А.Баатархуяг МОНЦАМЭ-гийн захирал болох уу
УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр А.Баатархуягийг дэлхийд Монголын нүүр царай болсон МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал болох гэнэ гэсэн яриа чих дэлслээ. А.Баатархуяг өрхийн тэргүүнтэй энэ гэр бүлийг хэвлэл мэдээллийн салбарынхны зовлон тойроогүй билээ. Тэд бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхийн шийдвэр хүртэл гардаж байв.
А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд асан Л.Гансүхийг Сая ам.долларын байшинд амьдардаг хэмээн бичсэн бол түүний эхнэр сэтгүүлч Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан гэх мэдээллийг цацсан юм. Үүнээс үүдэн сайд асан Л.Гансүх нэр төрд халдлаа хэмээн шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн шүүхээс А.Баатархуягийг Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй, Г.Уянгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял ногдуулж байсан билээ.
Харин тэр үед буюу А.Баатархуяг ялын тогтоол гардаж аваад байх үедээ Алтангадас одонгоор энгэрээ мялааж байсан нэгэн. А.Баатархуягийн хувьд нэг хэсэг АН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр буюу ардчилсан засгийн үед МОНЦАМЭ-гийн захирал болох нь ээ.
Н.НОМИН