Л.Эрхэмбаяр шүүх хуралд Р.Бурмаа, Зам Тээврийн сайд А.Гансүх нарыг гэрчээр оролцуулахыг хүсчээ

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан уг шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Зам тээврийн сайд А.Гансүх нарыг гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан байна. Тэд шүүх хурал дээр юуг гэрчлэх ёстой вэ гэдэг нь сонирхолтой. Уг нь СЕХ, тойргийн хорооны дарга нарын зүгээс энэ талаар албан ёсны тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Тэгэхээр Л.Эрхэмбаярын гомдлыг эцэслэн шийдэхэд хамгийн тохирох гэрчүүд нь Н.Лувсанжав, М.Баасанхүү нар баймаар юм.

Гэтэл Ардчилсан намаас жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Р.Бурмаа, УИХ-ын сонгуулийн үеэр нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежерээр ажиллаж байсан А.Гансүх нар яагаад Л.Эрхэмбаярын зүтгүүлж буй 43 дугаар тогтоолыг зөвтгөхийн тулд шүүх хуралд гэрчээр татагдан тайлбар өгөх ёстой юм бол. Хуульчийн хувьд өмөг түшиг болно гэж үзсэн юм болов уу. Харин тус тойргийн хорооны нарийн бичгийн дарга, будилааны эзэн Б.Ганцэцэгийн хувьд дээрх маргааныг шийдвэрлэхэд үнэн зөвийг өчиж хоёр салаа тогтоол танилцуулсан үйлдлээ тайлбарлах үүрэгтэй. Тэрбээр эдүгээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй.

Б.Ганцэцэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, тойргийн хорооны 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарь батлах тухай дөрөвдүгээр тогтоолын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тойргийн хорооны тэмдэг, хэвлэмэл хуудас, бичиг хэргийн бүртгэлийг сэйфэнд цоожлон тойргийн хорооны үйл ажиллагааг хуулийн хугацаанд хэвийн явуулах нөхцөл бололцоог алдагдуулсан, тойргийн хорооны 14 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан хоёр өөр дүн гаргасан зэрэг асуудлыг М.Баасандорж дарга тодорхой тайлбарлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг.

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны жинхэнэ тогтоол буюу 48 дугаар тогтоолд тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Лав л дарамталж байгаад хүчээр гарын үсэг зуруулаагүй байлтай. Хэрэв тэгсэн бол шүүхийн өмнө хэний дарамтаар яагаад гарын үсэг зурж баталгаажуулсанаа хэлэх хэрэгтэй. Тойргийн хорооны 48 дугаар тогтоолоор одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нарыг сонгосон. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сайхантуяад ирүүлсэн 2012 оны есдүгээр сарын 3-ны 716 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай бичигт Сонгуулийн ерөнхий хороонд 26 дугаар тойргийн хорооноос 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 43 дугаар тогтоолыг ирүүлээгүй болно хэмээн Н.Лувсанжав гарын үсгээ зурсан байдаг. Харин нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 48 дугаар тогтоолыг үгүйсгэж шүүхэд гомдол гаргасан.

Хэрэв түүнд СЕХ-ны шийдвэр таалагдахгүй байгаа бол Та СЕХ-ны шийдвэрт итгэж УИХ-ын гишүүдийг батламжилсан чинь буруу шүү гээд Ерөнхийлөгчид гомдол гаргаж болно шүү дээ. Тэр Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд түүнд ойрхон байдаг. Тэгвэл УИХ-ын бүх гишүүнийг эргүүлэн татаж дахин сонгуульд явуулах хэрэг гарна. Эс тэгвээс хуулиа л дагахаас өөр яах билээ. Тэгээд ч УИХ-ын гишүүнээр сонгогдохын төлөөх улайралдаа хөтлөгдөн Тойргийн хорооны хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг хуурамчаар үйлдээд зогсохгүй мөрөөрөө ажлаа хийж яваа УИХ, Засгийн газрын гишүүнийг шүүх хуралд гэрчээр татан оролцуулах шаардлага тавьж яваа нь тун ч арга ядсан хэрэг биз ээ.

М.Лосол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button