Металл хайгч барьсан харийн гуйлгачин буюу эх нутагт минь эзэн суусан цагаач
Энэ ч утгаараа тус сумын газар нутгийн ихэнх нь лиценз нэрээр мөнгөтэй хүмүүсийн гарт барьцаалагдаж, нутгийн иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буй юм. Энэ тухай өнгөрсөн сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар явж байх зуур нутгийн иргэд хуучилж, хар нялхаасаа тоглож өссөн Өлзийт голын сав дагуух газар буюу тус сумын нэгдүгээр багийн нутаг малын бэлчээргүй болтлоо сэглэгдсэн тухай сэтгэл сэмэртэл хуучлав.
Үнэндээ бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум миний аавын, ээжийн нутаг л даа. Тэр дундаа Өлзийт гол аавтай минь салшгүй холбоотой. Учрыг сийрүүлбээс энэ голын бэлчирт, тооно өлийн сүндэрлэх хөх хөх аараг толгодын дунд аав минь эгч, дүү нартайгаа хурга, ишиг эргүүлсэн шигээ хөл нүцгэн наадаж, хүн харагдахгүй шахам өндөр ургасан дэрсэн дундаас гэнэт босон дэггүйтэж морьтой хүмүүсийг айлган, Чойдогийн дэрчгэр хөхүүд дэггүй шүү хэмээн зэмлүүлж бас өхөөрдүүлж явсан дурсамж дүүрэн нутаг билээ.
Өрцөө өмлүүлсэн өлзийт гол
Дээрх мэдээллийг аваад хойд гол/Өлзийт голыг нутгийн иргэд ийн нэрлэдэг юм/-ыг зорилоо. Сумын төвөөс хойш 40 гаруй км газар яваад Далдын ам буюу Одод гоулд нэртэй Шинэ-Зеланд нөхрийн ажиллуулдаг уурхайд очив. Олоон жилийн өмнө аавтайгаа хамт энэ нутгаар явж байсны хувьд эл хөндий цэцэг ногоо алагласан сайхан нутаг байсныг бүүр түүрхэн сандаг, санаанаас минь гардаггүй юм. Гэтэл танигдахын аргагүй болчихож. Голын бэлчир дагаад хаа сайгүй уул уурхайн хүнд механизм байрлуулж, голын гольдролыг өөрчлөн хиймэл нуур бий болгочихсон, түүндээ алттай шороо угааж байна. Нутгийн иргэдийн өгүүлснээр Хүйтний ам, Далдын ам, Цагаан дэнж гээд Өлзийт голын сав дагуух 20 гаруй км үргэлжлэх их газрыг Дени хэмээх өвөгжөөр нөхөр юу ч үгүй сүйдэлж орхижээ. Энэ тухай тэд Бидэнд уух ус битгий хэл, малаа бэлчээх газар алга. Мэддэг шалгадаг газар нь байдаг бол хаалгамаар байна хэмээн гомдлын үг чулуудав.
Тэр хавийн газраар буюу Далдын амыг өгсөж уруудан жаал явлаа. Монгол орны хамгийн анхны хуурай газрын дурсгалыг хадгалж үлдсэн сонин содон зүйлс яг энэ нутгаас олдсон байдаг бөгөөд олон сая жилийн настай боржин чулуу, 2 тэрбум жилийн настай гантиг чулуу хүртэл олдож байсныг манай архелогийнхон гайхан хүлээн авч байсан юм билээ. Гэтэл яг энэ нутаг, өчнөөн олон хүн малыг ундаалдаг голын эрэг газрыг улаан хөрстэй нь эргүүлсэн төдийгүй хэд хэдэн газарт урсгалыг нь боосон байх юм. Гэвч азаар гэх үү, энэ зун дэлгэр сайхан бол бороо хур элбэг байсны буянд Өлзийт гол савнаасаа халин хүн малыг харамгүй ундаалсан гэнэ. Дени хэмээх нөхөрт олон жил нутаг усаа сэндийчүүлсэн нутгийн олны хувьд энэ бол яах аргагүй сайхан мэдээ байлаа. Энэ үеэр нутгийн иргэдтэй уулзсан бөгөөд Бидний нэрийг бичээд яах вэ гэснээр зарим зүйлийг тодруулсан юм.
-Дени гэж энэ хүн хэдэн оноос уурхайгаа ажиллуулж эхэлсэн юм бэ?
-Удаж байгаа. 2000 оны эхээр энд ирсэн. Уг нь энэ уурхайн лиценз нь Денид биш аймгийн төвийн хүнд байсан юм гэнэ билээ. Тэгээд л энэ нөхөрт зарчихсан юм гэсэн.
-Лицензийнх нь талбай ийм том байсан юм болов уу. Хүйтний ам, Далдын ам, Цагаан дэнж гээд Өлзийт голын сав дагуух 20 гаруй км нутгийг бүхэлд нь сэндийчээд хаячихсан юм байна?
-Харин тийм ээ, наад асуудал чинь л анхаарал татаад байна. Энэ хүн гол уруудаад л ухаад байх юм. Өнгөрсөн жил Хүйтний амыг дуусгасан. Гэтэл энэ жил уруудаад Цагаан дэнж хүртэл явсан. Одоо эргээд Хүйтний ам, Далдын амруугаа орж ирж байна. Бодвол үлдсэн алтыг нь хаман авч байгаа юм байлгүй. Сүүлийн үед уулын суга, ам өгсөөд ухдаг боллоо. Уг нь хэдхэн хоногийн өмнө тэр уулын бэлээр, сугаар явдаг байсан юм. Гэтэл одоо харлдаа. Юу ч үгүй ухаад хаячихсан байгаа биздээ.
-Та нар уурхайг хаалгах талаар арга хэмжээ авсан уу?
-Сум орон нутгийн удирдлагууд мэдэж байгаа. Шалгадаг л гэсэн. Тэд үсрээд л 250 мянган төгрөгөөр торгодог юм гэнэ билээ. Гэвч үйл ажиллагаа нь явж л байдаг юм. Хаая аймгийн Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирлээ гэдэг. Тэд арай илүү сая төгрөгөөр торгодог юм уу даа. Гэвч нэмэр байдаггүй. Өчнөөн тэрбумыг олж байгаа хүмүүст тэр юу ч биш. Зарим нь тэдэнд хахууль өгчихсөн. Тэгээд хаахгүй ажиллаж байгаа юм гэх юм билээ. Үнэн худал нь бүү мэд. Гэхдээ энэ нөхөр элдэв хэл аманд тун дургүй. Би монгол хэл мэдэхгүй гээд суугаад байдаг. Харин эхнэр нь гэж хэл амтай монгол хүүхэн бий. Тэр л бүгдийг зохицуулдаг. Бид нарыг очихоор Та нар дээшээ суу. Яасан ийсэн гээд л…
Энэ нутгийн эзэд ийн ярьсан юм. Биднийг очих үед уурхайн эзэд байсангүй. Иймээс Дени гэх нөхрийн талаар судаллаа.
Өлзийт голд эзэн суусан дени гэж хэн бэ
Шинэ Зеланд нь 40 сая гаруй малтай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд 12, хонины мах болон сүүн бүтээгдэхүүний экспортоор нэгдүгээрт, ноосны экспортоор хоёрдугаар байрт ордог гэсэн мэдээлэл бий. Бас уул уурхайн салбар хөгжсөн бөгөөд дэлхийд данстай олон алтны уурхай ч байдаг талаар мэдээлэл уншсан. Гэвч тус улсын хууль хатуу чанга учраас барагтай аавын хүү энэ салбарт хөлөө олно гэж үгүй. Өлзийт голд эзэн суучихаад буй Денигийн хувьд нутагтаа алт олборлохын тулд металл хайгч бариад уул уулын ам дамжин явдаг байсан тухай уурхайн зарим ажилчин өгүүлсэн. Тэгэхээр тэр нөхөр яг л манайхны нинжа хэмээн адлуулдаг шиг нөхөр байсан болж таарч байгаа юм. Гэвч азаар гэх үү, эзээр гэх үү манай улсад ирж, дээрх лицензийг авснаар өнөөдөр, нутгийн олны бас байгаль орчны, төрийн эсрэг дайсан болчихоод буй юм.
Сумын иргэдийн өгүүлснээр гүний худаг гаргаж өгснийг эс тооцвол нутаг орны хөгжилд далайцтай гэхээр хийсэн зүйлгүй гэнэ билээ.
Тэгсэн атлаа нутгийн иргэдэд их муухай ханддаг хэмээн өгүүлж байлаа. Нутгийн нинжа /Бөмбөгөр сум алтны орд ихтэй учраас хувиараа алт олборлогчид буюу нинжа ихтэй юм/ нарын өгүүлснээр тэд Денигийн олборлолт хийгээд ашиглахаа больсон талбай руу орох гэдэг юм билээ. Гэвч хатуу хамгаалалт тогтоосон, орууллаа гэхэд төмрийн үртэс хаа сайгүй цацчихдаг тул алт олборлох ямар ч боломж байдаггүй хэмээн өгүүлж байсан. Энд сэтгэл сэртхийлгэсэн нэгэн үйл явдлыг сийрүүлэхэд Денигийн уурхайн ажилчид Цагаан дэнж хэмээх газар алт олборлож байсан юм билээ. Голын сав дагуух газар болоод тэрүү тэр хавиар урт хайрхан/могой/ элбэг. Уурхайн ажилчид газар ухаж байгаад могойн үүр лүү орчихсон юм байж. Монгол хүн хэзээнээс урт хайрханыг лусын амьтан гэж үздэг тул үүр лүү нь орох нь байтугай хажуугаар нь гарахаас ч эмээдэг хойно. Иймээс энэ учир байдлаа хэлтэл Монголчууд та нар тэнэг. Энэ амьтан намайг яах ч үгүй хэмээн том шанагатай трактороор үүрийг нь ухан бусниулж, урт хайрхануудыг хаман ийш тийш нь шидэлж байжээ. Тэнд байсан зарим иргэний өгүүлснээр урт хайрханы зарим нь тракторных нь шанагыг ороосон, зарим нь хоёр хэсэг хуваагдчихсан тарчилж байсан хэмээн сэтгэл шимширтэл өгүүлж байв.
Монгол улсын хуулийг зөрчигч
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий энэ мэтээр сүйдэж байгаа. Уг нь энэ бүхэнтэй тэмцэхээр УИХ-ын гишүүд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачилж, 2009 онд УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан билээ. Уг хууль 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой. Харамсалтай амьдрал дээр энэ хууль хэрэгжихгүй байгаа жишээ олон бий бөгөөд үүний нэг нь дараах баримт юм. Дени хэмээх нөхрийн мэдэлд байдаг Одод гоулд хэмээх алтны уурхайн олборлох үйл ажиллагаа Өлзийт голоос тав хүрэхгүй алхамын зайд явуулдаг. Зарим газраараа хүнд машин механизмыг голын дунд аваачаад тавьчихсан шороо ухаж байдаг гэх.
Энэ бол тус компанийн хууль зөрчсөн ганцхан үйлдэл бөгөөд мэргэжлийн хүмүүс нь очоод шалгавал өчнөөн но гарна гэдгийг хэлж байна билээ. Энэ талаар бас нэг баримт дурьдахад өнгөрсөн долдугаар сарын дундуур Баянхонгор аймгийн нутгаар алтны компаниудыг шалгах томоохон ажлын хэсэг явна гэсэн сураг гарчээ. Гэтэл дээрх мэдээллийн сургаар уурхайн ажилчид хурц гэрэл асаан шөнөжин ажиллаж тэр хавийн эрүүл газар буюу хөрсийг нь юу ч үгүй эргүүлж орхисон байгаа юм. Урд өдөр нь малаа бэлчээж байсан газрыг гэнэтхэн сэндийчиж орхисон учрыг сүүлд мэдвэл шалгалтын хүмүүст Энэ бол манай мэдлийн газар, ухаад олборлоод эхэлчихсэн гэх явган залиар мэхлэж дараа нь жинхэнэ олборлолтоо явуулдаг хэмээн хуучилсан. Гэвч энэ бүхний хаагуур нь тэр олон шалгалт өнгөрөөд буйг үнэндээ ойлгохгүй байна хэмээн нутгийн олон гайхширч суусан юм. Өөр нэг зүйл гэвэл ажиллах хүч. Биднийг очоод анзаарч байхад тус уурхай нь 40 гаруй ажилтантай бөгөөд тэдний ихэнх нь шинэ-зеландууд байсан ба нутгийн иргэдээс ганц хоёр хүн л тус уурхайд ажилладаг гэж байв.
Чи яасан олон зүйлд хошуу дүрдэг юм
Өнгөрсөн амралтын өдөр танил маань утасдаж нутаг орны сонин дуулгах зуур Манай сумын хоёрдугаар багийн Засаг даргыг Бадамлах-Очир алтны компанийн ажилчид зодож чихийг нь цоо хазсан байна хэмээв. Юунаас болж ийм явдал болсныг лавлаж асуутал өнгөрсөн долоо хоногт тус сумын нутгаар МХЕГ, Тагнуулын ерөнхий газраас бүрдсэн томоохон шалгалт өнгөрнө гэх мэдээлэл тарсан юм билээ. Иймээс хоёрдугаар багийн Засаг дарга залуу нутгийн ардуудтай уулзаж, санал бодлыг нь сонсч байх үеэр иргэдээс Бадамлах-Очир уурхайн ажилчид шалгалт ирэх сургаар машин, тоног төхөөрөмжөө уул давуулан нуугаад байна. Бас тус уурхайн байгуулсан хиймэл нууранд хоёр ч айлын долоон ямаа орж үхсэн гэх мэдээллийг өгчээ. Иймээс тэрбээр уурхайд очиж Танай компани үйл ажиллагаа явуулах эрхгүй.
Лиценз эзэмшигчид чинь хоорондоо маргаантай, түүнийгээ шүүхээр шийдүүлэх гэж байгаа гэсэн. Та нар шалгалт ирэх сургаар битгий ингэж хууль бус үйлдэл хийгээд бай. Ном журмаар нь шалгуул гэтэл уурхайн ажилчид түүнийг барьж бүлэглэн зоджээ. Тэр ч бүү хэл чихийг нь хүртэл цоо хазсан байгаа юм. Иймээс тэрбээр сумын Засаг дарга болон цагдаагийн ажилтанд хэлж. Харамсалтай нь, хэд хоногийн өмнөөс сүр дуулиан болоод байсан өнөөх шалгалтынхан нь Өлзийт голд үйл ажиллагаа явуулдаг Одод гоулд-ын газраар очоод өөр уурхайгаар оролгүй явж. Уг нь татвар төлөгчдийн халааснаас өчнөөн мөнгө гаргаж хяналт шалгалт хийх нэрээр яваа хүмүүс хамгийн түрүүнд сум орон нутгийн удирдлагуудтай уулзан хаана ямар уурхай ажиллаж буйг шалгамаар. Гэвч ийм арга хэмжээ аваагүйгээс дээрх явдал болсон гэхэд болно. Эцэст дуулгахад Бөмбөгөр сум аймагтаа хамгийн олон буюу 22 лицензтэй бөгөөд тэдний дийлэнх нь иймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулдаг юм билээ.
Л.Оюунгэрэл