Боловсролын салбарт шинэчлэл үгүйлэгдэж байна
Эрдэм шинжилгээний хурлыг БШУ-ны дээд боловсролын хэлтсийн дарга АУ-ны доктор дэд профессор Д.Эрхэмбулган нээсэн юм. Хуралд оролцсон зарим ахмад багш нараас одоогийн боловсролын тогтолцооны талаар асууж хариулт авсан юм.
ТООНООС ЧАНАРТ ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН
Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар
-Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх нүсэр их ажлыг 1942 онд анх удаа санаачилсан байдаг юм. 1943 он гэхэд Монгол Улсад ердөө гуравхан дээд боловсролтой хүн байсан юм. Нэг нь Базарын Ширэндэв, Юмжаагийн Цэдэнбал, бас багшийн дээд сургуульд Даш гэж нэг багш байсан. Ийм чухал үед ЗХУ-ын эрдэмтдийн тусламжтайгаар МУИС-ийг байгуулсан явдал бол боловсролын системд хувьсгал байсан. Үүний үр дүнд өнөөдөр Монгол оронд дээд боловсролтой мэргэжилтэн хангалттай болсон. Одоогийн байдлаар 100 гаруй их дээд сургуультай болсон байна шүү дээ, Монгол Улс. Ерөөсөө монголчууд дэлхий нийтэд эрдэм боловсролоороо гайхуулах хэмжээнд хүртэл боловсорсон байна гэж үзсэн учраас өнөөдөр МУИС-ийн ахмад багш нар бид Монгол оронд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд МУИС-ийн ахмад багш нарын гүйцэтгэсэн үүрэг, гэсэн энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн ололт бүхэн Монголын ахмад багш нарын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Дэлхийд нэртэй зартай доктор профессорууд чинь гэнэт гараад ирчихээгүй юм. Ерөөсөө манай ахмад үе боловсролын системд маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нотлох нь энэ эрдэм шинжилгээний гол зорилго. Цаашлаад ахмад үеийнхэн ирээдүй хойчдоо ямар үнэтэй зүйл хийж бүтээж үлдээж вэ гэдгээ мэдүүлж ойлгуулах зорилготой.
-Монгол Улсад 100 гаруй их дээд сургууль байна гэлээ. Гэхдээ их дээд сургууль төгссөн боловсон хүчин чанар муутай байна гэж сүүлийн үед яригдаж байгаа. Ахмад багшийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэг үе манай улс бүр 180 гаруй дээд сургуультай болж байлаа. Гэхдээ энэ нь нийгмийн нэг үзэгдэл юм. Мэдээж аяндаа тэр бүгд чинь шалгаралд орно л доо. Уг нь чанаргүй дээд мэргэжилтэн бэлтгэх шиг буруу юм байхгүй. Энэ үнэхээр буруу тогтолцоо байсан. Харин одоо хумигдаж байна. Ер нь дээд мэргэжилтэн бэлтгэх нь тийм амархан асуудал биш. Маш өндөр боловсролтой болгож гэмээнэ тухайн хүнийг амьдралд хүргэнэ гэсэн зарчмаар ажиллах ёстой юм. Ерөөсөө маш их зохион байгуулалттай төлөвлөгөөтэйгөөр дээд мэргэжилтнийг бэлтгэдэг. Энэ зарчим нэг үе үнэхээр алдагдсан. Харин одоо зөв голдиролдоо орж байгаа гэж итгэж байна. Ер нь чанаргүй дээд мэргэжилтэн байснаас байгаагүй нь дээр. Харин түүний оронд тракторчин, цахилгаанчин, тогооч, барилгачин гээд мэргэжлийн ажилчин бэлтгэх нь чухал. Үнэндээ зарим дээд мэргэжилтэн ажлын байран дээр очоод гологдож байна л даа. Тийм учраас дээд мэргэжилтний чанарыг сайжруулах хэрэгтэй. Одоо тооноос чанарт шилжих ёстой. Муухан дээд мэргэжилтэн улс орныхоо, төгссөн сургуулийнхаа нэрийг гутаадаг жамтай. Тийм учраас чанар түүн дээр нэмэх нь чанар одоо чухал.
МАНАЙ УЛСАД МЭРГЭЖЛИЙН АЖИЛЧДЫН ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙГАА
МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор /SC/ Ц.Жамбалсүрэн
-Монголын төр засаг Монголын бахархал болсон анхны сургуулиа онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Ер нь онцгой статус өгч чанарт нь тавих шаардлагаа өндөрсүүлэх хэрэгтэй. Түүнчлэн ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтандаа ч нэлээд анхаарал тавих хэрэгтэй. Ер нь МУИС-д маш их потенциал бол байгаа юу гэвэл байгаа. Материаллаг бааз, багшлах боловсон хүчнээрээ бол маш том уурхай шүү дээ, МУИС. Шинжилгээ судалгааны асар их уламжлалтай ийм том байгууллагыг хэл дээр нь босгохын тулд төр засаг анхаарлаа хандуулах л хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
-Одоогийн оюутнуудын идэвх чармайлт муу байна уу, яагаад их дээд сургууль төгсөгчид муу байна гэж яригдаад байна вэ?
-Одоогийн оюутнууд муу болчихоод байгаа юм биш л дээ. Сайн оюутнууд мэдээж бий. Хамгийн гол нь ЕБС төгсөгчид бүгдээрээ оюутан болчихоод байгаа учраас тэдэн дунд саар хүүхдүүд ч бас байна. Тэгэхээр их дээд сургуульд орох болзлыг жаахан өндөрсгөж өгөх хэрэгтэй. Үнэндээ одоо сургууль төгсөж байгаа бүх хүүхдүүд их дээд сургуульд элсэж диплом өвөртлөөд гарч байгаа. Чанартай чанаргүй баахан дипломтой хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг нэмлээ гэж олон түмэн шүүмжилдэг. Үүнийг би ортой л гэж боддог. Төр засгийнхан маань боловсролын тогтолцоог үндсээр нь өөрчилнө гэж яриад байгаа.
-Багш нарын чадвар, боловсролын түвшин тааруухан байгаа юм биш үү. Яагаад сүүлийн үед чанарын асуудал ингэж ихээр яригдах болов оо?
-Ер нь юугаар нь багш нарыг үнэлэх вэ гэдэг нь шалгууртай холбоотой асуудал. Их сургуулийн багш маш том судлаач байх ёстой. Эрдэм шинжилгээний маш том уурхай бол их сургууль шүү дээ. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдгээрээ л МУИС бусад сургуулиас ялгардаг юм. Судлаачийнхаа хувьд МУИС-ийн багш нар бусад сургуулийн багш нараас дор орж байна гэж би боддоггүй. Хамгийн өндөр потенциалтай хүмүүс энэ сургуульд багшилдаг. Тиймээс тэдний оюуны потенциалыг ашиглах хэрэгтэй. Орчин үеийн техник технологийг эзэмшчихсэн, гадаад хэлний мэдлэг өндөртэй тийм л хүмүүс өнөөдөр МУИС-д багшилж байгаа шүү дээ. Хүн л юм болохоор тэдэнд ч гэсэн урамшуулал хэрэгтэй. Тэгэхээр төр засаг боддогоор багш нараа дэмжих хэрэгтэй. Ер нь их дээд сургуулиудын бүхий л юм муу байна гээд яриад байж болохгүй. Багш оюутнуудтайгаа ярьж байгаад яаж байгаад нөөц бололцоон дээрээ тулгуурлаж их дээд сургуулиа хөгжүүлэх вэ гэдэг аргыг олж тогтоох хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ.
-Их дээд сургуулиудын тoo олширлоо гэж түрүүнд хэлсэн. Уг нь тоо олширсноор харин ч өрсөлдөөн нэмэгдэж чанаржих учиртай. Гэтэл эсрэгээрээ байгаад байна гэдэг чинь мөнгө хөөцөлдсөний нотолгоо юм биш үү?
-Зах зээлийн үед Монголд борооны дараах мөөг шиг олон их дээд сургуулиуд төрөн гарсан нь үнэн. Гэхдээ энэ олон дээд сургууль монгол хүнийг боловсроход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би хувьдаа үздэг. Чухамдаа бол боловсролын чанар юу билээ, ер нь ямархуу маягаар сургалт нь явагдаад байна, төгсөж гарч байгаа хүмүүс нь ямар байна, тэд нар яаж ажиллаж байна вэ гэдгийг бодож үзэх юм бол дутуу юм зөндөө л бий. Тэгэхээр үүнийг л өөрчлөх ёстой. Зөвхөн их дээд сургуулийг биш боловсролын нийт тогтолцоог сайжруулах хэрэгтэй юм. Ер нь 10 дугаар анги төгссөн бүх хүүхэд нь дээд сургуульд орж диплом авдаг энэ тогтолцоо зөвхөн Монголд байдаг тогтолцоо. Бусад оронд ийм тогтолцоо байхгүй байна гэдэг чинь энэ хамгийн тэргүүний тогтолцоо биш гэдэг нь харагдаж байгаа юм. Манай улсад мэргэжлийн ажилчдын хэрэгцээ их байгаа. Тэгэхээр нэг хэсгийг нь мэргэжлийн ажилчин болгодог байх тийм зохицуулалт хийх хэрэгтэй юм. Нэгэнт байгуулчихсан юм болж л байна гээд дээд мэргэжилтний нэр хүндийг унагаад байгаа дээд сургуулиуд татан буугдах нь зөв.
-МУИС-д хандивын анги байдаг гэсэн яриа нэлээд гардаг. Албаны хүмүүс ийм анги байдаг гэдгийг ч батлан хэлсэн байдаг юм билээ. Магадгүй та бид хоёрын яриад байгаа боловсролын чанарын асуудалд энэ ангийнхан нэлээд түлхээс өгч байгаа юм биш байгаа?
-Зах зээл эхэлж байсан 1990-ээд онд бол ийм анги байсан юм. Сургуулиуд эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод гал нь унтрах шахаад байсан тэр үед л хэл дээрээ зогсох, барилгынхаа засварыг хийх, багш нарынхаа цалинг жаахан ч гэсэн нэмэх зорилгоор л хандивын анги байгуулж байсан юм. Гэхдээ ганцхан МУИС биш, ихэнх сургууль ийм анги нээж байлаа. Харин одоо бол яам төрийн захиргаанаас ийм анги байж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгч байхгүй болгосон гэж бодоод байгаа ш дээ.
-Та түрүүнд хэллээ. ЕБС-ийн бараг бүх хүүхэд их дээд сургууль руу хошуурч байна гэж..?
-Дээд боловсрол руу хошуураад байгаа залуучуудын маань буруу биш л дээ. Харин ч зөв. Ер нь монголчууд XX зуунд боловсролын үнэ цэнийг маш сайн ойлгосон. Сүүлийн хонь ямаагаа зараад ч болов хүүхдэдээ мэргэжил эзэмшүүлье гээд хотоо харлуулж байсан малчин ч бий. Боловсролын үнэ цэнийг ингэж сайн ойлгодог болсон нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ сайны хажуугаар бас дутагдалтай зүйл байгаа юм. Бүх хүн дээд сургуульд орно гэдэг чинь нэг талаар тийм ч зохимжтой биш. Тэгээд ч бүх залуучуудаа дээд боловсролтой болгочихсон улс гэж байдаггүй юм. Ер нь тэгээд нэг талаар ямар нэгэн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаад их дээд сургуульд элсэх нь ашигтай байж ч мэдэх. Тийм хэлбэрийн сургалтын асуудалд анхаарахгүй шалгалттай шалгалтгүй их дээд сургуульд элсүүлээд байж болохгүй. Ер нь энэ талаар ямар нэгэн шинэчлэлт хийх хэрэгтэй гэж би боддог.