Г.Доржпалам Микроавтобус 500 төгрөгөөс дээш үнээр явах ёсгүй

-Нийслэлийн хэмжээнд хичнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 63 чиглэл байгаагаас хоёр троллейбусны чиглэл зам засвартай холбоотой түр зогссон. Бусад чиглэлд нийтдээ 889 том оврын автобус үйлчилж байна. Ер нь бололцоогоороо автобусны тоог нэмсэн. Харин энэ сарын 17-нд Нарны гүүр ашиглалтад орохтой холбоотойгоор зарим чиглэлүүдийн маршрутыг өөрчлөх, сунгах зохицуулалт хийгдэхээр болсон.

-Толгойт-Халдварт чиглэлийн автобусны маршрут өөрчлөгдсөн гэсэн. Энэ талаар тодруулбал?

-М4 буюу Толгойт-Халдвартын чиглэл, М41 буюу Толгойт-Нарантуул-Амгалангийн чиглэлийн автобусны маршрутыг өөрчилсөн. Толгойтын эцсийн буудал орчмын ачааллыг багасгах, Толгойтын эцсийн буудалд том оврын автобус эргэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр чиглэлүүдэд өөрчлөлт оруулж, зөрүүлж явуулах шаардлагатай болсон. Тодруулбал, М41 буюу Толгойт-Нарантуул-Амгалангийн чиглэлийн автобус нь урдуураа буюу Улаанбаатар импекс, Ник колонкиор очоод Толгойтын эцсээр ороод хойшоо буцаж эргээд Толгойтын хуучин эцэс, 65 дугаар сургууль, Чингис соосэ, 21 дүгээр хорооллоор орж ирэхээр өөрчлөлтийг хийсэн. Харин М4 буюу Толгойт Халдвартын чиглэлийн автобус нь хойд талаараа очоод Геологийн төв лаборатори, 21 дүгээр хороолол, Чингис соосэ ороод Толгойтоороо доошоо уруудаад НИК-ийн уулзвар өнгөрөөд Улаанбаатар импексээр орж ирэхээр өөрчлөлт орсон. Зөвхөн Толгойт орчмын хоёр чиглэлийг Толгойтын эцэс дээр буцаж эргэх биш, зөрүүлж тойрог хэлбэрт оруулсан.

-Энэ өөрчлөлт хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Иргэдэд үзүүлэх үйлчилгээнд нөлөөлөх үү?

-Энэ өөрчлөлт байнга үргэлжилнэ. Автобусны чиглэл өөрчлөгдсөнөөр нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байх асуудал бол гарахгүй. Хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

-Хэдий 889 автобус үйлчилж байгаа ч гэсэн автобуснаас багтахгүй үлдэх иргэд олон байдаг. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Автобус хүрэлцэхгүй, багтахгүй гэсэн асуудал бол байхгүй. Өглөө 730-830-ын хооронд олон хүн автобусанд сууж байгаа учраас ийм асуудал гарч байгаа. Зарим чиглэлүүдэд тодорхой зохицуулалтын арга хэмжээ авсан. Өглөө, оройны ачааллын үеэр дундын буудлаас зорчигчдыг авах, түр нэг юм уу хоёр рейс хийгээд буух зэрэг зохицуулалтаар нийт 14 чиглэлд 24 автобус ажиллуулж байгаа учраас тийм асуудал гарахгүй. Харин нийслэлд хэд, хэдэн зам засвартай байгаа учраас зарим чиглэлүүд гацаж, түгжрэх асуудал гарч байна. Зам засвар дуусчихвал нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай, ачаалал багатай ажиллана.

-Зарим чиглэлийн автобусыг удаан хүлээдэг гэсэн иргэдийн гомдол их. Ер нь нийтийн тээвэр хэдэн цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ ихэнх нь 6.45 цагаас эхэлж орой 22.45 цагт буудаг. Орой 20 цагаас хойш үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн тоо 0,5 хувиар буурдаг. Хамгийн сүүлийн автобус л 22.45 цагт бууна гэсэн үг. Гэтэл иргэд өдөр ямар ачаалалтай байна, тэр хэмжээгээрээ л орой үйлчилнэ гэж бодоод байдаг. Иргэд өдрийн цагаар автобусаа таван минут хүлээдэг бол орой 20.00 цагаас хойш хүлээлтийн хугацаа уртасч 10-20 минут хүлээнэ гэж бодох хэрэгтэй.

-Нийтийн тээврийнхний дунд хоёр сарын болзолт уралдаан зарласан. Уралдааныг хэрхэн дүгнэх вэ?

-Эхний сарынхаа дүнг гаргаад иргэдийн оролцоотой Төрийн бус байгууллага шалгаж байна. Мөн сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, Ахмадын холбооноос уралдааны дүнг шалгаж байна. Түүнчлэн байгууллага дотроо уралдаан зарласан байгаа. Ерөнхийдөө нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, жолооч кондукторын зан харьцаа, хувцаслалтад анхаарах, тасалбар олголт, буудал зарлалт гэх зэрэг тодорхой асуудлууд дээр анхаарч байгууллагууд сургалт зохион байгуулсан. Нэг үеэ бодвол нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч байгаа гэсэн иргэдийн талархал их ирж байна.

-Энэ жил нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийгдсэн үү?

-Парк шинэчлэлтийн хувьд төрөөс нэгдсэн бодлогоор 2009 онд 400 автобус оруулж ирсэн. Түүнээс хойш шинэчлэлт хийгдээгүй байна. Нийслэлд Парк шинэчлэлтийн сан гэж байдаг. Энэ сангийн хөрөнгөөс зарцуулах талаар тодорхой саналууд тусгаад Засаг даргын хүрээнд шийдэгдэнэ. Хувийн хэвшлийн компаниуд өөрсдийнхөө санхүү нөөц бололцоогоор парк шинэчлэлтээ хийж байгаа. Зөвхөн есдүгээр cap гарсаар шинээр нийтдээ 39 том оврын автобус үйлчилгээнд гарсан байна. Мөн найман дуобус үйлчилгээнд гарсан. Цаашдаа 60 гаруй том оврын автобус энэ ондоо багтаж үйлчилгээнд гарна.

-Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Энэ сарын 17-19-ий өдрүүдэд Нийтийн тээврийн газар, Онцгой байдлын газартай хамтраад бүх аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэл, техникийн бүрэн бүтэн байдал, дулаан зогсоол, бусад бэлтгэл ажлыг шалгана.

-Автобусны үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал гомдол хэр ирж байна?

-Ер нь Улаанбаатарт үйлчилж байгаа бүх автобусан дээрээ иргэдийн санал гомдлыг авах утсыг байрлуулсан байгаа. Өдөрт дунджаар 20-40 санал хүсэлт ирдэг. Гол нь тасалбар олгохгүй байх, буудал зарлахгүй байх, жолооч кондукторын зан харьцааны доголдлын талаарх гомдол их ирдэг. Бид нар үүний дагуу долоо хоног бүр шуурхайгаар аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгдөг.

-Зарим автобуснууд тасалбараа олгодоггүй. Тасалбар олгохгүй байх шалтгаан бий юу?

-Хэрвээ тасалбар өгөхгүй кондуктор байвал хөлсөө төлөхгүй байх эрх нь иргэн бүрт байгаа гэсэн хуулийн заалт байдаг. Мөн ажил үйлчилгээ эрхэлж байгаа кондукторын үүрэгт заавал тасалбар олгох ёстой гэсэн байдаг. Бүх чиглэлийн том, жижиг оврын автобусууд бүгд тасалбар олгох ёстой. Нийтийн тээврийн газраас тасалбараар бүрэн хангаж байгаа учраас тасалбар олгохгүй байх шалтгаан байхгүй.

-Сүүлийн үед микро автобуснууд оройн цагаар өндөр үнээр үйлчилж байна гэсэн иргэдийн гомдол их байна. Нийтийн тээврийн газраас ямар хяналт тавьдаг вэ?

-Микроавтобус өглөө, орой эхний цэгээс эцсийн цэг хүртэл том хүн 500, хүүхэд 200 төгрөгөөр явах ёстой. Микроавтобус 500 төгрөгөөс дээш үнээр явах ёсгүй. Зарим чиглэлийн Налайх, Био комбинат, Шувуу зэрэг цөөхөн чиглэлийн автобусууд 700-1000 төгрөгөөр явж байгаа. Үүний дагуу зөрчил гаргасан жолооч, кондукторуудад хяналт шалгалт хийж байна.

Ж.Ганцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button