Б.Баасанжав Хүннүгийн сүг зурагтай бүтээгдэхүүн маань Монгол туургатны үзэсгэлэнд тэргүүлж байсан
Б.Баасанжавтай ярилцлаа.
-Та хэзээнээс эсгий, ширмэл бүтээгдэхүүн хийж эхлэв. Одоо үйлдвэрлэл чинь ямар төвшинд байна вэ?
-Би санхүүгийн мэргэжилтэй хүн. Тэтгэвэрт гараад дунд сургуульд жижүүр хийдэг байсан. Хонх цохихоос өөр ажилгүй болохоор уйдаад эсгий урлал оролдож эхэлсэн. Улмаар 2005 онд Дарханд болсон Уран гартнуудын улсын уралдаан-д оролцоод хоёрдугаар байрт шалгарч, өргөмжлөл, 100 мянган төгрөгийн шагнал авч байлаа. Үүндээ урамшаад үргэлжлүүлэн хийх болсон. Тэгээд өнгөрсөн жилийн тавдугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийн газрын сургалтад сууж, төсөл бичиж зээлд хамрагдаад өрхийн үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хоёр хөгшин хүнтэй дөрвүүлээ бүлэг болон ажиллаж байгаа. Сургалтад суугаад, зээлд хамрагдсанаас хойш өөрсдийнхөө хүчээр тасралтгүй бүтээгдэхүүнээ хийгээд явж байна.
-Танайх эсгийгээр ямар, ямар бүтээгдэхүүн хийдэг вэ. Эсгий урлалын онцлог, давуу тал нь юу вэ?
-Манайх гэрийн ширдэг, тойруулга, машины суудал, буйдангийн зөөлөвч, олбог, ширдэг, бэлэг дурсгал, гутлын улавч, гудас зэргийг хийдэг. Эсгий ширмэл нь Хүннүгийн үеэс уламжлагдан ирж, бидний өвөг дээдэс ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан. Нэг хэсэг эсгий урлал тасарчихсан байсан бол одоо бид сэргээгээд хээ угалз оруулан хийж байна. Эсгий урлалыг ямар ч химийн хольцгүй цэвэр хонины ноосоор хийж, тэмээний ноосон утсаар ширж байгаа болохоор байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн үг. Ноосоо гараар цэвэрлэх зэрэг уламжлалт технологиор хийдэг. Тиймээс хэдэн үе дамжсан ч урагдахгүй бат бөх, ус чийг даахгүй, агаарын солилцоо сайн, дулаахан, дуу чимээ багасгадаг давуу талтай. Нэг хэсэг хүмүүс үс, ноос нь унадаг гээд хэрэглэдэггүй байхад гадаадынхан давуу чанарыг нь мэдээд их авдаг байсан. Харин одоо манайхан ойлгоод их хэрэглэх болсон. Нэг өрөөгөө дан эсгий урлалаар тохижуулж, машин, буйдан дээрээ олбог тавьдаг болсон. Буйдангууд дандаа ледирин, савхин бүрээстэй байдаг учраас чийг их татдаг. Тиймээс хүмүүс буйдан дээрээ эсгий тавих нь их болсон.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Борлуулалтаа яаж хийж байна?
-Түүхий эдээ малчдаас худалдаад авчихна. Бид олон түнштэй. Тэмээнийхээ ноосыг Баянхонгор аймгийн Баянлиг сумаас авдаг. Харин хонины нарийн ноосоо Булган аймгийн Орхон сумаас авдаг. Энд Монголдоо хамгийн нарийнд тооцогдох суурь ноостой хонь байдаг юм. Борлуулалтын хувьд өөрсдийн гэсэн лангуугүй учраас их хэцүү. Байнга гадуур зараад явж чаддаггүй. Гадуур зараад явахаар бүтээгдэхүүнээ хийх хүнгүй болчихно. Тиймээс голчлон үзэсгэлэнд оролцож, захиалга авч борлуулдаг. Уг нь миний бүтээгдэхүүн энэ төрлийн үйлдвэрлэл дундаа нэгдүгээрт орохуйц хийцтэй. Тиймээс хүмүүс их сонирхдог. Гэвч лангуугүй болохоор олон түмэнд хүргэж чадахгүй байна.
-Захиалга хэр байдаг вэ. Үзэсгэлэнд оролцоод борлуулалт сайн хийж чаддаг уу?
-Үзэсгэлэн худалдаанд оролцсон үедээ чамгүй орлого олдог. Захиалгаа ч гэсэн ихэвчлэн үзэсгэлэнгийн үеэр олдог. Захиалга өгсөн хүмүүст хийсэн бүтээгдэхүүн маань их таалагддаг учраас тэднээр дамжуулж олон захиалга ирдэг. Миний хийсэн Хүннүгийн сүг зураг бүхий хээтэй хоёр бүтээгдэхүүн Дүүрэн санаа төвийн Монгол туургатны үзэсгэлэнд оролцож тэргүүлсэн гэсэн. Тэр бүтээгдэхүүнээ би 100 ам.доллараар зарж байсан.
-Үйлдвэрлэл эрхлэхэд гол тулгамдаж байгаа асуудал юу байна. Ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Анхныхаа эргэлтийг Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газраас аваад гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Одоо жил гаруй хугацаа өнгөрлөө. Ер нь үр дүнтэй байна гэж бодож байгаа. Материалаа аваад бүтээгдэхүүнээ тасралтгүй хийгээд, үзэсгэлэнд оролцоод борлуулах бүхий л аргыг хайгаад явж байна. Тэр болгонд зардал гараад их хэцүү байдаг. Гэсэн ч энэ үеэр борлуулалт сайн байдаг болохоор үзэсгэлэн бүрийг алдахгүй орохыг хичээдэг. Түүнчлэн хүн хүчээ нэмэгдүүлье гэхээр багаж, техник нэмж авах шаардлага гарна. Мөн сэмлэдэг, ээрдэг машин гурван жил болоод эвдэрдэг. Тэгэхээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс мөнгөгүйгээр юм хийнэ гэж байхгүй. Бүтээгдэхүүнээ байнга эргэлдүүлж, борлуулдаг байвал бидэнд тулгамдаад байх өөр асуудал алга. Тиймээс дүүрэгт ч юм уу, нийслэлд гар урчуудын бүтээгдэхүүнийг зардаг хямдхан лангуу гаргаж өгмөөр байгаа юм. Тэгэхгүй бол бид шинэ нээгдэж байгаа дэлгүүр, захын лангууг түрээслэх гэхээр өндөр үнэтэйгээс гадна худалдагч цалинжуулах боломж байдаггүй. Өөрсдөө лангуун дээрээ зогсохоор бүтээгдэхүүнээ хийх хүнгүй болчихно. Тиймээс өрхийн үйлдвэрлэгчдэд борлуулалтын асуудал л хүнд байна.
-Үйлдвэрлэл явуулж буй хүн болгон өсч дэвжихийг хүсдэг. Танай өрхийн үйлдвэрлэл ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Би найман хүүхэдтэй. Нэг охин маань дээл оёдог. Хоёр хүргэнийх сүлжмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Дандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, машин техникээ чадах ядахаараа өөрсдөө аваад явж байна. Тиймээс ганц ганцаараа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байснаас нийлээд хоршоо ч юмуу нөхөрлөлийн хэмжээнд ажиллахаар төлөвлөж байна. Тэгвэл үйл ажиллагаа ч сайжирч, тусламж дэмжлэг ч авах боломжтой болно. Одоо шинэ Засгийн газар юм хийсэн хүмүүсээ олж дэмжинэ гээд байгаа. Өмнөх жилүүдэд олгосон жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлүүдийг танил талдаа, ах дүүдээ өгснөөр дандаа том газрууд авсан гэдгийг хэлж байна билээ. Тиймээс одоо хийж, бүтээж байгаа хүнд нь өгнө гэсэн болохоор нэгдээд сайн ажиллавал төрийн дэмжлэгийг авах байх гэж бодож байна.
-Эртнээс уламжилж ирсэн эсгий урлалаа үр хойчдоо өвлүүлэх тал дээр юу хийж байна вэ?
-Зарим хүмүүс бүтээгдэхүүнийх нь зургийг авах гэхээр хориглодог юм билээ. Харин би авахыг нь зөвшөөрдөг. Аваад сайн хийгээрэй, асуух юм байвал асуугаарай, би заагаад өгье гэдэг. Намайг аймаг сумдаас их урьж, хэдэн хүн сургаад өгөөч гэдэг. Гэтэл би багшлах эрхгүй учраас тэр болгон заагаар байдаггүй. Тиймээс мэргэжлийн биш ч гэсэн хийж чаддаг хүмүүст багшлах эрх өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх болно. Одоогоор үр хүүхэд, орчин тойрны хүмүүстээ заагаад л явж байна. Манай хоёр охин эсгийг маш сайн ширдэг.
-Эсгий бүтээгдэхүүний арчилгааг яаж хийдэг вэ?
-Эсгий бүтээгдэхүүнийг бохирдож, халтартсан үед нь угаалгын машинаар угааж болдоггүй. Угаалгын нунтаг, савангаар савандаад гараар илж угаана. Тэгээд цэвэр усаар зайлаад угаалгын машины сэгсрэгчинд хийж гаргаад толийтол нь татаж хатаахад л болно. Эсгий бүтээгдэхүүнийг индүүдсэн ч болдгоороо давуу талтай.
М.Ариунсувд