Цэргийн алба хааж байгаа хүний ар гэр төрийн халамжинд байх ёстой
хамтран цэргээс халагдаж байгаа залуучуудыг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн ажил алба эрхэлж байгаад цэргийн албанд татагдсан хүний ажлын байрыг хадгалах ажлыг энэ жилээс хийхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатартай ярилцлаа.
-Цэрэг татлага эхлэх гэж байна. Энэ талаар Нийслэлийн цэргийн штабаас ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2012 оны 561 тоот захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Бидний зүгээс цэрэг татлагаас илүүтэй цэргээс халагдаж байгаа залуучуудыг ажлын байраар хангах тал дээр нийслэлийн цэргийн штаб тодорхой ажил зохион байгуулж байгаа. Өчигдрөөс эхлэн цэрэг халагдаж байна. Энэ ажил долоон хоногийн дотор явагдаж дуусна. Энэ үеэр дүүргүүдийн цэргийн штабууд өөрсдийнхөө халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн биржүүдтэй хамтран цэргээс халагдаж байгаа залуучуудыг ажлын байраар хангах ажлыг дүүрэг болгон дээр зохион байгуулж байгаа. Ер нь цэргээс ирсэн залуучуудыг ажилд авъя гэсэн хүсэл сонирхол их байдаг юм байна. Дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд төрөөс санхүүждэг мэргэжлийн сургалтад цэргээс халагдаж ирсэн залуучуудыг түлхүү оролцуулах ажил ч давхар явагдаж байна. Угтаа цэрэгт явна гэдэг нэг хүн ирээд цэргийн алба хаахын нэр биш.
-Төр засгаас цэргийн алба хааж байгаа хүний ар гэрийг халамжинд байлгадаг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдөр Монгол Улсын төрийн тусгай албанд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ хугацаанд тэдний ар гэр төрийн халамжинд байх ёстой. Энэ чиглэлээр нийслэлийн хэмжээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг. Ялангуяа тухайн өрхийн тэргүүн цэрэгт явсан байхад харьяа дүүрэг, хорооноос үнэхээр халамж авах хүсэлт гаргавал бид эхний ээлжинд өгөх ёстой. Энэ нь өнөөдөр төр хүнээ аваад явсан бол түүний ар гэр төрийн халамжинд байх ёстой гэсэн зарчмыг баримталж байна гэсэн үг. Мөн ажил албатай олон хүнийг цэргийн албанд татаж байгаа. Магадгүй тухайн иргэн тэр айлыг тэжээж байсныг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ жилээс тухайн ажилтай байсан хүнийг ажлын байраар хангах тал дээр байгууллагуудтай хамтарч ажиллая гэж бодож байгаа. Яагаад гэвэл цэрэг татлагын дараа цэрэг татлагатай явсан хүмүүсийг цэрэгт татлагын товчооны шийдвэрийг тухайн албан тушаалтанд хөрвүүлж байхаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүний ажлын байрыг хадгалж бай, хуулийн дагуу энэ хүн ажилдаа ороод орно шүү гэдгийг хэлэх ёстой.
-Өмнө нь залуучууд цэргийн алба хаах дуртай байсан. Харин сүүлийн үед цэрэг татлага гэхээр айдас хүйдэстэй болчихож?
-Энэ нь тийм биш. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулинд эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаана гэсэн журамт үүрэг байдаг. Энэ дагуу залуучуудыг сонголтуудын хэлбэрүүдээр хаалгаж байгаа. Үүнд жинхэнэ, гэрээт, дүйцүүлсэн, цэргийн дүйцүүлэх алба, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах багтаж байгаа юм. Харин ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр 26 нас хүрээд цэрэгт явахгүй бол мөнгө төлөх ёстой.
-Тэгвэл мөнгөн хэлбэрээр хэдэн цэрэг алба хаагаад байна вэ?
-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 900 гаруй хүнээс 250-иад сая төгрөг төлүүлээд байна. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс 26 нас хүрээд үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Өнөөдөр манай иргэд хуулиа дээдлэх, хуулиа боловсруулах, хууль эрх зүйт төрд амьдарч байгаа гэдгээ мэддэг болсон байна. Тийм учраас энэ асуудлыг иргэд маань сайн ойлгоод үүргээ биелүүлээсэй гэж хүсч байна. Урьдынх шиг цэрэг татлага гэдэг өнөөдөр цэргийн комиссоор орсон бүхэн цэрэгт явдаг үе биш. Өнөөдөр маш олон үндэслэлээр чөлөөлөгдөж байна. Маш олон хуулийн заалт байгаа. Цэрэг татах, эс татах асуудлыг иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэрэг татлагын товчоо шийднэ. Түүнээс ямар нэг цэргийн байгууллага шийдэхгүй.
-Манайхан 26 нас хүрээд цэрэгт яваагүй бол бүгд мөнгө төлөх юм шиг ойлголт байдаг. Мэдээж энэ нь тодорхой зааг ялгаатай биз?
-Цэрэг татлагаар ороод өвчний улмаас ч юмуу хуулийн заалтаар чөлөөлөгдсөн хүн мөнгө төлөхгүй. Энэ үүднээс иргэд хуулиа дээдэлж, хуулийнхаа хүрээнд үүргээ биелүүлж байх нь зүйн хэрэг. Бид ч өнөөдөр батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх ёстой хүмүүс. Ингэж үйлчилгээ гэдэг талаасаа таниулах ёстой. Яагаад гэвэл иргэнд хуулийг таниулж, иргэнийг сонголтуудын хэлбэрээр алба хаалгахад өнөөдөр манай батлан хамгаалах төрийн үйлчилгээ хамгийн гол үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймгуудад бүтээн байгуулалтын цэргийн ангиуд нэмэгдсэн. Энэ хэмжээгээр цэргийн тоо харьцангуй өсч байгаа.
-Гурван жил цэргийн алба хаах, нэг жил хаах хоёрын хооронд мэдээж ялгаатай. Эндээс үзэхэд цэрэгт ирж байгаа залуучуудын бие бялдрын хөгжил ямар байна вэ?
-Гурван жилийн цэргийн албыг 1985 онд хамгийн сүүлд татаад дууссан. Түүний дараа 1986 оноос хоёр жил байж байгаад 1992 онд шинэ Үндсэн хууль гарсантай холбоотой больсон. Ер нь нэг, хоёр, гурван жилдээ биш. Тухайн хүнд цэргийн боловсролыг яаж олгох нь л чухал байгаа юм. Хүн өөрийнхөө төлөвших орчинг бий болгоод ирж байгаадаа л утга учир нь оршиж байгаа юм.
Д.Нэргүй