Сайд, дарга нарын жолооч болсноос хойш сүүлийн дөрвөн жил амраагүй

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Осолгүй манлай онц тээвэрчин гээд чамгүй олон гуншинтай бүсгүйг Эгэл амьдрал булангийнхаа зочноор урилаа.

Социалист нийгмийн үеийн цөөн эмэгтэй жолооч нарын нэг. Зил 130 машинтай Монгол орныг хөндлөн гулд туулсан түүн шиг эмэгтэй ховор. Машин нь эвдэрвэл хэн нэгнийг царайчлахгүй. Ханцуйгаа шамлаад л өөрөө оролдоод болгочихно. Ер нь бол муухан эрээс дээр эмэгтэй гэж найз нар нь магтана билээ. В.Бадамдоо барилгын техникум болон Авто сургууль төгссөн хос морьтой. Тэрбээр Архангай аймгийн Булган суманд төрж өсчээ. Нутагтаа очиж барилгын засал чимэглэлчнээр хэдэн жил ажиллаад хотод ирж суурьшжээ. Энд ирээд Авто машин механизмын баазад ажилд орж Зил 130 машинтай нөхөрлөсөн түүхтэй аж. Өвлийн хүйтэн жавар, зуны халууныг ажрахгүй, хөдөө тээвэрт явж, хүнд ачаа зөөсөөр нэг л мэдэхэд арван жилийг ардаа орхисон хэмээн хуучилсан. 1990-ээд оны зах зээлийн нийгэмд шилжих үед авто тээврийн баазууд хаалгаа барьж, Доо эгч ч Зил 130 машинаа хүлээлгэж өгчээ. Үргэлж л хөдөлж байдаг түүнд ажилгүй суух амар байсангүй. Ингээд Төр засгийн авто баазад ажилд оров. Дарга, сайд нарын жолоочоор 20 жил ажиллахдаа ховорхон амарсан гэнэ. Ажлын анд Б.Жадамба түүний талаар Хариуцсан ажлаа маш сайн хийж гүйцэтгэдэг, найз нөхдөдөө нийтэч, үнэнч шударга, эршүүд зантай мөртлөө жаахан гомдомтгой, уян хүн шүү дээ. Мөн тэр их энгийн гоёж, гангалаад байдаггүй, байгаагаараа л байх дуртай хэмээн тодорхойлсон. Бүсгүй хүн хэрнээ гоёж гангалдаггүй миний сул тал гэж тэр инээмсэглэсэн.

Амьдралдаа цүнх барьж үзээгүй зөвхөн машины түлхүүр, гар утас л миний гарт явдаг, бүдүүн баргийн хүн дээ гэж өөрийгөө тодорхойлов. Мөн Би ёстой гэнэн итгэмтгий хүн шүү. Гудамжинд танихгүй хүүхдэд гар утсаа бариулчихаад хувцасныхаа тоосыг гүвж зогсох вэ дээ. Гэтэл нөгөө хүүхэд утсыг маань аваад явчихсан байдаг байгаа гэж хэнэггүй зангаа илтгэсэн.

Хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой ажил хийдэг учир анхаарал сэрэмж, хариуцлага өндөртэй байх хэрэгтэй болдог байна. Олон сайд дарга нарын жолоочоор ажиллаж явсаар байгаад адилхан улс төрч болчихдог юм. Ажил тараад дарга нараа гэрт нь хүргэж өгөөд шууд явчихгүй, гэртээ ортол нь хүлээнэ. Хариад улс төртэй холбоотой мэдээг чих тавин сонсоно гэж хуучилсан. Түүнээс Таны үнэт зүйл юу вэ гэж асуухад Олон жил ажилласан мэргэжлийн дадлага туршлага, гэр бүл, сайн найз нөхөд, хамт олон маань хэмээн хариулсан юм. Тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн жолоочоор олон жил ажилласнаараа бахархдаг юм билээ. Сүүлийн дөрвөн жил Т.Ганди бараг амраагүй. Төрийн ажил гэдэг ёстой л цаг наргүй алба шүү гэж тэр ярьсан. Хамт явсаар байгаад найз нөхөд шиг болсноо ч дурссан. Нэг удаа Доо эгч Т.Ганди хатагтайд хандаж Дарга аа, тань шиг ядуу сайд алгаа гэхэд Т.Ганди Хүн ер нь өөрийнхөө цалингаар амьдрах шиг сайхан юм байхгүй, хүч хөдөлмөрөө гаргаж, сэтгэл зүрхээ бүрэн зориулан ажиллаж авсан мөнгө хүнд юм болдог юм гэж хариулжээ. Т.Ганди хатагтайн энэ үг санаанаас нь гардаггүй аж.

Хүү Б.Самбууням ээжийнхээ талаар Хүнд хэцүү үе тулгарч байсан ч тэр бүгдийг даван туулж чаддаг, сэтгэлийн хаттай. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог ийм л хөдөлмөрч хүн дээ миний ээж хэмээсэн. В.Бадамдоогийн сэтгэлд үлдсэн нэг содон дурсамж бий аж. Хөдөө тээвэрт явж байхдаа өөрийн төрсөн нутаг Архангайн Булган сумын Бөх давааны ам гэдэг газар байдаг хоёр хүн барилдаж байгаа юм шиг харагддаг домогтой модноос айж, машинаа асаан хамаг хурдаараа давхин хамаатныдаа очоод баахан шоо¬луулж байсан гэдэг. Тэрбээр Би бараг л бүх маркийн машиныг унаж явлаа. Унаж үзээгүй машин ч ховорхон бий. Бензин маслотой холилдоод л явдаг байлаа. Машин миний хоёр дахь гэр. Багаасаа л жолооч болохыг мөрөөддөг байсан хэмээсэн. Найз нөхөд нь Доогийн онигоо олон. Тэр хөдөө хамт явбал дандаа л инээд хүргэж байдаг нэгэн.

Бусдыгаа хөгжөөх дуртай буянтай бүсгүй хэмээн магтаалын үг унагаж байсан. В.Бадамдоо Үргэлж хөдөлж байдаг хүн тэтгэвэрт гараад зүгээр суух хэцүү юм билээ. Тиймдээ ч өнөөх л жолоо мушгидаг ажлаасаа салаагүй явна хэмээн ярьж байв. Тэрбээр жолоо барингаа албан газрын үүдэнд хэн нэгнийг хүлээх зуураа уран хатгамал шаглаж суусан.

П.Дариймаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button