Манай улс түүхий эдийн үнэ бууралтыг нийлүүлэлтээрээ хангах боломжтой
Уг хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС-ын Эдийн засгийн сургууль хамтран зохион байгууллаа. Энэхүү чуулганы зорилго нь эдийн засгийн тооцоо, судалгааны үр дүнг бодлого тодорхойлогчдод хүргэх юм. Тиймээс ч МУИС- ын Эдийн засгийн сургуулийн профессорууд, Дэлхийн банкны судлаачид илтгэл тавьсан. Судлаачдын ярьж буйгаар манай улс уул уурхайн салбартаа холбоотойгоор гарч ирэх эрсдэл байгаа юм. Уул уурхайн салбар монголд тэргүүлэх салбар болчихсон. Гэтэл уул уурхайн салбар эрсдэлтэй учраас үүнийг дагаад эдийн засаг ч эрсдэлтэй болж байгаа юм. Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа учраас уул уурхайн салбарыг бүтээгдэхүүний багц хэлбэрээр ойлгож болно гэв.
Өөрөөр хэлбэл, нүүрс, алт, зэс, молебдин зэргээр төсөөлж болох юм. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүний экспорт дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байдаг. Гэтэл тэдгээрийн үнийн үйл хөдлөл өөр өөр байна. Тиймээс эдийн засгийн эрсдэл, экспортын багцын эрсдэл бага байх нь чухал аж. Эдгээр бүтээгдэхүүний үнэ нь харьцангуй тогтвортой байхаас гадна нэг бүтээгдэхүүний үнэ унаж байхад нөгөө нь дагаад унахгүй байх юм үед уул уурхайн салбар эрсдэлгүй байна гэсэн үг. Харин сүүлийн үед манай экспортын багцад нүүрсний эзлэх хувь өндөр болсон. Нүүрс нь алттай харьцуулахад үнийн хувьд өртөмтгий. Мөн эдийн засгийн нөхцөл байдалд мэдрэмтгий байдаг аж. Дэлхийн эдийн засаг бага зэрэг цочроход нүүрсний үнэ огцом унадаг. Тэгэхээр үүнийг дагаад манай экспортын багцны эрсдэл өсч байгаа гэдгийг онцлов. Тиймээс үүнээс зайлсхийхийн тулд эрсдэлийн сан байгуулах хэрэгтэй аж. Эрсдэл өссөн үед эрсдэлийн санг нэмэгдүүлж, буурсан тохиолдол санг бууруулах арга замыг тодорхойлох ёстой гэв.
Түүнчлэн манай улсын давуу тал бол уул уурхай болсон мөртлөө бусад салбарын өрсөлдөх чанар нь буураад байгаа. Энэ бол голланд өвчний шинж тэмдэг аж. Манайд уул уурхайн салбар голлох байр суурийг эзэлж байгаа үед дэлхийн эдийн засгийн байдлаас хамааралтай байх аж. Гэтэл дэлхийн эдийн засгийн ойрын байдал тийм ч сайн харагдахгүй байгааг судлаачид хэлж байв. АНУ-ын төв банк, Европын төв банк ойрын таван жилдээ дэмжлэг хүсэхүйц сул байна гэлээ. Энэ нь үнэ буурахтай холбоотой аж. Гэхдээ үнэ бууралтыг манай улс нийлүүлэлтээр хангах аж. Тиймээс Монгол улсад нөлөөлөх байдал бага байх боломжтой гэдгийг хэлж байв.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн талаар ч онцлон ярьсан юм. Учир нь манай улсын Хүн ам, зүйн цонхны үе хаагдаж байгаа бөгөөд цонхны үе үр бүтээл багатай өнгөрсөн гэж дүгнэсэн байна. Үүнд өнгөрсөн жилүүдэд хавтгайруулан олгосон халамжийн бодлого нөлөөлснөөс гадна манай улсын хувьд эдийн засгийн таагүй үе давхцсантай ч холбоотой гэж үзэж байгаа аж. Мөн ирэх жилүүдэд олгох хүүхдийн мөнгө ч ажиллах сонирхол буурахад нөлөөлөх ч эргээд хэдэн жилийн дараагаар ажиллах хүчийг нэмэгдүүлэх бодлого болж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар ажиллах хүчний сонирхол буурсан тул үүнийг зохицуулсан бодлого боловсруулах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байв. Одоогийн байдлаар монголд 30 наснаас дээш буюу дунд эргэм насныханд ажил олддоггүй тул үүнийг анхаарах хэрэгтэй байгаа. Гэхдээ судалгаагаар 25 наснаас доош буюу ид ажиллах хүчин маань ажиллах сонирхолгүй байгаа тул үүнийг илүүтэй анхаарах хэрэгтэй гэв.
Түүнчлэн манай улсад шинэ тутам үйл ажиллагаагаа явуулж буй Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай аж. Одоо л дөнгөж мэдээллийн сангаа бүрдүүлж эхэлж байгаа учраас Хөдөлмөрийн төв бирж ажиллах хүчний сонирхлыг нэмэгдүүлэхэд тусалж чадахгүй байна гэж байгаа юм.
М.Ариунсувд