Хөгжмийн зохиолч онгодоо мэдэрч хүрээллээ тогтоох хэрэгтэй
Эгэл даруухан тэрбээр харин миний дэлхийн энтэй хөгжмийн зохиолч гэж юу байх вэ хэмээн даруухан өгүүлж суусан. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Таныг дэлхийн энтэй хөгжмийн зохиолч гэдэг. Тэгж хэлэх ч учиртай. Яагаад гэхээр таны дэлхийн шинэ хөгжмийн наадамд тоглуулсан хөгжим чинь олон улсын хөгжмийн зохиолчдод өндрөөр үнэлэгдсэн. Улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгана гэдэг мэдээж сайхан байдаг байх. Энэ бахархлаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Одоо яаж ч хөөргөөд, би ч өөрийгөө хөөргөөд дэлхийн түвшинд ойртоход хэцүү. Харин зоригтойхон шинэчлэл хийсэн бүтээл хийх хэрэгтэй. Учир нь өрнө дахины шинэ хөгжим ч гэсэн нэг л загвар луу орчих гээд тун хэцүү байгаа. Түүнийг эвдсэн бүтээл хийх нь чухал. Сайхан сайхан наадамд биднийг урих л юм. Гэвч замын зардал хайж энэ тэр хүмүүсийг залхаахаас би санаа зовдог. Энүүхэндээ гэхэд барууны болон өндөр хөгжилтэй орны хөгжмийн зохиолчид Монголын хөгжмийн зохиолчид шинэ хөгжмийн бүтээл туурвисан гэхээр эхэндээ мушилзаад, ёжилж хүлээж авдаг. Харин сонссоныхоо дараа хандах хандлага нь өөрчлөгддөг. Тэгэхээр Монголын хөгжмийн зохиолчид бас ч гэж чадвартай гэдэг нь харагддаг гэсэн үг. Энэ нь өнө эртний язгуур хөгжмийн соёлтой холбоотой болов уу гэж би боддог юм.
-Та Мөргөөгүй мөргөл гэж тоглолт хийж байсан. Яагаад ч юм энэ тоглолтоос таныг их шүтлэгтэй хүн байна гэж бодож байсан шүү?
-Миний шүтлэг гэж юу байх вэ. Харин хөгжмийн бүтээл хийхэд заавал залбирал хэрэгтэй. Сүсэг ч хэрэгтэй. Эртний Монголын язгуур хөгжим, ахмад үеийн хөгжмийн бүтээлийг сонсоход хэнд ч сүсэг бишрэл төрнө дөө. Хөгжим бол тэнгэрийн хишиг шүү дээ.
-Таны хувьд онгод гэж юу вэ? Таны онгод хэзээ илүү их хөглөгддөг вэ? Ер нь онгодын талаар жаахан хөөрөлдвөл болох уу?
-Хүн хүнээс их шалтгаална даа. Зарим хүн хүний онгодыг өдөөдөг бол зарим нь унтраачихдаг. Ер нь хөгжмийн зохиолч хүн онгодоо мэдэрч хүрээллээ тогтоох хэрэгтэй. Олон шалгуураар шалгуулж байж бий болно шүү дээ. Түүнээс гадна сүсэг бишрэл, итгэл найдваргүй бол онгодоо алдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр төрүүлсэн эцэг, эх, төрсөн газар их чухал. Хэдий ядарсан ч маш сайхан урам онгод хайрладаг хүмүүс бий.
-Та онгодоор хөглөгдөж хөгжим бичдэг үү эсвэл эрэл хайгуул хийж ямар нэгэн санаа олж харахыг боддог уу?
-Онгодоор ирэх аялгуут бушуухан бичиж авах буюу тогтоох нь чухал. Тэрхэн мөчийг тархиндаа компьютер шиг л сануулж авахгүй бол хөндлөнгийн зүйлтэй холилдоод арилаад өгөх талтай. Бас хүний бүтээлээс ч санаа сэрхийтэл дамжаад ороод ирэх тохиолдол зөндөө. Монголын эртний мэргэд энэ тухайд зав чөлөөгүй суралцах хэрэгтэй хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь тийм ч амар биш зүйл дээ. Орж ирсэн зүйлийг сургуульд олж мэдсэн техник, арга барилаар боловсруулна. Санаа төдий байгаа болохоор түүхий эд гэсэн үг. Ер нь хөгжмийн төгс бүтээл болгох нь түүхий эд боловсруулахтай адил.
-Хөгжмийн зохиолч хүн бусдынхаа хөгжмийг мэдээж сонсдог байх. Таны хувьд хамгийн сонсголонтой хөгжим бичдэг хөгжмийн зохиолч хэн бэ?
-Хөгжмийн бүтээлийг сонсоход тухайн зохиолчийн ааш авир, тэр ч бүү хэл хөгжим бүтээж байх үеийн хүмүүсийн амьдрал хайр сэтгэл хүртэл сонсогддог. Сайн бүтээл, муу бүтээл байх нь чухал биш. Хамгийн гол нь тэнд заавал нэг гайхамшиг нуугдаж байдаг. Түүнийг нь олж сонсохыг хичээдэг. Шинэ хөгжмийн бүтээл туурвигчдын бичлэгийг илүү сонирхож шимтэн сонсож, цуглуулдаг.
-Таны хөгжмийн бүтээлийн анхны сонсогч хэн байдаг вэ?
-Мэдээж манай гэх бүлийнхэн анхны сонсогчоор томилогддог . Учир нь хүссэн ч эс хүссэн ч яах аргагүй сонсох гэж хөгжмийн зохиолчийн гэр бүл болцгоосон шүү дээ.
-Өөрөө өөрийнхөө бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг уу? Зарим уран бүтээлчид сүүлд нь алдаа харагддаг гэх?
-Зарим бүтээлээ сонсоход яаж ингэж хөдөлмөр гаргаж хичээж, цаг зав гаргасан юм бол гэж боддог шүү. Гэхдээ хүн л юм чинь гурилдах үе гарна. Сонирхолтой нь хөгжмийн зохиолчийн гурилдсан гэх үү, цаг тулаад аргалаад хийсэн хөгжмийг хүмүүс шимтэн сонсож магтах дуртай байдаг. Харин эерэгээр сайн хийсэн зүйлийг огтхон ч сонсдоггүй. За энэ ч бараг уламжлал болсон зүйл дээ. Гэхдээ хөгжмийн зохиолчид хүртэл амьдралтай.
-Яруу найрагчид сайхан бүсгүй хараад шүлэг тэрлэдэг гэдэг. Түүн шиг танд хэн нэгэн хүнд зориулж хийсэн хөгжмийн бүтээл байдаг уу?
-Хөгжмийн бүтээлүүд маань бүгд цаанаа эзэнтэй. Тэр бүрийгээ хүнд хэлээд байдаг хөгжмийн зохиолчид цөөн.
-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Соронзон ах хэзээ магнайгаа хагартал баярлаж байсан бэ?
-Миний насныхан нэг их хүүхэд шиг баярлаад гүйгээд байна гэж юу байхав. Баярласан ч дотроо, гомдсон ч дотроо байдаг болдог юм байна. Харин Төрийн шагнал авахдаа маш их баярласан бас хөөрсөн шүү. Монголд ардчилал жинхэнэ утгаараа иржээ гэж хүртэл бодож байсан. Учир нь ардчиллаас өмнө шинэ хөгжим сэдэж, бүтээж байсан хөгжмийн зохиолчдыг ЗХУ-д ч тэр, манайд ч тэр хөрөнгөтний үзэл сурталтан хэмээн цоллодог байлаа шүү дээ.
-Хөгжмийн зохиолч юунаас кайф авдаг бол гэдэг бас их сонин байна?
-Би үргэлж л бага охин Баттуяатайгаа цагийг өнгөрөөж байгаа. Охин маань их сайхан мэдрэмж, сайхан санааг мэдрүүлээд байдаг юм. Энэ нь дуусахгүй үргэлжлэх байх.
-Ингэхэд танд хэн энэ нэрийг хайрласан юм бол. Яагаад ингэж нэрлэсэн .юм бол гэж асууж байв уу?
-Би 10 хүүхэдтэй айлын 9 дэх нь. Аав маань л намайг Соронзонболд гэж нэрлэсэн юм билээ. Би ааваас яагаад надад ийм нэр өгсөн юм бэ гэж асуусан чинь хүүхдүүдийн минь cop нь болохоор ингэж нэрлэсэн юм гэж хэлж байсан. Намайг яагаад ингэж нэрлэсэн юм бэ гээд л шалаад байхаар цаашлуулсан нь тэр байх л даа.
-Танайд урлагийн хүн байсан уу, энэ авьяас хэнээс өвлөгдсөн гэж боддог вэ?
-Манай ээжийн аав ээж уртын дууг их сайхан дуулдаг хүмүүс байсан. Харин ээж маань хөгжимд сүрхий авьяастай. Шанзыг гайхалтай сайхан тоглоно. Тэгэхээр ээжийнхээ л тэр сайхан авьяасыг өвлөж төрсөн юм болов уу даа. Ер нь манайхан бүгд хөгжмийн мэдрэмжтэй. Миний дээд талын ах Баяраа маань бур мэргэжлийн хөгжимчин хүн. Харин бусад нь өөр мэргэжил эзэмшсэн.
Х.Алтанцэцэг