Д.Лүндээжанцан Бүлгийн асуудлыг ярихаар гоншигонолоо гэх юм
-УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол нэг их зарчмын өөрчлөлтүүд биш. Гадаад орны парламентын жишгээр шинэ сонгуулийн дараа дэгдээ өөрчлөлт оруулдаг. Жишээ нь, Холбооны бүгд найрамдах Герман. Манайх Үндсэн хуулийн цэцээр ороод дэгийг тусад нь заавал хуульчлах шаардлагатай гээд гаргасан. Ингээд хууль болгосон. Тийм учраас заавал хуульд өөрчлөлт хийхийг шаардаад байгаа юм.
– Төрийн ажлыг гацаахгүй, хэлэлцэх асуудлыг сунжруулахгүйгээр шийддэг байхын тулд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авдаг процессийг хугацаатай болгохоор ярьж байна. Энэ талаар…
– Манай олон гишүүд ийм хууль санаачилж байсан. Харамсалтай нь сүүлийн долоон жил үүнийг батлах болохоор баталдаггүй. Өөрсдөө өнөөдөр ялимгүй олонхи болчихоод завсарлагыг хугацаатай болгох асуудлыг оруулж ирж байна. Бид өмнөх үеэ бодоод олон завсарлагыг хугацаагүй авч байсан. Энэ асуудлыг манайх хэлэлцэхгүй. Иймэрхүү гох дэгээ тавьсан гацаа үүсгэсэн зүйлийг ардчилсан нам олон удаа олон жил үүнийг ашигласан. Яг өөр дээр нь ирэхээр гэнэт ингэж байгаа юм. Энэ бол хуншгүй зан юм л даа. Ер нь парламентийн жишиг бол хугацаатай байх асуудал байна. Гэхдээ ялимгүй олонхиор түрүү барьж улс орон, намын амьдралтай холбоотой эмзэг асуудлуудаар хүч түрэн шийдвэр гаргах вий гэдэг болгоомжлол байдаг. Гэхдээ парламентийн жишиг энэ бүх асуудлыг үндэслээд бид хугацааны хувьд манай нэлээд гишүүд үүнийг хүлээж авах гэдэг дээр санаа оноотой байгаа. Миний хувьд монгол орны Үндэсний аюулгүй байдлын дархлаа тогтвортой байдлын эрх ашиг энэ бүхнээс шалтгаалаад би хуучнаараа байсан зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Ер нь манай УИХ-д хэрвээ эрүүл саруул зөвшилцөл байдаг бол тодорхой хугацаатай зохицуулагдаад явах шаардлагатай. Харамсалтай нь өнөөдөр нэг талын хүч түрэмгийлсэн байдал газар авсан.
-Бүлэг баталгаажуулах асуудалд нэг их ач холбогдол өгөхгүй яваад байх шиг?
-Сүүлдээ дасчихлаа. Байнгын хороодод УИХ-ын гишүүдийн эрхийг хааж боогдуулдаг. Хуралд ороод ч нэмэргүй. Нэг мэдэхэд хурал зарлаад хүч давамгайлсан байдлаар асуудлыг шийдээд явж байгаадаа дасч байх шиг байна. Энэ их буруу юм байгаа юм. Ардчиллын гол нь арга сонгууль нөгөөх нь зөвшилцөл. Зөвшилцөл устах юм бол ардчилал устана. Парламент бол өндөг, тахианы аль нь анхдагч вэ гэдэг шиг асуудал. Тэгэхээр Ардчиллын гол тулгуур болсон парламент нь өөрөө зөвшилцөлд ардчилалгүй орвол энэ парламент мөхөх, парламентийн үйл ажиллагаа уруудаж доройтвол ардчилал мөхөх ийм аюултай юм байгаа юм. Ийм учраас үүн дээр улс төрийн соёл хэрэгтэй. Ялангуяа бүлгийн асуудал дээр. Бүлгийн асуудлыг ярихаар гоншигонолоо гэдэг. Орой болгон гоншигонолоо гэх юм. Гоншигонож байгаа хэрэг биш ээ. Энэ бол ард түмний 40-өөд хувийн төлөөллийг хангасан тэдний дуу хоолой бүлгийн зохион байгуулалтаар дамжин сууж өгч байх ёстой юм. Хууль болоод бусад шийдвэр. Ийм учраас бид яриад байгаа юм. Хоёрдугаар асуудал бол тодорхой дэгд заасан 24 цаг, энэ тэрийг алга болгож байгаа юм шиг байна. Гэхдээ энэ дэгийн заалт байсан байгаагүй ард түмний сонголтоор баталгаажуулагдсан бүлгийг зарлах асудал. Харамсалтай байна гэдэг үг багадана. Гуравдахь асуудал бол хууль тогтоох, гүйцэтгэх засаг нь холилдсон ийм үед ирцийн байдлаасаа шалтгаалаад УИХ-ын даргад хуралдах хуваарийн эрхийг олгоё гэсэн асуудлыг ярьж байна. Нэг мэдэхэд л хурал зарласан байдаг. Ядахдаа хоёр хоногийн өмнө мэдэгдвэл өөр хэрэг. Ийм зүйлүүдийг зохицуулахаар орж ирсэн асуудал дээр шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд байна.
-Сонгуулийн үр дүнгээр олонхи болсон намын хамгийн ахмад гишүүн нь чуулганыг удирдахаар оруулж ирж байх шиг байна. Хэрвээ аль нэг нь олонхи болохгүй бол яах вэ?
-Хуралд даргалах асуудал дээр олонхийн бүлгийн хамгийн насаар ахмад энэ тэрийг хуулиар яаж зохицуулах нь өөрөө асуудал. Гэхдээ сая УИХ-ын даргыг сонгоход гарсан зөрчлүүдийг дэгийн шинэ хуулиар засч байгаа юм байна лээ. Буруугаа хүлээгээд засахад буруудах юм байхгүй. Гэхдээ Монголын парламент үүгээр дуусахгүй учраас засах юмнуудаа засаад л явах хэрэгтэй байх.
-Монголбанкны ерөнхийлөгчөөс эхлээд өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гэсэн мэдээлэл ар араасаа хөврөх болж. Үнэхээр өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Өөрийн хүсэлтээр гэдэг үг илэн далангүй хэлэхэд шахалтаар хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. Сүрдүүлдэг юмуу, шахалт дарамт үзүүлдэг юмуу, ажиллахад бэрх болгож байгаа зүйлээс болж эдгээр хүмүүс чөлөөлөгдөж байгаа байх. Өөрсдөө сайн дураараа гарч байгаа нь хариуцлагаас зугтаж байгаа юм байлгүй гэсэн тайлбар хэлж байгаа биз дээ. Би энэ өргөдөл өгч байгаа хүмүүсийг бүгд тийм гэж үзэхгүй байна. Зарим нэг хүмүүс хариуцлагаас зугтсан байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ цөмөөрөө тийм биш ээ. Ер нь бол энэ шахалт дарамтаар ажлаас чөлөөлдөг. Болохгүй гэж байгаа нь ажлаас чөлөөлөгдөөд явах нь нэг хэрэг. Тавигдаж байгаа ямар шалгуур, ямар төрийн албаны хууль дүрмийн дагуу гэдэг нь хууль бус. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай байна.
-2013 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Ямар төсөл болсон юм шиг харагдаж байна вэ?
-Үзэл онолын хувьд баруун тийшээ хазайсан. Хүүхдийн мөнгийг эс тооцвол өмнөх үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээнээс ухарсан ийм төсөл. Бүтээн байгуулалттай холбоотой олон асуудлыг ярьж байгаа боловч яг хэлбэржүүлж орж ирэх тал нь шинэчлэлийн хөтөлбөр гээд 50 тэрбум төгрөг, мөн Ерөнхий сайдын мэдлийн гээд 30 гаруй тэрбум гээд задаргаа байхгүй байгаа нь УИХ-ын төсөв батлах бүрэн эрхтэй зөрчилдөж байна гэж үзэж байгаа. Үүнийг засагдах биз гэж найдаж байна.
-Шударга ёс эвсэл задарч Орон нутгийн сонгуульд хэд хэдэн намуудтай эвсэж орно гэж байгаа?
-Нарийн мэдээлэл надад алга. Ер нь анх орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Шударга ёс эвсэл хамарч оролцоно гэсэн гэрээтэй юм гэнэ лээ. Яг амьдрал дээр ирэхээр боломжгүй болсон юм болов уу даа.
П.НАНСАЛМАА