Үүл дарга АН-ын хоёрдугаар ээлжийг хоолонд оруулах том үүрэгтэй

хашир бурхи. Тиймээс ч сүүлийн хорин жилийн турш чансаатай гэсэн улстөрчдийн тэргүүн эгнээнд явдаг байлаа. Сайхан ярьж, уран илтгэж, бусдыг шүүмжилж чаддагийг нь ард түмэн мэднэ. Харин гүйцэтгэх ажил болоод аж ахуйн ажилд ямар туршлага дадлагатай вэ гэдгийг тодорхойлоход бэрх төдийгүй сайн улстөрч байх нь сайн гүйцэтгэгч, сайн менежер байна гэсэн үг биш гэдгийг тун тодорхой харуулж байна.

Э.Бат-Үүл гэж сайн улстөрч хотын даргын суудалд залраад 100 хонож байгаа ч мөрийн хөтөлбөргүй, ирэх дөрвөн жилд их хотыг яаж хөгжүүлэх, иргэдэд нь чиглэсэн ямар ажил яаж хийх нь тодорхойгүй байгаагаас шуудхан ингэж дүгнэхэд хүргэлээ. 2,7 сая хүнтэй улсын нийслэлд 1.5 сая нь амьдардаг. Хэт төвлөрлийн тод жишээ болсон ийм хотыг Ардчилсан нам түүхэндээ анх удаа олонх болон бүтнээр нь толгойлж байгаа. Сонгуулийн өмнө ч тэд ийм зорилго тавьсан. Зорьсондоо ч хүрсэн. Харамсалтай, нийслэл хэмээх улсын тал болсон улсыг авч чадсан шигээ удирдах ёстойг ойлгохгүй, улстөржсөн популист алхмуудаар удаа дараагийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр улайраад байх юм.

Ирэх сард орон нутгийн сонгууль болох гэж байгаа учраас шинэхэн хотын дарга хамаг анхаарал, нервээ сонгуульд хандуулчихаад хаа­на очиж ямар үг хэлж олны талархлыг хүлээх вэ гэдгээ л бодож буй болохоос хэлсэн үг, гаргасан шийдвэр нь цаасан дээрээс амьдрал дээр буухдаа юу болж хувирахыг тооцоолохгүй урагшилж байна. Ингэхдээ нийслэлийн иргэдийг ч ор тас мартаж орхижээ. Мөрийн хөтөлбөрөө гаргахгүй, батлуулахгүй байгаа цорын ганц шалтгаан нь орон нутгийн сонгуулийн дүн гэнэ. Ялах, ялагдахаас хамаарч нийслэл, дүүргүүдийн бүтцийг өөртөө болон намдаа ашигтайгаар хийхийг л чухалчилж буйгаас мөрийн хөтөлбөр яах вэ газрын асуудал чухал байна хэмээн өрсөлдөгч намаа ч энэ тоглоомондоо татаж оруул­чихаад өөрийнхөөрөө бүг­дийг хийж буй дүр эсгэн байгаа юм. Олуулаа хөгжих уриатай баатрын тухайд дэндүү бачуухан хүсэл түүнийг өнөөдөр ингэж олноороо хүлээж байгаа нийслэлчүүдээ мартахад хүргээд байгаа ажээ.

Орон нутгийн сонгуулиар нийслэлд ялалт байгуулж дөнгөвөл дүүргүүдийн Тамгын газрын орон тоог хэд дахин нэмэгдүүлж Засгийн газраас бялуу хүртэж чадаагүй үлдэгсдийг хоолонд оруулах гээд байгаа юм гэсэн. Харин ирэх сонгуулиар нийслэлд ялагдвал дүүргүүдийн Тамгын газрын орон тоог одоо байгаагаас цөөлөн бүх эрх мэдлийг хотын захиргаанд буюу өөртөө татан төвлөрүүлэхээр тооцоолоод байна. Ингэхээр бид орон нутгийн сонгуулийн дүн гартал хотын даргаас мөрийн хөтөлбөр хүлээгээд, ирэх дөрвөн жилд нийслэлийн хөгжил, нийслэлчүүдийн амьдрал хаашаа чиглэхийг харах гэж горьдоод нэмэргүй юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн дараа л Э.Бат-Үүлийн баруун гар хөдөлж мөрийн хөтөлбөр цаасан дээр бууна. Тиймээс сонгууль болтол хотын дарга байнга хэзээ биелэх нь тодорхойгүй популист ажиллагаа, амлагаа­гаар бэлэг барина. Тэр хаана очиж хэнтэй гар баривал олон нийтэд таалагдах, хаана ямар темпээр дуугарвал ард түмний анхаарлыг татах бол гэхээс өөрийг бодохгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ч ийм л ажил хийж ирсэн. Гэхдээ ганцхан түүнийг буруутгаад байж бас болохгүй бололтой. Өнөөдөр Ерөнхийлөгчийн дохиогоор Ардчилсан нам хөдөлж байгаа нь үнэн. Иймээс ч хүн амын тал төвлөрсөн нийслэл рүү Ерөнхийлөгч өөрийн гарын хүн Д.Баттулгаа илгээсэн. Тийм болохоор яг үнэндээ Үүл баатар биш үнэнч албат Д.Баттулга нь нийслэлийг удирдаад байгаа юм гэх үгс сонсогдох болоод удаж байгаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг Засаг даргынхаа хийх хэрэгжүүлэх хөтөлбөр энэ тэрийг баталдаг, хотын бодлого боловсруулдаг тун том суудал. Гэхдээ засаг ноёны хаана хэнтэй уулзах, ямар үйл ажиллагаа явуулах гээд хэлэх ярих, босох суух бүрийг нь Д.Баттулга л нэг бүрчлэн зааж, зурж суудаг гэх яриа нэгийг бодогдуулахаар байгаа юм. Түүнээс биш ард түмний дунд гайгүй шударга гэсэн имижтэй Э.Бат-Үүл арай ч ийм том айлын эзэн-ээр сонгогдож иргэдийнхээ итгэлийг авсан хэрнээ тэднийхээ төлөө гэхээсээ АН-ын гишүүдийг ажилтай болгоход л толгойгоо ажиллуулахаас өөрийг хийхгүй сууна гэдэг арай ч байж боломгүй зүйл санагдаад байгаа юм.

Хуучны хаалга, хөшөө дурсгал төдийхнийг нурааж хураахаас өөр хийх ажил өвлийн хахир хатуу цаг ирж байгаа энэ үед зөндөө л байгаа баймаар. Гэтэл нийслэлд Ардчилсан нам ялвал Засаг дарга Э.Бат-Үүл баатарлаг гавьяа байгуулан дүүргүүдийн Тамгын газрын орон тоог хэдэн зууд хүргэнэ. Ялахгүй бол нийслэлийн Засаг тамгын газар хэдэн зуугаар хүрээгээ тэлнэ гэж байгаа нь хоосон хоцроод байгаа хоёрдугаар ээлжийг ямар ч аргаар хамаагүй хоолонд оруулах гэсэн гол зорилгоор тугаа хийн зүтгэж боломгүй. Үүл баатар минь сэрж үз, намаа биш хотоо бод.

М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button