Д.Рэнцэндорж ТЭЦ-5-ыг Улаанбаатарт барьж л будилав даа

Монгол Улсын түлш, эрчим хүчний системд дөчөөд жил ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмад инженер Д.Рэнцэндоржтой ярилцаж байна. Энэ хүн нийслэлийн III, IҮ цахилгаан станцуудад түлш дамжуулах цехийн инженер, даргыг нь олон жил хийж нүүрс, тоосжилт, агаарын бохирдлын талаар жинхэнэ амьд судар болсон хүн.

1. ГЭР ХОРООЛЛЫН ҮНСИЙГ ХУДАЛДАЖ АВЪЯ

-Та Улаанбаатар хотыг тоосжилт, утаанаас салгах судалгаа хийж төсөл боловсруулж мөн ч олон жил явсан даа. Утаа, тоос нь хэвээрээ л байна. Тэгэхээр хоёул яриагаа тоосжилтоос эхлэх үү?

-Улаанбаатар хотын тоосжилт хэрээс хэтэрсэн. Энэ тоосны 60-80 хувь нь үнс байгаа юм. Станцуудын үнсийг булшилдаг хэдэн газар бий. Энэ тухай ярихаа азная. Харин гэр хорооллын үнсний тухай ярихгүй бол арай дэндлээ. Гэр хорооллынхон угаадас, бохир шингэнээ гудамжиндаа асгадаг нь нууц биш. Тэр нь өвөл халтираад машин явж болохоо больдог. Энэ үед үнсээ дээр нь асгаж хөлдөөдөг. Энэ нь хавар мөс, цас хайлахад нэг хэсэг нь жалга руу урсаж лаг шавар үүсгэн үерийн далан бөглөх ба нөгөө хэсэг нь хуурайшин тоос болж, хотын агаарыг бохирдуулж байгаа юм. Иймээс гэр хорооллын үнсийг гудамжинд асгуулахгүйгээр килограммыг нь 200-300 төгрөгөөр худалдан авч болох юм. Бүр түүнээс илүү ч үнээр авч болно. Ингэвэл агаарын тоосжилт 50-70 хувь буурна. Агаарыг үнсээр бохирдуулахад хамгийн гол аюул нь цацраг идэвхийн нөлөө юм.

Судалгаанаас үзэхэд Багануурын нүүрсний үнсэн дэх цацраг идэвхитийн хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их байгаа юм шүү дээ. Сүүлийн үед цацраг идэвхитийн өвчин, хорт хавдар ихсэж ялангуяа гэр хорооллынхон олноор өвчилж байгаад агаарт цацагдаж байгаа нүүрсний үнс яах аргагүй нөлөөлдөг. Худалдан авсан үнсээ яах вэ гэсэн асуудал гарна. Шинээр зам талбай засахад олон давхар суурь дэвсдэг. Түүний нэг үед нь үнс дэвсэх юм бол маш нягт, сайн суурь дэвсгэр болж өгдөг. Гэр хорооллын үнсийг ийм байдлаар ашиглаж болно. Харин уурын зуух, станцуудын үнсийг бол үнсэн блоконд ашиглаж болно.

2. ЗУУХАНДАА БИШ ТҮЛШИНДЭЭ БАЙГАА ЮМ

-Утаагүй нүүрс нь урагшаа ачигдаж, газар дээрээ шатаж байхад, бид энд угаар утаанд утагдан, уушиггүй болж байх нь эмгэнэл биш үү?

-Одоо гэр хорооллынхонд Өлзий, Хас, Дөл нэртэй утаагүй зуух үнэ хямдруулан тарааж байна. Үүнийг би буруу гэхгүй. Түлшинд хэмнэлттэй, цэвэрхэн зэрэг сайн тал бий. Нүүрсний чанар, дулаан гаргах чадлаас шалтгаалан айлууд янз бүрийн л түлш хэрэглэж байгаа. Дунджаар Багануурын нүүрс таван тн, Алагтолгойн нүүрс дөрвөн тн, Шивээ-Овоогийн нүүрс 6 тн орчим, 2-3 шоо метр модтой нэг өвлийнхөө түлшинд хэрэглэж байна. Лабораторийн шинжилгээнээс үзвэл Багануурын нүүрс 3000-3400, Шивээ-Овоогийнх 2600-3000, Алагтолгойнх 3400-4000 орчим ККал/кг дулаан гаргаж байгаа юм. Үүнийг Тавантолгойн тэр дэмий шатаж байгаа нүүрсээр сольчих юм бол 4-6 тн биш 2-3 тн утаагүй нүүрсээр хангачих боломжтой юм.

Хотын утааг 50-60 хувь бууруулна гэж миний бичээд байгаагийн гол утга нь энэ. Тавантолгойн нүүрсний уурхай нь үндсэн ордоос байг гэхэд газар дээр шатаж байгаа асар их нүүрс байгаа шүү дээ. Түүнийг Чойр руу машинаар татаж вагонд ачаад нийслэлд оруулж ирэх даанч төвөггүй юмсан даа. Гол нь сэтгэл дутаад байгаа юм. Сүүлийн үед Түлш, Эрчим Хүчний Яамыг нэг ёсондоо Налайх, Багануурын нүүрсний уурхайн /ченжүүд/ удирдаж байснаас Улаанбаатар хот утаатай байна уу, утаагүй байна уу, Нийслэлчүүд уушигтай байна уу, уушиггүй байна уу гэдэг нь хамаагүй болсон шүү дээ. Ер нь хотын утааг бууруулах талаар жилд олон тэрбум төгрөг зардаг, үр дүн гардаггүй, хайран хөрөнгө халаас дамжин урсаж байдгийн цаад үндсэн шалтгаан, буруутай эздийг тогтоож арга хэмжээ авахгүй бол үр дүнд хүрэхгүй л дээ.

3. ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХОТОД БАРЬЖ БОЛОХГҮЙ ЭЭ

-Эрхэм дээдэс маргалдсаар ТЭЦ-5-ыг хот дотроо барихаар шийдсэн гэх юм?

-Улаанбаатар хотод, бүр болиод III-ТЭЦ-ийн хашаанд тавдугаар цахилгаан станцыг барих бодол хэний толгойноос гарав аа. Болдоггүй юм. Би насаараа түлш цахилгаантай ноцолдсон инженер хүний хувьд хэлж байна. Улаанбаатарт тавдугаар цахилгаан станц барих газар байхгүй. Тэр чинь олон га талбай эзлэх том цахилгаан станц. Мэдэхгүй хүмүүсийн үгэнд орж хотод барих гэж л битгий будилаарай даа. Орчны бохирдол дуу шуугиан ихтэй нүсэр байгууламж шүү дээ. Зам тээвэр, инженерийн шугам сүлжээ гээд төсөөлөхийн аргагүй талбай шаардана. Жилд 2-4 сая тонн нүүрс тээвэрлэх олон салаа төмөр зам барих хэрэгтэй болно. Зөвхөн нүүрсний нөөц гэхэд л 300-400 мянган тонн гээд боддоо. Үнсээ зайлуулах том байгууламж асар их талбай хэрэгтэй. Усыг бол ууна л гэсэн үг. Одоогийн Улаанбаатар хотоо дөнгөн данган хангаж байгаа энэ систем Ү-цахилгаан станцыг хангаж чадахгүй, хот усгүй болно гэсэн үг. Ү цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай 3-4 жил шаардагдана. Энэ станцыг хаана барьж болох талаар би судалж үзсэн. Хотын ойр орчмоор ч их явсан даа. Хамгийн тохиромжтой газар нь Сонгинохайрхан уулын баруун талд эмээлтийн урд руу хөндий тал байгаа. Туул-Овоотын гүүрний орчим шүү дээ. Цэргийн сургууль хийдэг Тавантолгой хүртэл төмөр замтай, 5-6 хан км газар төмөр зам тавих шаардлагатай. Баруун тийш явсан засмал замд ойрхон. Яаж ч салаалуулсан болно. Энд ТЭЦ 5-ыг барьснаар орон сууцны 10-20 хороолол барих бүрэн боломж бий. Өөрөөр хэлбэл хот баруун тийшээ тэлнэ гэсэн үг.

-Хотын усан хангамжийн талаар та ямар бодолтой явдаг билээ?

-Энэ янзаар явах юм бол хот усгүй болж тээврийн усаар амьдрахад хүрнэ. Иймээс нийслэлийн ундны усны нөөц хангамжийг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй юм. Гачууртын дээд биед борооны ус тогтоох 40-50м өндөр, 20-30м-ийн гүнтэй борооны ус тогтоох далан барьж усан сан байгуулах шаардлагатай юм. Гол урсдагаараа урсаж л байна. Харин үерлэнэ гэж байхгүй. Үе үе үерлээд алга болдог усыг тогтоон барьж, нөөцөлнө л гэсэн үг шүү дээ. Гадаадын улс орон ийм усны нөөц бий болгон хотоо ундны усаар тасалдуулахгүй хангаж байгаа туршлага бий. Үерийн усыг ийнхүү тогтоон барих тусгай байгууламжийн зураг төсөл, технологи бий л дээ. Тэр л дагуу даланг барих шаардлагатай юм.

-Та хотын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах судалгаа төсөл гаргаад хуучин төр засаг, хотын удирдлагуудад мөн ч олон хандсан даа. Дандаа л хад мөргөж байсан байх. Одоо удирдлагууд солигдлоо. Хэр зэрэг хүлээж авах байх гэж бодож байна?

-Гайгүй зөөлөн чихтэй хүмүүс гараад ирэв үү дээ. Миний хамгийн сайн мэддэг хүн бол Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга. Энэ залуу чинь хойно Эрчим хүчний чиглэлээр сургууль төгсч ирээд манай ТЭЦ-д хамт ажиллаж байсан юм. Энэ талын өндөр мэдлэг мэргэжилтэй ажилдаа их санаачилгатай сайн залуу. Миний саналыг анхаарч авч хэлэлцэх байх гэж бодож байна.

Г.Жамьян /МУСГЗ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button