Гандангийн гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөнө
иргэдтэй уулзсан юм.
Тэрээр Гандангийн гэр хорооллын газрыг иргэдэд нь өмчлүүлэхгүйгээр аваад үлдчих далд санааг өнөөдрийг хүртэл эрх мэдэл бүхий бүлэглэлүүд агуулж байсан нь нууц биш ээ. Түүнээс болж энэ гэр хороолол өнгө төрхөө өөрчилж чадаагүй. Түүний золиос нь манай иргэд болсоор ирлээ. Одоо бид хамтарч ажиллана гэв.
Гандангийн гэр хорооллыг тохижуулахаар Хот байгуулалт, зураг төслийн хүрээлэн, Гандан хийдийн удирдлага тус бүртээ зураг төсөл хийсэн байна. Гэвч зураг төсөл нь тухайн бүс нутаг дахь иргэдийн гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй өдийг хүрчээ. Гандангийн гэр хорооллын талаархи зураг төсөл ил тод байгаагүй нь иргэдийг эндээс хэзээ нэгэн цагт хөөгдөх юм байна гэсэн түгшүүрт автуулж байсан гэдгийг олон иргэд хэлж байлаа.
Хөгжлийн төлөөх тэдгээр зураг төсөл тус хорооны иргэдийн оролцоогүйгээр хийгдсэн. Түүнтэй зэрэгцээд дангаараа, хоёр гурваараа дэд бүтцийг шийдэх гэж их цаг алджээ. Тэгвэл энэ гэр хорооллын өнөөдрийн өнгө төрхийг өөрчлөх шийдлийг Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн оролцоотой хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Иргэдийг дахин төлөвлөлтөд орох төлөөллийн байгууллагатай болохыг сануулсан юм. Хэрвээ төлөөллийн байгууллагатай болчихвол нийслэлийн Засаг захиргаа хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ хэлсэн юм. Түүгээр зогсохгүй өөрийн өмчийн байшингийнхаа чанар чансааг сайжруулахад нь моргейжийн зээлд хамруулна гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Гандангийн дэнжид 862 хашаа байгаа аж. Түүний 812-ынх нь газар өмчлөгдөж, үлдсэн 50 орчим айлын хашаа инженерийн шугаман дээр баригдсан тул иргэний өмч болоогүй байгаа юм байна. Дахин төлөвлөлтөд орсноор эрүүл аюулгүй орчин бий болохоос гадна иргэд дундаа бага сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн засмал зам талбайтай болох юм.