Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн цуврал хэлэлцүүлэг эхэллээ

мөнгөний бодлогын асуудлуудтай холбоотойгоор эдийн засгийн гадаад орчин, төлбөрийн тэнцэл, валютын бодлогын асуудлаарх илтгэлүүдийг үдээс өмнө сонсон, оролцогчид саналаа хэллээ.

2009 оноос эхлэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим-д эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс, иргэдийг оролцуулан санхүү, эдийн засгийн асуудлуудаар цуврал хэлэлцүүлэг хийдэг уламжлал тогтсон билээ. Харин энэ удаа цуврал хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хороод анхлан хамтран зохион байгуулж буй юм.

Эдийн засгийн гадаад орчин, мөнгөний болон төсвийн бодлогын асуудлаарх энэ хуралдааныг нээж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ Гадаад, дотоодын эдийн засгийн байдал ямар байгаатай уялдаад 2013 оны төсөв, мөнгөний бодлого хэрхэн хийгдэж байгаа талаар эрдэмтэн судлаачид, иргэдийн саналыг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо төсөв, мөнгөний бодлого, 2013 оны үндсэн чиглэл, төсвийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэдний зарим нь энэ хуралдаанд оролцож байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2013 оны төсөв, Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлогын баримт бичиг хэрхэн зөв тусгалаа олсныг та бүхэн шүүн хэлэлцэж, саналаа хэлнэ гэдэгт итгэж байна. Энэ хэлэлцүүлэг гурван өдөр үргэлжилнэ. Өнөөдөр мөнгөний бодлого, маргааш эдийн засгийн асуудлуудыг ярих болно гэв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс Дэлхийн эдийн засгийн чиг хандлага, Стратегийн судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат 2013 оны БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал, Монгол Улс дахь болзошгүй нөлөөлөл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Л.Хайсандай ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, Монгол банкны валют, эдийн засгийн газрын эдийн засагч Ц.Бямбацогт Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2012 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2013 оны чиг хандлага, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Төгөлдөр, Өрийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Таванжин нар Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт, өр төлбөр, өрийн үйлчилгээ гэсэн илтгэлүүд тус тус тавилаа.

Мөн үдээс хойш эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын асуудлаар хоёр дахь хэлэлцүүлэг болов. Үндэсний статистикийн хорооны макро эдийн засаг, статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бодит секторын 2011 он, 2012 оны эхний 8 сарын гүйцэтгэл, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бодит секторын 2013 оны төсөөлөл, 2014-2016 оны чиг хандлага, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш А.Алтанцэцэг Хэрэглэгчдийн итгэлийн индекс гэсэн илтгэл тавьж, эрдэмтэн, судлаачид саналаа хэлэв.

Энэ өдрийн хоёр хуралдааны илтгэгчид Гадаад орчны буюу ОХУ,БНХАУ, дэлхийн бусад орны эдийн засгийн хямралаас үүдэн манай эдийн засгийн өсөлт 2013 онд өмнөх онтой харьцуулбал бага зэргийн уналттай байх болно. Төлбөрийн тэнцэл ашиггүй байгаа нь бас ирээдүйн өсөлтийн хөрөнгө оруулалттай ч зарим талаар холбоотой. 2013 онд эдийн засгийн өсөлт 12.4 хувь, цаашид өсөх хандлагатай, инфляци ирэх жил 8 хувь байна гэж төсөөлж байгаа хэмээн ярьж байлаа. Харин оролцогчид Урсгал данс, төлбөрийн тэнцэл их алдагдалтай байна. Үүний цаана юу байгааг судлах хэрэгтэй. Их үрэлгэн зардалтай байна. Ирэх онд болон цаашид, тодруулбал ойрын дөрвөн жилд бүх үзүүлэлтээр дэлгэрүүлэн 2013, 2014, 2015, 2016 онд ийм төсөөлөл байгаа учраас ингэж өсөх юм гэдгийг тодорхой харуулмаар байна. Тэр үндэслэл болох төсөөллүүд нь байгүйгээр тэдэн хувиар өснө гэж яриад байгаа нь ойлгомжгүй санагдана хэмээн шүүмжлэлтэй хандаж, бас тодорхой саналууд хэллээ.

Хэлэлцүүлэг 16, 17-нд дор төлөвлөсөн байдлаар үргэлжилнэ.

2012 оны 10 дугаар сарын 16-ны мягмар гарагийн 09.00-11.30 цагт Мөнгөний бодлогын дэд зөвлөлийн хуралдаан, 13.30 – 16.30 цагт Төсвийн бодлогын дэд зөвлөлийн хуралдаан, 10 дугаар сарын 17-ны лхагва гарагийн 09.00-11.00 цагт Макро эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах дэд зөвлөлийн хуралдаан, нээлттэй хэлэлцүүлэг болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button