыг хэн хүсэх вэ дээ хэмээн тэднийг ойлгохыг хичээсэн ч харин өөрийгөө уучилж чадахгүй нь. Хэдийгээр машин шууд зогсох боломжгүй байсан ч би замын дунд үсэрч буугаад түүнд тусалсан бол тэр өдийд арай л дээр байдалтай байх байсан шүү дээ гэсэн бодол намайг шаналгасаар. Үнэндээ тэр залуу амьд үлдэж чадсан гэхэд эргэлзээтэй, амьд үлдлээ гэхэд эрэмдэг нэгэн болсон гэхээс л…

Э.Ирэхбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button