Б.Даваажав Зам тээврийн осол урьд онтой харьцуулахад нэмэгдсэн байна

Тэгвэл цагдаагийн шинэ удирдлагууд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд энэ болон бусад асуудлаар Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваас тодруулсан юм.

-Танай аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

-Гэмт хэргийн гаралт харьцангуй багассан ч зам тээврийн осол урьд онтой харьцуулахад нэмэгдсэн байна. Энэ нь баруун аймаг руу зорчиж байгаа иргэд манай аймгийн нутгаар дайран өнгөрдөгтэй холбоотой. Мөн малын болон модны хулгайн гэмт хэрэг их гарч байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Аймгийн цагдаагийн хэлтэс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн бүхий л хэлбэрийг ашиглан ажиллаж байна. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд иргэд болон цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Энэ нь гэмт хэргийн гаралтыг буруулахад чухал нөлөө үзүүлж байна.

-Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчид ажиллах нөхцөл, боломж тааруухан байдаг гэх шүүмжлэл бий. Танай аймгийн хувьд энэ асуудал ямар байна вэ?

-Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд сумдад ажиллах нь их. Харамсалтай нь, томилолт өвөртөлсөн залуучууд маань ажил үүргээ гүйцэтгэх байргүй байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд цагдаагийн байгууллагаас байр барьж өгөх ажлыг өрнүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна.

-Танай аймгийн хэдэн суманд цагдаагийн кобан барьсан бэ?

-Төв аймгийн хэмжээнд 27 сум байдаг. Эдгээрээс 20 суманд цагдаагийн кобан барьж ашиглалтад оруулсан. Орон нутагт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс кобан барих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Цагдаагийн кобаны талаар иргэд тэр бүр ойлголтгүй байдаг. Цагдаагийн кобан гэдэг нь цагдаагийн алба хаагчийн ажлын байр болон гэрийг нь нэг доор байлгах байрыг хэлдэг юм.

-Хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа алба хаагчид модны болон малын хулгайчдыг барих гэхээр авто машин байхгүй. Үүнээс болж цаг хугацаа алдах нь их байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Ер нь хэсгийн төлөөлөгчдөд хамгийн их тулгардаг асуудал бол унах унаа юм. Зөвхөн малын хулгай гэлтгүй бүх л төрлийн гэмт хэргийн дуудлага ирлээ гэхэд хурдан шуурхай очих ёстой байдаг. Гэтэл унах унаа дутмаг байдгаас ихээхэн асуудал тулгардаг. Цаашдаа үүнийг шийдвэрлэх тал дээр анхааран ажиллаж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button