Хурд-ын Отгоо хөнгөн наргиан, хит дуунуудтай үдшийг фэнүүддээ бэлэглэв
бардам хашхирсан эрхэм бол Хурд хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр байлаа. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдийг фэнүүдтэйгээ хамт өнгөрөөж, амьдралынхаа 20 жилийг урлагт зориулахдаа юу хийж бүтээснээ үзэгч, сонсогчдодоо тайлагнасан юм.
Хурд хамтлагт нэгдсэнийхээ дараа зохиосон анхны дуу нь Чамайг зорино. Уг дууны үгийг Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн дуучин Д.Төмөрцог зохиосон. Тэрбээр хаа нэг Би амьдралдаа ганцхан л дуу зохиосон хүн шүү дээ хэмээн ярих боловч тэр бүр нэрийг нь дурддаггүй билээ. Хамтран зохиосон дуун дээрээ ах, дүү хоёрын хоолой гайхалтай нийлж байв.
Тоглолтын туршид үзэгчдийн харааг өөр дээрээ тогтоосон зүйл бол тайзан дээр эгнүүлэн тавьсан зургаан гитар байсан юм. Отгоо зохиосон дуунуудаа тэр л гитараар тоглож, үзэгчдийг хөгжөөж байлаа.
Хурд-ын Отгоо Монголын рок поп ертөнцөд юу хийж, бүтээснийг чухам энэ хоёр үдэш мэдрэх боломжтой байсан. Учир нь, гандан бууршгүй Т.Ариунаа, цуцашгүй хоолойт Б.Сарантуяа, энхрий ялдам С.Сэрчмаа, хүчирхэг, дайчин С.Наран гэх мэт Монголын урлагийн лидерүүд энэхүү тоглолтын тайзыг чимэглэж байв.
Чи минь байгаа болохоор тоглолтод эртний дурсамж сэргээсэн хит дуунууд эгшиглэснээс гадна Д.Отгонбаяр энэ л тайзан дээр цоо шинэ дуугаа өлгийдөн авсан юм. Sweetymotion хамтлагийнхан түүний Хуурч болохгүй хэмээх шинэ дууг дуулснаар UB палас-ын танхимд цугларсан олон тус дууны анхны сонсогчид болсон билээ.
Найман настай балчраас наян настай буурлуудын сонсох дуртай Эх орон дуу тайзнаа эгшиглэх үеэр арын дэлгэц дээр Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа агсны дүр тодрох агшинд танхим дүүрэн ура хашхирч, алгаа хорстол ташиж байсан үзэгчид хайртай жүжигчнийхээ дурсгалыг хүндэтгэх мэт хэдэн хором чимээгүй болсон.
Юу л байна, дуу л байна хэмээн өгүүлэх Отгоогийн тоглолт хүн бүрийн сэтгэлд хоногшсон сайхан дуунууд бас сонин содон зочдоор ч баян байв. Бие даасан цомгоо гаргаснаас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр бараг гараагүй Чоно хамтлагийнхан ахынхаа тоглолтод оролцож, ая дуугаа өргөсөн юм. Багагүй мариалсан Д.Дэрмээ, эгэл даруухан Д.Мөнхбат хоёрыг үзэгчид таньж ядан байлаа. Мөн бөөгийн дуудлага хүлээж аваад, бясалгал хийн сууж, урлагийн тайзнаасаа хөндийрсөн Харанга хамтлагийн гоцлол гитарчин Ц.Энхманлайг үзэгчид халуун алга ташилтаар угтсан. Тэрбээр гитарчин Өөжгий, Хурд-ын Д.Отгонбаяр, Н.Наранбаатар нартай хамтран монгол ардын болон бага ястнуудын дуунуудыг гитарын хэлээр хүүрнэн өгүүлсэн юм.
Үргэлжийн цоглог, эрч хүчтэй Отгоогийн фэнүүд ч мөн түүнтэй адилхан сэтгэл хөдлөл ихтэй байв. Тэд дуу бүрийг нь дагаж дуулан, дороо бүжиглэж, суудлаасаа босон ура хашхирч байлаа. Тоглолт болохоос нэлээд хэд хоногийн өмнө уулзахад Миний тоглолтыг олон хүн үзээсэй гэж хүсэхгүй байна. Хамгийн гол нь үзсэн, үзүүлсэн хоёртоо л гоё байх нь чухал шүү дээ хэмээн ярьж байсан Д.Отгонбаяр үзэгч, сонсогчдоо ёстой л дураар нь дургиулсан. Үзэгчид С.Наранг нэг, Номин талст-ыг хоёр дахиулав. Тайзан дээр дахин гарч ирэхдээ дуулах дуугаа олж ядан байсан Номин талст-ын залуус завшааныг ашиглаж, Отгоо ах аа, та бидэнд дахиад гоё дуу зохиож өгөөрэй хэмээн сэргэлэнтэв.
Тоглолт зүрх эзэмдэх поп дуугаар эхэлж, сонор мялааж, сэтгэл гижигдэх гитарын аялгуугаар үргэлжлэн, эрч хүч бэлэглэх рок дуунуудаар өндөрлөсөн. Бараг л дуучин бүрийг дахиулах хүсэлтэй байсан үзэгчдийн тааллаар ихэнх уран бүтээлч хоёр дуугаар ая барьсан ч үзэгчид тоглолтыг программынх нь дагуу дуусгахыг хүссэнгүй. Тайзны араар орсных нь дараа суудлаасаа босон, арваад минут хэртэй хашхирч, алга нижгэнүүлсний хүчинд Хурд-ынхныг дахин гаргаж ирж чадсан юм. Отгоо Нээрээ л нэг дууг дуулахаа таг мартсан байна шүү дээ хэмээгээд Хамаг Монгол дуугаар тоглолтоо өндөрлүүлэв.
Үзэгчид суудлаасаа боссон цагаасаа хойш UB палас-ын үүдээр гартлаа Чи минь байгаа болохоор амьдрал минь гэрэл гэгээтэй хэмээн амандаа аялсаар байлаа.