Буудайн үнийг 280 мянгаар тогтоож, гурилын үнийг 550 төгрөгт барих боломжтой боллоо
![](/wp-content/uploads/upload/oldolloo/guril60.jpg)
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж Улаанбаатар гурил компанийн захирал Ц.Баатарсайхан, тариаланчдыг төлөөлж Монголын тариаланчдын холбоо ТББ-ын ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй нар гарын үсэг зурлаа. Энэ жилийн буудайн үнийг тогтоохдоо үйлдвэрлэлийн өртөг, дэлхийн зах зээлийн ханш, нөөц зэргийг харгалзан 280 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө хоёр ч удаа үнийн асуудлаар хуралдаж, санал бодлоо солилцсон юм. Тариаланчдын зүгээс өмнөх жилүүдийн үнэ буюу 350 мянган төгрөгөөс доош буулгах боломжгүй гэсэн байр суурьтай байсан бол гурил үйлдвэрлэгчид энэ үнээр авснаар 1-р гурилын үйлдвэрийн үнийг 550 төгрөгт тогтвортой барьж чадахгүйд хүрнэ гэж байсан юм. Харин яамны зүгээс тариаланчид болон гурилын үйлдвэрүүдийн эрх ашгийг аль аль талдаа хангахуйц бодлого боловсруулснаас гадна буудайн үнийг 280 мянган төгрөгөөр тогтоосноор гурилын үнэ 550 төгрөг байх боломжтой боллоо.
М.Ариунсувд