Кондуктор тасалбар өгөөгүй тохиолдолд иргэд гомдол гаргах эрхтэй

Тэгвэл кондукторууд тасалбар өгөөгүй тохиолдолд хэрхэн хариуцлага тооцдог болоод иргэд энэ нөхцөлд хаана гомдол гаргах талаар Нийтийн тээврийн газрын автотээврийн хэрэгслийн улсын байцаагч Д.Отгонсүрэнгээс тодрууллаа.

-Зарим тохиолдолд кондукторууд зорчигчдод тасалбар өгөхгүй байх тохиолдол гарч байна. Ийм нөхцөлд тэдэнд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Ер нь Авто тээврийн тухай хуульд нийтийн тээврээр зорчиж буй иргэн мөнгөө төлсөн тохиолдолд тасалбараа заавал авах үүрэгтэй. Нийтийн тээврийн кондукторын үүрэгт ажил хүлээсэн хүн мөнгөө хурааж аваад оронд нь тасалбараа өгөх ёстой. Хэрвээ тасалбар өгөөгүй бол зорчигч мөнгө төлөх шаардлагагүй. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд кондукторуудад Авто тээврийн тухай хуулийн 23.1.1-д зааснаар 5-30 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулдаг.

-Тасалбар таслахгүй байгаа тохиолдолд зорчигчдын мөнгө тухайн кондукторын халаасанд ордог гэж үнэн үү?

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Кондукторуудад тасалбарын тодорхой норм өгдөг. Тэр үүднээсээ тасалбар тараадаг учраас шууд тухайн кондукторын халаасанд ордог гэж хэлэхэд бэрх.

-Автобусанд явж байгаа тохиолдолд иргэд тасалбар яагаад өгөхгүй байгааг асуувал бараг хөөгдөөд буух үе гардаг. Тасалбар өгөхгүй байгаа талаарх гомдлоо иргэд хаана хэлэх ёстой вэ?

-Үүргийнхээ дагуу зорчигч кондуктороос тасалбар өгөхийг шаардах эрхтэй. Харин өгөөгүй тохиолдолд иргэд Нийтийн тээврийн газарт хандахаас гадна 326352, 321490 дугаарын утсаар холбогдож гомдол гаргах хэрэгтэй. Мөн тухайн нийтийн тээврийн дотор талын цонх, хананд ямар аж ахуйн нэгжийн харьяалалтай автобус гэдгээ бичсэн байгаа. Түүнийг нь харж байгаад гомдлоо өгөх боломжтой. Хамгийн гол нь тухайн автобусны улсын дугаар, зорчих чиглэл, хэдэн сарын хэдэнд, ямар кондуктор доголдол гаргасан талаар тодорхой хэлэх хэрэгтэй юм. Эдгээрийг тодорхой хэлэхгүй бол бидний зүгээс шийдвэрлэхэд хүндрэлтэй болно.

-Ийм төрлийн гомдол танайд хэр их ирдэг вэ?

-Тасалбар олгохгүй байгаа талаар гомдол багагүй ирдэг. Манайд сардаа ийм төрлийн 20-30 гомдол ирж байна. Тухай бүрт нь ААН, жолооч, кондуктор зэргээс буруутай этгээдийн шалтгааныг тогтоон шийдвэрлэдэг.

Б.Золзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button