Манай улс Зүүн хойд Азийн хүнс үйлдвэрлэгч бааз орон болно
ХХААБ-ын гишүүн орнуудын 20 дахь удаагийн ерөнхий чуулганы үеэр тэмдэглэх санаачилгыг гаргажээ. Үүнээс хойш энэ өдрийг өөр өөр уриатайгаар тэмдэглэн ирж, тухайн жилийн онцлог үйл явдлыг улс орнуудын анхааралд хандуулах үүднээс уриагаа сонгодог байна. Энэ жилийн хувьд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарласантай холбоотойгоор Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна гэх уриаг тодорхойлжээ. Ихэнх хөгжиж байгаа орнуудад эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй байдаг ч энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байгаа аж. Сүүлийн 30 жилийн дүнгээс харахад жил бүр буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт хөгжилтийг боймлох хандлагатай болж байгаа юм.
Энэ жилийн Дэлхийн хүнсний өдөр манай улсын хувьд их онцлогтой тохиож байна. Учир нь Дэлхийн хүнсний өдөр-ийн өмнөхөн буюу өнгөрсөн аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва манай улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр манай улстай хамтран ажиллах талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Манай улс үржил шимтэй хөрс, өргөн уудам нутаг, олон сая мал сүргийнхээ нөөцдөө тулгуурлан Зүүн хойд азийн бүс нутагтаа хүнс үйлдвэрлэгч бааз орон болох, улаанбуудайн үйлдвэрлэлд олсон ололт амжилтаа бататгаж, цаашид экспортлогч орон болох боломжтой. Тиймээс энэ тал дээр хамтарч ажиллан ХХААБ-ын дэмжлэгийг авах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Импортлогч орноос экспортлогч орон руу шилжиж буй манай улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа. Үүний хүрээнд шинэчлэлийн Засгийн газар хүнсний салбарт хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг тодорхойлсон байна. Энэ нь махны үнийг тогтвортой байлгах, хүнсний ногоо, сүүний дотоодын хэрэгцээг хангах, буудай экспортлогч орон болох зорилт тавьжээ.
Түүнчлэн 2008, 2009 оны хямралтай холбогдуулж, дахин хямралд өртөхгүйн тулд яах ёстой талаар гаргасан ХХААБ-ын зөвлөмжтэй ч уялдуулан бодлого боловсруулж байгаа аж. НҮБ-ын ХХААБ- ын зөвлөмжид хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний тусгаар байдлыг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөө өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүн амдаа чиглүүлэх, улс орны түвшинд яригдаж байгаа хүнсний хангамжийн асуудалд зөвхөн хөдөө аж ахуйн яам нь хариуцдаг биш, бүх байгууллагууд нь оролцдог байх хэрэгтэй гэх асуудлыг тусгажээ. Энэ дундаас манай улсын хувьд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол хүнсний тусгаар байдлыг хангах юм. Одоогийн байдлаар махны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Харин сүүнийхээ хэрэглээг хангаж байгаа ч сүүний импорт нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Үр тариа, төмсний хувьд 100 хувь хангаж байгаа учраас одоо хүнсний ногооны үйлдвэрлэлдээ анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгийг ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг хэлсэн. Мөн Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
М.Сувд