Үүл даргын бодлогыг Үүл халхлаад байна уу, эсвэл…

шоу стайл-аар манлайлж буй нэгэн бол хотын дарга. Саяхан л гэхэд Гандангийн дэнжид С.Лувсанхүү гэгч хөгшин дулаан, цэвэр бохирын асуудал шийдэж өгөөч гэж хандсан нь Э.Бат-Үүл даргын бас нэгэн ганган шоу болов. Ганц хоёр зөвшөөрөл дутуугаас болж, хамраараа газар хатгаад байгаа нэгэн иргэн тусламж гуйж хандсан нь хотын даргад өөрийгөө рекламдах харин ч сайхан завшаан болсон юм. Тэр даруйд нь хэвлэл мэдээллийнхэн дуудаж, Та хүмүүс цуглуулаад хүчтэйхэн байж бай. Дарга нь шанд нь халуун дулаан, бохирын асуудлыг гаргахгүй шийдээд өгөмз. Яг одоо очоод газар дээр нь шийдээд өгье гэж. Баярласан хөгшин шоу, шоглоом алийг нь ч ухсангүй, хавь ойрын хэлтэй амтай, гомдолтой горьдлоготой бүхнийг цуглуулж, хэрэндээ хөөрхөн шоудаж өгч. Хотын дарга ч дурангийн өмнө, дуу чангаар Би энэ хөгшний бариулсан орон сууцны цэвэр, бохирын асуудлыг шийдэж өгнө. Угаасаа гэр хорооллыг барилгажуулна гэж гарч ирсэн болохоор энэ ажлаа Гандангийн дэнжээс эхэлнэ. Та санаагаа бүү чилээ гэсэн сайхан үг хэлээд явсан нь саяхан.

Харамсалтай нь Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр Үүл даргын үгнээс дуссан шүлс хатаагүй байхад түүний удирдлагад нь ажилладаг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр Танай байшин ордон шиг том юм байна. Үйлчилгээний зориулалттай юм уу. Байшинг чинь нураана гэжээ. Хөгшин сандарч хотын захиргаагаар гүйж олдсоноор нь Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт хандсан ч тусыг олоогүй байна.

ЭНЭ ХӨГШНИЙГ ӨРӨВДӨЖ БАЙНА

Баянгол дүүргийн XҮI хорооны иргэн С.Лувсанхүүгийн яриад байгаа асуудлыг газар дээр нь сурвалжлахаар очлоо. Хорооллоос Модны хоёр руу уруудах замд Далай Ван нэртэй үйлчилгээний төв сүндэрлэх аж. Түүнээс 200 метрийн зайд байх доороо гарааштай гурван давхар хөх байшин бол өнөөх, нураах үгүйдээ тулаад буй барилга гэнэ. Биднийг очиход хэдэн иргэн цуглажээ. Хавь ойр нь баар сав, хоол зуушны газар, зочид буудал гээд эргэн тойрон цэвэр, бохирын асуудлаа шийдсэн газрууд байгаа нь холбогдох боломж байгааг харуулах аж. Цугларсан хүмүүсийн нэг Энэ хөгшин ганцаараа энэ барилгыг бариулах гэж ямар их хөдөлмөр хүчээ шингээснийг бид мэднэ. Монгол Улсад нэг ч гэсэн иргэн ийм хөдөлмөрч байвал хөгжил гэдэг хурдан ирмээр санагдах юм. Тэгэхэд нураана гэж хэлсэн байна билээ. Хөгшин уйлаад явж байсан. Энэ хөгшнийг бид өрөвдөж байна. Хамаг мөнгө төгрөгөө гарздаж, халуун, хүйтэн бороо шороог ч ажралгүй явсаар энэ байшинг босгосон шүү дээ гэв.

С.ЛУВСАНХҮҮ БИ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БАРИЛГА БАРИАГҮЙ

Ингэж байтал байшингийн эзэн С.Лувсанхүү ирэв. Тэрбээр гартаа хамаг л зөвшөөрөл, гарын үсэгтэй цаасаа барзайтал атгачихсан харагдав. С.Лувсанхүү Би нийтийн эзэмшлийн газар барилга бариагүй. Өөрийн амины эзэмшил газар барьсан байхад яагаад нураах гэж байдаг юм. Би Монгол Улсын иргэн. Хятад, Орос биш. Тэгээд ч энэ газар Гандантэгчилэн хийд орчмын ерөнхий төлөвлөгөөний тодотголд багтсан байгаа. Батлагдсан газрын гэрчилгээ, кадастрын зураг, цэвэр бохир усны шугам татах зөвшөөрөлтэй. Үүнээс илүү яах юм. Хотын дарга асуудлыг газар дээр нь шийднэ гэчихээд хэрхэн холбох боломжийг нь ч тоож хараагүй. Миний барилгад ганцхан техникийн нөхцөл л дутуу байгаа. Энэ асуудлыг журмын дагуу хөөцөлдье. Та бүхэн туслаач гэсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч хүсэлт тавьсан. Бие бие рүүгээ шидээд байх юм гэж уйлахаас наагуур хамаг үнэнээ тоочлоо. Уг нь тэрбээр энэ барилга дотроо ажлын байр бий болгоё. Цэцэрлэг ясли ч болов ажиллуулчихъя гэсэн юм билээ л дээ. Бас боддог л санаа. Харамсалтай нь хурдан шуурхай үйлчилнэ, шинэчилнэ гэсэн уриатай ч хүнд сурталд баригдсан дарга, даамлын өмнө ганц техникийн нөхцөл гэдэг зүйлээс болж гацаад байгаа нь энэ юм билээ.

Г.ТЭНГЭР ХОТЫН ДАРГА БОДЛОГООСОО ТЭС ӨӨР ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГААД НЬ ГАЙХАЖ БАЙНА

Биднийг ийн хөөрөлдөж байх зуур МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Тэнгэр ирсэн юм. Тодруулбал, иргэн С.Лувсанхүү түүнд хандсан гэсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Иргэн танд хандсан гэлээ?

-Хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт яг энд ирж иргэдийн асуудлыг газар дээр нь шийднэ гэж шоудсан. Гэтэл иргэн С.Лувсанхүү гуай надад хандсан л даа. Бодит байдал ямар байгааг сонирхохоор ирээд байна.

-Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ. Энэ барилга үнэхээр хууль зөрчсөн юм болов уу?

Хотын дарга гэр хорооллыг барилгажуулна. Цэвэр бохирын асуудлыг шийднэ, гэр хороолол руу шугам татна гэсэн гол зорилготойгоор орж ирсэн. Тэгсэн хэрнээ өөрийн бодлогоос тэс өөр зүйл хийж байгаад нь гайхаж байна. Уг нь энэ хөгшин дутуу байгаа техникийн нөхцөлөө хууль журмынх нь дагуу шийдье л гэсэн юм билээ. Ер нь сүүлийн үед хотын дарга Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон барилга баригдаж байна. Тэднийг нураана, хурааж авна гээд байгаа. Үүнийг зайлшгүй хийх ёстой ажил гэж үзэж байж болно. Гэхдээ бодож, иргэдийг хохироохгүй л байх хэрэгтэй. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Монгол хүн өөрийнхөө газар нутаг дээр эзэн байх, өмчтэй байх, түүнийгээ хамгаалуулах ёстой. Гэтэл сүүлийн үед хувь хүний өмч байтугай, барилгын компаниудын өмч рүү дураараа халдаж, цаашлаад намын үзлээр дайралт хийж буйд манай намын зүгээс харамсч байгаа.

Бодит байдал ийм л байна. Иргэдээсээ хариуцлага, хуулийн хэрэгжилт нэхэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хууль, эрхзүйн орчин таатай биш байдлаас иргэн хохирох вий гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хотын асуудлыг шийднэ гэсэн хэрнээ хэлсэн үг нь эсрэгээрээ үйлчлээд байгаад гайхахгүй байх арга алга. Хотын дарга Э.Бат-Үүлийн бодлогыг үүл халхлаад байна уу, эсвэл үг нь үнэгүйдээд байна уу.

Ч.Батмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button