Чанартайг нь хэрэглэж, чанаргүйг нь шахах цаг болсон
Тээвэрлэлтийн хурдыг бол ярих юмгүй. Бид ингэж өөрсдийгөө хуурай хэрэггүй байх. Манайхаас өөр газар орой болгон хугацаа нь дууссан хүнсэндээ устгал хийдэг. Бүр хүн амьтан олоод идчих вий гэсэн дээ жирийн иргэдийг гэрчээр оролцуулдаг байна.
Харин энд бол хугацаа нь дуусвал хямдрал зарлачихдаг, бүр болохгүй бол бэлэг сэлтэд боогоод явуулна эсвэл ямар нэгэн арга хэмжээнд тараагаад өгчихдөг. Гэхдээ л зарим дэлгүүрт ороход гадна уутны өнгө нь гандаж, тоос дарсан хүнсний шошгыг уншихаар яах аргагүй дөнгөж түрүүхэн халуунаараа орж ирсэн шахуу бичээстэй байх юм.
Жишээ нь сүү сүүн бүтээгдэхүүн бодит байдал дээр ганц ч хонолгүй гашилдаг. Гэтэл дэлгүүрийн сүү болохоор 10 хоносон ч яах ч үгүй байдаг. Энэ л хамаг анхаарлыг татаад, ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаад байна уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлээд байгаа юм. Тэгсэн саяхан өтгөн сайхан цэвэр сүү гээд л өдөр бүр рекламдаад байдаг манай томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хуурай сүү хэрэглэдэг болж таарлаа. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Уг нь энэ асуудал яригдаад бараг сар болж байна. Гэтэл өнөөдрийг /өчигдөр/ хүртэл зарим дэлгүүрийн шошго тэмдэгт өөрчлөлт орсонгүй. Хуурай сүү найрлагад байгаа гэх ганц үсэг харагдсангүй. Үүнээс харахад миний орсон хэдэн дэлгүүр шинээр савласан сүү авч ирээгүй эсвэл сүү үйлдвэрлэгч компаниуд одоог хүртэл шошго тэмдгээ шинэчлээгүй болж таарч байна.
Хуурай сүүг хэрэглэх нь тийм ч муу биш. Дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Гэвч Монголчууд л хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Учир нь зах зээлд шилжих жилүүдэд Орос, хятадаас аль хямд гэсэн хуурай сүүг авчирч зардаг байсан. Ямар сайндаа мал тэжээх зориулалттай хуурай сүүг авч ирж зардаг байхав. Тиймээс л хуурай сүү нь гэдэс өвтгөдөг, элдэв үнэр амттай гэдэг ойлголттой үлдсэн аж. 20-оод жилийн өмнө сүү болдог нунтаг цагааныг сайн муу гэж байдаг талаар мэддэггүй байлаа. Одоо бол хэрэглэгчид үнэхээр хашир болсон.
Харин манай сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад цэвэр сүү нь хүрэлцдэггүй учраас хуурай сүүгээр найруулахаас өөр аргагүй болдог. Гэвч зах зээл дээр гараад худалдаалах гэхээр нөгөө Монгол сэтгэлгээнд хуурай сүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор л цэвэр өтгөн шаргалтсан сүү гээд л рекламдаад байгаа юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сүү сүүн бүтээгдэхүүнээ хуурай сүүгээр хийдэг гэдгээ хүлээн зөвшөөр гэсэн хатуу шаардлагыг тавьсан.
Энэ нь тэдний хувьд бараг л дампуурал гэсэн үг. Хэрэглэгчдийн хувьд мэдээж хуурай сүүнээс илүү, цэвэр сүүг сонгоно. Мэдээж илчлэг чанарын хувьд эрс ялгаатай. Хаана үйлдвэрлэсэн ямар чанартай хуурай сүү байх нь хэнд ч хамаагүй. Тиймээс л сүү үйлдвэрлэгчид торгуулсан болоод дахиад л худлаа ярихаас өөр замгүй болж байна. Сүү үйлдвэрлэгчид маань ингэж үйл тамаа үзэж байхаар анхнаасаа л хуурай сүүний сайн талыг ярьж, сурталчилсан бол магадгүй Монголчуудын хүлээж авах сэтгэхүй өөр болсон ч байх юм билүү. Саяхан UBS телевизийн хөтлөгч н.Гантулга нэгэн хуурай сүүний рекламд тоглосон байсан. Давуу тал хэрэглэхэд хялбар, хаана ч хэзээ ч найруулаад уучхаж болно гээд л олон зүйлийг ярьж рекламдаж гарсан. Яахав энэ мэтчилэнгээр хуурайг сүүг Монголчуудын танилцуулж, 90-ээд оны сөрөг сэтгэлгээг арилгаж болох л юм.Тэгээд сурталчилж байна гээд урд хөршөөс орж ирсэн чанаргүй бүтээгдэхүүнээр иргэдийнхээ итгэлийг алдаад байвал хэрэг алга даа.
Манай зарим импортлогчид хямдыг нь бодоод чанар муутай хуурай сүү оруулж ирээд байна. Түүнээс чанартай сүүнд ямар ч асуудал байхгүй гэнэ. Тэгэхээр хилээр оруулж ирэхэд л нарийн хяналт тавьдаг болмоор. Гэвч манайх улсын мэргэжлийн хяналтын газрын лаборатори гэж байдаг. Түүнд л орж ирж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд оруулдаг. Энэ нь технологийн шаардлага хангахаа байгаад үеэ өнгөрөөсөн эд шүү дээ.
Тэгэхээр сүү үйлдвэрлэгчид нь безнэсээ бодсон ч, нэр хүндээ бодсон ч тэр чанартайг бүтээгдэхүүн нийлүүлж, иргэд хэрэглэгчдийн итгэлийг олж авах хэрэгтэй болж байна. Үүнийхээ зэрэгцээ ашиг хонжоо хайгч зарим нэг этгээдийг тухайн салбараас шахаж гаргах цаг болжээ.
Л.Тамир
Оллоо.мн