Төсөв батлахад нам огт хамаагүй
Тухайлбал, МАН-ын гишүүд тодорхойгүй гэж байгаа бол АН-ын гишүүд заавал эрэг шургаар нь салгаж, задлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Та УИХ-ын гишүүн, тэр дундаа эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна?
-УИХ-аас Монгол Улсын төсвийг баталдаг. Тэр утгаараа энд нам огт хамаагүй. Бид төсвийн хариуцлагын тухай хуулиа баталчихсан учраас мөрдөх ёстой. Тиймээс төсвийн хариуцлага, ямар сахилга бат байна, түүнийгээ л дагаж оруулж ирэх хэрэгтэй.
Сая энэ асуудал зарим талаар хангагдсан ч дотор нь нэг бус асуудлыг бөөндөж оруулж ирсэн байсан. Мэдээж буцаачихсан болохоор задаргаа хийгдэнэ л дээ.
Тухайлбал, Шинэчлэлд зориулсан багц 50 тэрбум гэсэн байсан. Хэрвээ залхуурахгүй бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинэчлэлүүд нь бүрэн тусгагдсан байгаа. Тэгэхээр жагсааж бичээд, хувааж тавиад оруулаад ирэхэд ямар ч хэл ам гарахгүй.
-Бөөн мөнгийг хувааж, тараагаад л болчихно нь гэж үү?
-Шинэчлэлийн долоон чиглэл гээд гарчихсан, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шинэчлэлийн арван ажлын хэсгийн ард зайлшгүй үйл ажиллагааны зардал гэж бий.
Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэлийг 100 хувь дотооддоо хангана гэж бий. Энэ шинэчлэл мөн шүү дээ. Харин үүнийгээ эхний жилд нь хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ гэх зэргээр хуваах ёстой.
Ингэснээр дараа жил нь төвийн гүйцэтгэлийг ярилцах болон Аудитийн газар шалгахад зайлшгүй шаадлагатай. Хэрвээ бүхлээр нь оруулчихвал Аудитийн газраас ямар ч задаргаагүй байсан гэсэн тайлбар өгнө.
Гэтэл бодит байдал дээр өөр зүйлд зарцуулсан байвал яах вэ гэх зэргээр асуудал хүндэрч, сөхөгдөх болно.
-Нэгэнт мөрийн хөтөлбөрт нь орчихсон асуудлууд байхад жагсаагаад хуваахад асуудал багатай л баймаар юм. Гэхдээ Ерөнхий сайд төсөвт задаргаа хийхэд цаг бага байна гэсэн тайлбар хэлээд байгаа. Хугацаанаас болоод төсвийн төсөл нь бүрхэг байж болох уу?
-Мэдээж хугацаа байхгүй гэдэг нь өөрөө тайлбар биш. Тэгээд ч тодорхой хугацаа, яамд нь байна. Үндсэндээ гол болон салбарын яамд байгаа. Тэдэнд мөрийн хөтөлбөрт орсон задаргаа нь бий. Тэдгээрийгээ нэгтгээд оруулаад ирэх хэрэгтэй.
Гэхдээ яам бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хийчихсэн байдаг. Тэнд бүхий л үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг задалж өгсөн байх жишээтэй. Түүн шиг л задаргаа хийж, чамбай болго л гэсэн.
Төсвийг бүгдийг нь бүхлээр нь оруулж ирээгүй, тодорхой хэдхэн асуудал л бий. Тиймээс айхтар цаг хугацаа шаардаад байхгүй байх.
Ер нь төсвийн задаргаа гэдэг нь маш чухал. Тухайлбал, аймаг, орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг нь олгох гэж байна шүү дээ. Тэгэхээр орон нутгийнхаа төсвийг хэлэлцэхэд иргэдийн оролцоог хангаж, төлөөлөгчид нь хэлэлцээд аймгийн даргадаа хэлж, санаачилга оруулдагтай л адил шүү дээ.
-Төсвийг нэлээд судалж, нягталж баталдаг. Тэгснээ л жилд хоёр ч удаа тодотгол хийдэг. Үүнийгээ эдийн засаг тогтворгүй байлаа гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?
-Тэгж ойлгож болно. Төсвийн төлөвлөлтийн чанарыг дээшлүүлэх, цаг хугацааны хувьд уртасгах зорилгоор Хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль оруулах гэж байгаа. Улс орныг дөрвөн жилийн хугацаатай, ямар төслүүд хэрэгжүүлэх, үр ашгаар нь эрэмбэлэх зэрэг асуудлыг зохицуулах юм.
Тухайлбал, улсын эдийн засгийг уул уурхайн болон уул уурхайн бус гэж хоёр хуваагаад авч үзье. Хэрвээ голланд өвчин Монголд хэт мэдрэгдээд эхэлбэл уул уурхайн бус,түүн дотроо бүтээгч эдийн засгийн салбартаа хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь эргээд төмөр зам, тээвэр, логистиктоо нөлөөлж балансалдаг байх ёстой.
-Хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг үү?
-Тийм хатуу дэглэлттэй ч биш л дээ. Ерөнхий чиг баримжааг дөрвөн жилийн хугацаанд төсөөлөөд, түүнийгээ тоогоор илэрхийлсэн, хөрөнгө болон нөөцийг байршуулах юм.
-Гэсэн хэдий ч манай улсын эдийн засаг гадны нөлөөллөөс болж савладаг шүү дээ?
-Дээр эдийн засгийг хоёр хуваах тухай ярьсан. Энэ тохиолдолд зэс, нүүрсний үнэ уначихлаа гэх зэргээр сандралдаад байх шаардлагагүй.
-Ирэх оноос Тогтвортой байдлын хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ тохиолдолд ойр, ойрхон төсөвтөө гар хүрдэг нь багасах уу?
-Тэгнэ ээ. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн жилийн төсөвт хийгдчихсэн хэд хэдэн хязгаарлалт байгаа. Төсвийн орлого, зарлагад дээд зэргийн хяналттай, зөрүү нь ДНБ-ий тэдэн хувиас хэтэрч болохгүй гэх. Энэ нь Монгол Улсыг төсөвт хандах хандлагаар нь сахилагажуулж байгаа юм.
Энэ нь төсөв талдаа маш зөв алхам. Мөн хуваарилалтын асуудал байна. Орон нутаг ба төвлөрсөн төсөв хоорондын хуваарилалтыг тодорхой хуулиар зохицуулчихна. Төсөв зохиох, биелэлтийг нь хангах, мониторинг хийх зэрэг асуудал хуулиар зохицуулагдсан байгаа. Тиймээс дараа, дараагийн жилүүдэд тайван явна.
-Төсөв гэхээр зөвхөн эдийн засагчид боловсруулж, улстөрчид баталдаг мэт иргэдийн оролцоо муу байдаг. Өөрийнх нь өрх гэрт шууд нөлөөлнө гэдгийг тэр бүр сайн ойшоохгүй, хөндий хүлээж аваад байна. Яавал иргэдийн оролцоог идэвхжүүлэх вэ?
-Иргэдэд анхнаасаа төлөвшүүлээгүй учраас энэ байдал үүсдэг. Жишээ нь, өнөөдөр Монголбанк ард нийтэд Мөнгөний бодлогыг тайлбарлах энгийн аргуудыг хэрэгжүүлээд байна.
Түүнтэй адил эдийн засгийн үйл явцыг хамгийн энгийнээр өрхийн төсөв дээр жишээлэх хэрэгтэй. Хүн бүр өрхдөө эдийн засагч шүү дээ. Өрхийн төсвөө буруу төлөвлөж, зарцуулснаас болж муу, сайн л гэж байгаа. Түүний адил улсын төсөв гэдэг өргөн утгаараа өрхийн төсөв.
Энэ улсын төсөв тунгалаг, ил тод, иргэдэд ойлгомжтой байх ёстой. Яагаад вэ гэвэл иргэдийн нэг хэсэг нь үйлдвэрлэгч, нөгөө хэсэг нь тэжээгддэг. Үйлвэрлэгч нь ч, иргэн нь ч татвар төлдөг. Төлсөн татвар маань орлого болж очиж байна. Тиймээс тэрхүү зарцуулалтыг хянах нь бидний эрх гэж л ойлгочих хэрэгтэй.
Ж.Нарангэрэл