Пакистан даяар Би Малала тэмцэл эхэллээ
тэмцсэний хариу болгон толгойдоо буудуулсан билээ. Энэ явдлыг дэлхий нийт болоод хүмүүнлэгийн байгууллагууд буруушаах болсон юм. Малала Ёосафзай охины энэ үйлдэл дэлхийн сая сая охидод тулгардаг зовлонгийн эх үүсвэрийг дэлхий нийтэд дэлгэн тавьсныхаа төлөө өөрийгөө гаргуунд нь гаргасан хэрэг боллоо хэмээн хүний эрхийн байгууллагаас мэдээлсээр байгаа билээ.
Тэгвэл Пакистан даяар өсвөр насны хүүхдүүд Би бол Малала гэсэн цамц өмсөн Талибанчуудын харгислалын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн тэмцэл өрнүүлсээр байна. Дэлхий нийтийн боловсролыг хүүхэд, ялангуяа охидод эзэмшүүлэхийг урьтал болгохын оронд тэдний сурах орчныг хааж хар багаас нь хүнтэй суулган эр нөхрийн гар харахыг илүүд үзэх шашин болоод Талибанчуудын хавчлаган дунд буй 60 сая гаруй хүүхэд Малала охиныг дэмжиж байгаа илэрхийлж байна.
Малала хэмээх бичиг бүхий цамц, хувцас хэрэглэл хэдэн сая охидын гарт очин, үүнийг өмссөнөөрөө толгойн өвчиндөө шаналан буй блогчин охины адил үзэл бодлоо илэрхийлэн зоригтой шийдмэг дуугарч байгаа хэмээн үзэх үзэл Пакистан даяар дэлгэрэн энд тэндгүй Би бол Малала гэсэн бичиг бүхий хувцсаар гангарах болжээ. Хүмүүнлэгийн байгууллагын мэдээллээр жил бүр арван сая охин хар нялхаараа эр нөхөрт гарснаас сургуулиа орхин бяцхан ээж болох явдал газар авчээ. СиЭнЭн агентлагийн мэдээлснээр Африк, Энэтхэг болоод дэлхийн зарим муж улсуудад дэлхий нийтийн боловсрол олгох хөтөлбөр гэх нэр томьёо хэтэрхий холын зүйл болоод байгаа аж. Тус нутгийнхан ойролцоогоор 2064 он гэхэд эдгээр нэр томьёог хагас хугас ойлгодог болох бөгөөд энэ болтол холын мөрөөдөл хэвээр байх нь ээ. Мөн тус агентлагийн сэтгүүлч Өмнөд Суданд айлчлах үеэр хийсэн судалгаагаар тус улсад 14-16 нас хүрч буй 100 мянган охид байгаагаас дөнгөж 400 нь л сургууль номын бараа харсан байх юм.
Үүнээс гадна Юнескогийн мэдээллээр Пакистанаас дүрвэсэн 28 сая охид хөвгүүдийн амьдралыг эрх баригчид зөнд нь орхин нүдэн балай, чихэн дүлий байгаа тухай шүүмжлэн энэ хэрэгт өндөр ач холбогдол өгөх хэрэгтэйг онцолж байна. Дүрвэгсдийн сууринд багачууд сургуулилах нөхцөл байдаггүй аж. Байр сав нь байлаа ч багш эсвэл дэвтэр, номгүйгээс хэдэн сая хүүхдийн ирээдүй бүрхэг байгаа юм.
Харин энэ талаар өнгөрсөн сард НҮБ-ын төрийн нарийн бичгийн дарга Бан Ги-Мүүн Дэлхийн банктай хамтран дээрх байдлыг өөрчлөхийн төлөө төсөл боловсруулан ажиллах болсноо мэдэгдсэн билээ. Энэ төсөл хэрэгжсэнээр хүүхэд бүр сургуульд орж боловсрол эзэмших эрхээр хангагдах аж. Дэлхий нийтийн боловсрол олгох хөтөлбөрийг дээрх орнуудад бий болгохын тулд нарийн мэргэшсэн багш нар бэлтгэхээс гадна шинээр сургуулийн барилга байгууламж хийх хэрэгтэй хэмээн танилцуулаад байгаа. Мөн үүнд шаардлагатай хөрөнгийг даруй шийдвэрлэн 2015 он гэхэд ажил эхэлсэн байх хэрэгтэй хэмээн мэдэгдэл хийжээ. Үүнээс гадна хүүхдийн хөдөлмөрийг бүрэн устгаж бага балчир насандаа гэрлэх явдлыг зогсоох стратегийг боловсруулан хууль эрх зүйн нөхцөлийг хангах хэрэгтэй хэмээн мэдээлж байгаа юм. Ямартай ч НҮБ болоод олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхны хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд биеллээ олж эхэлбэл боловсрол эзэмшиж чадахгүй байгаа, балчир гэнэн насаа мэдрээгүй хэдэн сая хүүхдийн гашуун амьдрал эцэс болж мэдэх юм. Хэрвээ үнэхээр эдгээр төсөл хөтөлбөрүүд амьдрал дээр биеллээ олвол өдрийн тэмдэглэлээрээ тэмцэгч Пакистаны блогчин охины ажиллагаа ч талаар болохгүй биз ээ.
Б.Золзаяа