Намын нэр сольсон нь хэдэн даргын хийсэн ажил
-МАН парламентын сонгуульд ялагдсаны дараа дарга, удирдлагуудаа сольж, шинэчлэл хийлээ хэмээн мэдэгдэж байсан. Багагүй хугацаа ч өнгөрлөө. Хэр үр дүнтэй өөрчлөлт болсон бэ. Таны хувьд ямар дүгнэлт өгөх вэ?
-Намын өнөөгийн удирдлагууд нэлээд мэрийж байгаа гэж бодож байна. Орон нутгаас ирсэн шүүмжлэл, ажил хэрэгч саналуудад нухацтай дүгнэлт хийж, аймгуудын намын хороо болон анхан шатны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байна.
Тэр ч утгаараа саяхан хэд хэдэн аймгийн намын хорооны даргыг орон нутгийн сонгуулийн өмнө солилоо.
-Дарга нарыг нь сольсноор орон нутгийн сонгуульд ялна гэж үү?
-Тодорхой хэмжээгээр сонгуульд сайн нөлөө үзүүлэх байх гэж ойлгож байгаа. Зөвхөн даргыг нь сольсноор бүх асуудал сайн, сайхан болно гэж бодвол эндүүрэл. Мэрийж, хичээх нь чухал.
Манай нам орон нутгийн сонгуульд Ард түмнээсээ сонгогдъё уриатайгаар оролцож байгаа. Урьдных шиг танхимаас гарсан хүмүүсээ олонд тулгадаг, түүнийг нь нийгэм хүлээж авдаггүй байдлаас ангижиръя гэсэн бодлогыг агуулсан уриалга болсон.
Бид саяхан аймгуудаар явж, ажил байдалтай нь танилцлаа. Өмнөх алдаанаасаа нэлээд сургамж авсан бололтой. Намын хорооны удирдлагууд урьд өмнөхөөсөө илүү чансаатай чамбай мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэндээ болохгүй, бүтэхгүй зүйл ярьж, хүний толгой эргүүлэхгүй, дотоод нөөц бололцоогоо дайчилна гэсэн утга агуулгыг маш сайн тусгаж өгчээ.
-Нам гэхээсээ илүү улсын хөгжилд ямар хувь нэмэр байх нь вэ гэдгийг хараасай гэж үү?
-Мэдээж улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намын эрх ашгаа хоёрдугаарт тавих ёстой. Тэгж эрэмбэлэх хэрэгтэй. Харамсалтай нь, манайхан ингэж чадахгүй, нам бүлгийн асуудлыг эхэнд нь тавиад байна. Энэ нь ч тодорхой харагдаж байгаа.
-Парламент дахь бүлгийн асуудлаас эхлээд л үү?
-Өнөөгийн төр засаг хичээж, ажиллаж байгаа л даа. Гэхдээ МАН-ын бүлгийг УИХ-д албан ёсоор байгуулахгүй, аль болохоор цааргалаж, цаг нөхцөөж байгаа нь намын мянга мянган гишүүн, шударга зарчмыг баримталдаг хүмүүсийн сэтгэлд таатай байхгүй л байгаа.
Бид зөвхөн хажуугийн дутагдалд дөрөөлж, улстөрийн хожоо хайгаад, хүлээгээд суух нь гол бус. Улс нийгэмд хэрэгтэй зүйл хийх ёстой. Ам, ажил хоёр дээд доод шүд нийлдэгтэй адил яв цав нийцэж байх нь чухал.
-Намын удирдлагуудыг сольсноос хойш МАН-ын лидер гэгддэг нөхөд аниргүй болчихлоо. Тухайлбал, парламентын гишүүн болонгуутаа намынхаа үйл явцад анхаарлаа хандуулахаа байж?
-Би үүнтэй санал нэг байна. Манай нөхдөөс гайгүй дуугарч байгаа нь хуучин бууны хугархай юм гэсэндээ С.Бямбацогт нарын ганц, хоёр хүн л дуугарах юм даа. Бусад нь ч амаа хумхисан янзтай байна.
Уг нь аль, аль талдаа буулт хийх ёстой. Анх хамгийн ахмад гишүүнээр хурал даргалуулах ёстой гэсэн үндэслэлээр Цэцэд өгсөнд шазуур зуугаад өдийг хүргэж байна. УИХ-ын дарга З.Энхболд ч ер нь шазруун талдаа хүн.
Мөн 24 цагийн дотор бичиг баримтаа бүрдүүлээд бүлгээ баталгаажуулж чадаагүй нь манай хэдийн буруу. Ингэхээр улстөрийн соёл гаргаж асуудлыг шийдэж болмоор л байгаа юм.
Энэ чинь хувийн асуудал биш, улс орны эрх ашигт хэрэгтэй.
-Уг нь парламент дахь лидерүүд чинь толгойлон дуугарч байх ёстой биз дээ?
-Одоо бол тэднийг лидер гэж хэлээд хэрэггүй шүү дээ. Лидер гэгдээд байсан нөхдийн урд, хойно нь орж гүйдэг хүмүүсийн асуудлаас болоод манай бага хурал чинь гурав, дөрөв хуваагдчихсан байдаг юм. Гэхдээ удахгүй болох намын их хурлаар нэг тийшээ болох байлгүй дээ. Тэр үед хурлын төлөөлөгчдөө жинхэнэ ёсоор намынхаа төлөө чин үнэнчээр явдаг хүмүүсээр бүрдүүлээсэй гэж бодож байна.
-Намын хурал чинь улстөрийн хүрээнд тэсрэлт хийх нь гэж ойлгож болох уу?
-МАН монголын улстөрийн системийн хамгийн том нам учраас ээлжит их хуралд төр, нийгэм овоо хараагаа чиглүүлэх нь тодорхой. Гагцхүү бид түүнд улстөрийн зөв хариулт өгөх ёстой.
-Тэгж чадах болов уу?
-Тэр зэргийн чадвар бий гэдэгт намын олон гишүүн, Монголын ард түмэн итгэл алдаагүй. Яах вэ, сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад байр суурийн асуудал үүссэн. Гэсэн ч үүр хэзээ хаяарах нь вэ гээд хүлээгээд байж болохгүй. Миний бодлоор намд байгаа нөхөд арай илүү дуугараад, парламентад байгаа хүмүүс хүлээзнэсэн байдлаар хандаад байгаа. Уг нь УИХ дахь нөхөд улстөрийн цөм юм шүү дээ.
-Тэд чинь дуугарахгүй болохоор МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм биш үү?
-Бүлэг байхгүй болохоор ганц, ганцаараа дуугарсан нь няслуулаад байгаа дүр зураг харагдаж байгаа. Бүлэг гэдэг чинь УИХ-д үйл ажиллагаа явуулдаг намын механизм. Гэтэл тэр нь үгүй болохоор сөрөг хүчин байж чадахгүй байгаа нь үнэн.
-Сөрөг хүчнээ боомилох нь таатай орчин бүрдүүлэхгүй, цаг хугацаа алдаж байна гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?
-Өнөөгийн төрийн удирдлагад байгаа нөхөд өөрсдөө тухайн үедээ Цөөнхөө сонсохгүй бол ямар ардчилал гэдэг юм бэ хэмээн хоолойныхоо хэмжээгээр ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө гарч ирчихээд нам дарах гэж оролдож байна.
-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж л МАН бүлэгтэй болно. Гэхдээ МАН-д зориулж хуульд өөрчлөлт оруулахгүй гээд байгаа шүү дээ?
-Бүлгийг хүлээн зөвшөөрөх байлгүй дээ. Хэрвээ тэгэхгүй бол УИХ тарах нь зөв. Нэг нэгээрээ уван, цуван шулганаж суух ямар шаардлагатай юм бэ. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хэрэггүй. Сөрөг хүчин гэдэг бурууг зөв болгох үүрэгтэй байдаг. Түүнээс биш нэг нам нь өөрийнхөө бодсоныг хууль болгон ярс хийтэл гараа өргөн, бусдыгаа сонсохгүй бол парламентын ардчилал, соёл гэдэгт огт нийцэхгүй.
Өнөөгийн төр засгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүхэн буруу биш. Тухайлбал, хавтгайрсан халамжийг болиулах зэргээр нааштай асуудлуудыг шийдэж л байна. Энэ мэтчилэн хийсэн болгоныг нь харлуулж болохгүй.
-Орон нутгийн сонгууль дөхөөд бараг л МАН-аас бусад нь эвсэж байх шив?
-Өнөөгийн улстөрийн намуудын байр суурь их сонин болсон. Ёстой л салхинд хөөгдсөн хөнгөн үүл шиг, нар, сүүдэр ээлжилж байна. Манай нам эвсвэл МАХН-тай л нэгдэх ёстой. Бусадтай нь нэгдэх ямар ч үндэслэлгүй.
Угаасаа бид саяхныг хүртэл журмын нөхөд байсан шүү дээ. Би УИХ-д байхдаа ч яагаад гар барьчихаж болдоггүй юм бэ гэж ярьж л байсан.
-Зарим хүн үүнээс чинь болж таныг гоочилж байсан байх аа?
-Сонгуулийн үр дүнгээс маань зулгаах юм биш байгаа гэдгийг л хэлж байсан. Улстөр гэдэг өнгөө яаж ч хувиргаж болдог. Нэгэн суут хүн Улстөр гэдэг эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэсэн байдаг. Тэгэхээр бусад намууд хоорондоо эвсэж байгаа нь улстөрийн тэрхүү томъёололтой нийцэж байгаа эсэхийг бүү мэд. Улстөрийн хожоо олох гэсэн цаг үеийн үйл явц байгаа байх.
-Тэгвэл МАН хэзээ нэгэн цагт МАХН-тай нэгдэх нь ээ?
-Одоохондоо улстөрийн хэлэлцээрт ороогүй. Миний хувьд учир зүйгээ олох нь дээр болов уу гэж боддог.
Анхнаасаа намын нэр сольсон нь намын удирдлагад байсан хэдэн залуусын л хийсэн ажил. Түүнийг нь 26 дугаар их хурлаар сайн тунгааж, хэлэлцэж чадалгүй, буухиад хөтлөгдчихсөн.
-Таныг улстөрөөс гарч, буцаад Төмөр замдаа очсон гэж бодож байсан шүү?
-Би Төмөр замынхаа хонхроос хэзээ ч салахгүй. Парламентад байхдаа ч тэр л бодол саналыг тээж явсан. Сонгогдсон Дундговь аймаг руугаа үйл ажиллагаагаа чиглүүлж байсан. Нөгөө талаар Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэх мэтчилэн ажлуудыг толгойлон ажиллаж байлаа.
Миний бие Төмөр замын яс махны тасархай. Тэнд нэг нь насны нэлээдийг нь элээсэн болохоор аль хэдийнэ дасчихсан. Яах вэ, хуучин Засгийн газрын үед ч энэ асуудлыг оросууд руу явуулчихсан байсан юм билээ. Мэдээж, бидний саналаар болдог асуудал ч гэж юу байх вэ. Миний хувьд ч парламентад байсан шиг ачаалал байхгүй болсон болохоор зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг Төмөр замдаа нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүн байя гэсэн асуудлыг ярьсан.
-Зөвшөөрөөгүй байх нь ээ?
-Одоо бол намчирхсан зүйл болчихов уу даа гэж боддог юм. Мэдээж, надаар дутахгүй ч гай болохгүй л байсан болов уу. Би нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүн болчихоод л МАН, улстөр гэх зэргээр яриад суухгүй шүү дээ. Тийм ухамсар, сэтгэхүй ч надад байхгүй, тэгж сургаж, хүмүүжүүлээ ч үгүй.
Харин шинээр томилогдсон Д.Сэрээнэндорж шударга талдаа, хэлэх үгээ бусдаас зэнзийрхээд байдаг хүн биш. Бусдынхаа зөвлөгөөг аваад ажиллаж чадах хүн. Намайг төмөр замд байх үед миний захиргаанд зэгсэн ажиллаж, дохиолол холбооны талдаа эзэн болсон сайн мэргэжилтэн.
-Төмөр замд бүхнээ зориулсан болохоор жаахан гоморхол тээгээд яваа юм уу даа?
-Ерөнхий хорооны гишүүн болгосонгүй гээд элдвийг сэтгэлдээ тээж явах хүн би биш.