Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна

Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр 27 гишүүн гарын үсэг зурж, энэ гэрээг өөрчлөх, анх гэрээ хийсэн сайдуудтай халз мэтгэлцээнд орох хүсэлт илгээжээ.

Энэ талаар гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар түр хороо байгуулахаар санал нэгдсэн байгаа. Түр хороо байгуулах тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргад өргөн барилаа. Бидний зорилго бол уул уурхай, эрдэс баялгийг хамгаалах төрийн бодлого алдагдсан. Үүнээс нийгэмд олон сөрөг үр дагавар бий болж байгаа. Үүнийг зогсоох шаардлагатай. УИХ-аас гаргасан шийдвэр амьдралд хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ асуудлаар түр хороо ажиллана. Өнөөдөр Оюутолгой компанийн байгаль орчны үнэлгээний асуудлаар тодорхой судалгаа хийснээ мэдээлэх гэж байна. Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний асуудал бидний хувьд хамгийн чухал зүйл. Олон орнууд үүнийг ягштал баримталдаг. Харамсалтай нь манай улсад байгаль орчны үнэлгээ маш муу хийгддэг. Байгаль орчинд нөлөөлөх асуудлаар нөхөн сэргээхтэй холбоотой тодорхой заалтуудыг хийхгүй байгаа. Өнөөдөр 17 мянган га газарт нөхөн сэргээлт огт хийгээгүй байна. Нөхөн сэргээлтээ хийж чадахгүй байгаа учраас байгаль орчинд учруулсан хохирлын дүнг гаргаж чадахгүй байна. Тийм учраас урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд байгаль орчинд ямар хэмжээний хор хохирол учруулав гэдгийг гаргаж чадахгүй байна. Гэхдээ Оюутолгойн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөө олон нийтэд ил тод болгох хугацаа нь энэ сарын 18-нд болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

-Оюутолгойн гэрээ орд иргэдийн оролцоогүйгээр яаж явж ирсэн шиг өнөөдөр байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг энэ баримт бичиг ямар ч ард иргэдийн оролцоогүйгээр явагдаж байна гэлээ.

Нэр бүхий гишүүд энэхүү хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд Оюутолгойд хийсэн нөхөн сэргээлт, нийгмийн салбарын бүтээн байгуулалтын тайланг УИХ-ын гишүүд, Монгол Улсын нэг ч иргэн үзэж байгаагүй, энэ талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэж үзэж буй тул тайлантай танилцах боломж гаргах үүднээс хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан гэлээ.

Түүнчлэн Оюутолгой компани анх 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн, үүний 34 хувийг Монгол Улс гаргах ёстой байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан дүнгээр 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюутолгой компани босч байгаа гэсэн тайлан гаргаж өгсөн байна. Энэ нь анх хийгдсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг өөрчлөхөд хүргэж байгаа учраас Оюутолгойн гэрээг өөрчлөхөөс аргагүйд хүрч байгааг дээрх гишүүд хэллээ. Мөн Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд тус компанийн үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлж чадахгүй байгаа учраас ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Оюутолгойн гэрээг өөрчлөх хүсэлтэй 27 гишүүнээс 19 гишүүн нь дээр дурдсан ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд бүх нам, эвслийн төлөөлөл оролцохоор болсон ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button