О.Бум-Ялагч Д.Энхбат ИЗН-ыг эзэлнэ гээд явсан, чадсангүй дээ
Тэд ирэх орон нутгийн сонгуульд оролцохгүй бөгөөд удирдлагын хямрал нүүрлэх шинжтэй байгаа тул их хурлаа зарлан дотоод зохион байгуулалт хийн, ирээдүйн зорилго чиглэл, улс төрийн тоглолтоо нэг чигт оруулахаар шийдээд байгаа юм байна.
-Ногоон намаар сонин сайхан юу байна?
-Ногоон нам чинь сонгуульд ороод их эрсдэл хүлээсэн. 2008 онд Ногоон намын нэр дэвшигчид 105 мянган хүний санал авч байсан. Их тоо шүү. 105 мянган санал гэдэг. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авлаа. Сонгуулийн судалгаагаар ингэж унана гэж байдаггүй юм билээ. Баабар энэ тэр бол мэдэж л байгаа. Ногоон нам татан буугдаагүй, үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Нэг нэгнээ барьж авч зодоогүй. Ямар нэгэн нэр хүнд унах юм хийсэн биш. Эх орон, байгаль экологийнхоо төлөө тэмцэж явсан. Ер нь нийгэм, олон нийт биднийг Мундаг нам, та нар бусад намуудтай эвсээд хэрэггүй. Монголд байх ёстой нам гэдэг. Санал яасан ч ингэж огцом буухгүй л дээ. 105 мянгаас 15 мянга гэдэг чинь олон дахин буусан байгаа биз. Тэгэхээр үүнийг зарим нь тайлбарлахдаа ИЗН Ногоон нам болсон. Тийм учраас танай саналыг авчихлаа гэж байгаа юм. Тэгэхдээ ИЗН 65 мянган санал л авлаа шүү дээ. Авдаг юмаа л авсан. Өмнө нь 35 мянган хүний санал авч байсан С.Оюун. Яах вэ манай зарим санал тийшээ гүйгээд 65-н болсон юм байх. Ногоон намаас нэр дэвшсэн хүмүүс, ялангуяа 40 тойрогт нэр дэвшсэн хүн бүгд сэтгэл дундуур байгаа. Би сонгуулийнхаа төв штабыг удирдаж байсан.
Манай бага хурал дээр олон гомдол гарсан. Бүх нэр дэвшигчийн тодорхойлолтоор сонгууль луйвартай явагджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас манай бага хурал хуралдаад намайг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гомдол гарга гэсэн. Гомдлыг нь бид гаргасан. Орон нутгийн сонгуульд манай нам орохгүй. Бид сонгууль луйвартай явагдлаа, автомат тоологч биш байна гэдэг үндэслэлийг ярьчихаад дараа нь дахиж сонгуульд гүйж ороод байх хэрэггүй гэж шийдсэн. Нэгдүгээрт, тэнэг хүн алдаагаа давтдаг. Хоёрдугаарт, мөнгө төгрөг нь хаана байна. Манай намын гишүүдэд олигархиуд, мөнгө төгрөгтэй хүн ховор шүү дээ. Модоо тарья, экологио хамгаалъя, газар нутгаа л хамгаалъя гэсэн хэдэн хүн байдаг. Бор зүрхээрээ олсон хэдэн төгрөгөө сонгуульд үрээд цаас болгоод шатаачихсан. Дээрээс нь саналыг нь луйвардаад байгаа нь тодорхой болчихлоо. Тийм учраас орон нутгийн сонгуульд орохгүй гэсэн байр сууринаас хандаж байгаа. Дээрээс нь намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулах ёстой гэсэн асуудлыг ярьсан. Ээлжит бус их хурлыг даруйхан зохион байгуулах бодолтой байгаа.
НЭР ДЭВШИГЧДЭЭ ДАГААД НАМ ХЯМРААД БАЙЖ БОЛОХГҮЙ
-Их хурлаараа сонгуулийн луйвар л ярих гээд байна уу. Эсвэл хариуцлага тооцох гэх мэт өөр асуудал хөндөх үү?
-Хурал дээр намынхаа өнөөгийн амьдрал, үйл ажиллагааг ярина. Манай нам удирдлагын хямрал маягийн байдал руу ороод байгаа. Сонгуульд тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарлаа. Хуулийн хүрээнд компани нь гурван сая, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгөх ёстой гэсээр хэдэн төгрөгөө базаад л орж ирсэн улсууд. Мөн сонгуульд энэ жил анх удаагаа орж үзсэн хүн ч олон байлаа. Би 2000 онд Өвөрхангай аймагт сонгуульд нэр дэвшсэнээ санаж байна. Нэг машинтай, Шинэ үсгийн багш шиг кино үзүүлээд төдөн санал авлаа, би ч овоо шүү гэсэн маягтай яваад байсан. Дөнгөж бизнесээ эхэлж байсан болохоор хэдэн төгрөгөө бараг тэнд үрээд дуусч байсан. Сонгуулиар том луйвар болдгийг анх тэгэхэд мэдэрсэн. Сэтгэл санаагаар их унадаг юм билээ. Сонгуульд нэр дэвших ёстой дэмий, явуургүй юм гэх байдлаар. Үүнээс болж сонгуульд нэр дэвшсэн улсууд нь жаахан сэтгэл санаа хямралтай байна. Үүнд гайхаад, ингэлээ гээд нам гүм үйл ажиллагаагаа явуулахгүй хамт хямраад байж болохгүй. Тэр утгаараа улс төрийн сонголтоо хийх, алдаан дээрээ ажиллах ёстой гэдэг утгаараа Ногоон нам ээлжит бус Их хурлаа хуралдуулах ёстой юм гэдэг байр суурь бага хурал дээр гарсан. Нэг хэсэг нь орон нутгийн сонгуулийн үеэр даруй шийдье гэсэн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Манай нам парламентад суудалгүй ч Ногоон намтай холбогдсон улс төрийн цаана шатрын нүүдлүүд их гарч байх шиг байна. Энэ улс төрийн нөхцөл байдалд бид бэлтгэлтэй байх ёстой. Намуудтай эвсэх, эвсэхгүйгээ судалж үзэх хэрэгтэй. Манай намын бага хурлаар эвсэнэ гэж гаргасан шийдвэр гарахад Их хурал нь буцаах, тараах эрхтэй гэх мэт заалтууд байдаг. Ийм дүрэм журамтай намтай эвсэх тухай ярих хэцүү. Манай нам дотроо их ардчилалтай. АН талыг барьдаг нэг хэсэг байхад МАХН-ын талыг барьдаг өөр нэгэн ч бий. Бүр намын өм болсон ногоон үзэлтнүүд аль ч намтай эвсэхгүй гэж гүйдэг. Ийм байдлаар эвсэлд ороход дараа нь гарна гэвэл бүхэл бүтэн эвслийг будаа болгоно. Тийм учраас би эвсэлд орох бусад хүнийг, бусад намын итгэлийг даах үүднээс тэр өөрчлөлтийг дүрмэндээ оруулах ёстой юм болов уу гэсэн байр суурийг илэрхийлж орно гэсэн бодолтой байна.
-Ер нь танай намд өгдөг байсан санал долоо дахин унасан. Луйвар орсон ч гэсэн нам, гишүүд тань хоёр хуваагдсан нь томоохон нөлөө болсон байх?
-Онолын хувьд ийм ихээр унадаггүй юм байна л даа. Нэг нэгнийгээ барьж аваад алчихаагүй л бол унадаггүй юм байна. Яагаад гэвэл мод тарьдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн болохоос буураагүй шүү дээ. Долоо дахин багасна гэдэг автомат тоологчтой нь холбоотой. Буян-гийн Жагаа ярьдаг. Машинд автоматаар санал нэмээд л хийчихсэн тухай. Уг нь сансрын телефон зохион байгуулах ёстой. Ард түмний өгч байгаа саналуудыг арван минут болоод л саналыг нь автомат тоолоод Сонгуулийн ерөнхий хороо руу явуулдаг байх ёстой. Ингэж саналыг төвлөрүүлдэг байхгүй юу. Ийм зарчмаар яваад сонгууль дуусаад арван минут болоход эцсийн дүн шууд гарах ёстой. Гэтэл Лу.Болд мэтийн манай хүнд гарууд яаж ажиллалаа. Элдэв юм сэдэж орж өөрчлүүлсэн байхгүй юу. Өмнө нь бөглөсөн саналын хуудас барьж гүйдэг байсан бол одоо ялтас барьж гүйгээд л дуусаа. Луйвар хийдэг технологи нь яг хэвээрээ. Хэлбэр нь л өөрчлөгдсөн. Энэ жил АН луйвар хийхэд маш сайн, бүр онц сайн дүнтэй ажилласан. Буян-гийн Жагаа ч парламентын бус бүх намуудын үндсэн зорилго бол сонгуулийг шударга явуулах, ард түмний саналыг луйвардуулахгүй байхад чиглэгдэнэ гэж мундаг хэлсэн. Жинхэнэ мундаг улстөрч, зовлон үзсэн хүний л үг. Манай Ногоон нам луйвардуулдаг сонгуульд ороод яах вэ гэж байгаа юм. Тийм учраас сонгуулийн идэвхи ард түмний дунд муу байгаа юм. Ер нь манайхаас бусад газарт яг санал тоолдог процессыг нь жирийн иргэд хийдэг байхгүй юу.
Бангладеш гэхэд ард түмний санал аваад төддүгээр тойргийн хэсгийн хороонд тэдэн сарын тэдэнд тооллого болно. Тоолоход 80 хүн хэрэгтэй. Нэрсээ өгнө үү. Цалинг улсаас өгнө. Баахан хүн цагийн ажил хийх гэж бүртгүүлнэ. Эндээс тооллогын комисс нь хүн сонгож авдаг. Үндэслэлтэй өвчин зовлонтой, агсам согтуу тавьдаг, тоо мэддэггүй хүнийг оруулахгүй. Хамгийн түрүүнд бүртгүүлсэн энэ тэр хамаагүй, цонхлох маягаар эхний наймын нэг нь гэх мэт аргачлалаар сонгоод явчихдаг. Залуучууд санал тоолохоор их ордог. Мөнгө өгдөг. Ингэж байж залуучуудыг нийгмийн идэвхитэй болгож, төр нь мөнгө гаргадаг. Санал тоолоод мөнгөтэй болчихно, бөөн баяр. Хоёрдугаарт улс төрийн үйл ажиллагаанд танил болно өнөө хүүхэд чинь. Тэгж залуучуудаа улс төрийн идэвхитэй болгож татдаг. Настай тэтгэвэрт гарсан хүн тийм ажил хийх сонирхолтой байна. Тэд хяналт тавина. Ингэж байж нийгмийн бүх давхарга оролцож ард түмний сонголт үнэн зөвөөр гардаг. Ийм хувилбарыг бид санал болгож байна. Бусад улс хийгээд болоод байхад заавал ч үгүй болохгүй юмыг хийчихээд Би луйвардсан, чи луйвардсан гээд суугаад байж болохгүй.
УЛСТӨРЧДИЙН ЦААД ЭЗЭД, ХҮНД ГАРУУД НЬ МОНГОЛ УУ, ГАДААД УУ
-Оюутолгойн асуудлыг эргээд сөхчихлөө. Зарим хүн дүрээ хувиргасан харагдсан?
-Оюутолгойн асуудлыг эсэргүүцээд З.Энхболд, Портуна Батбаяр нар юу ярьж, тонгочуулж байлаа. Одоо болохоор таг дуугүй. Цаад эзэд нь гэж юм байгаад байгаа байхгүй юу. Сүхбаатар жанжин хэлдэг дээ. Биш ээ, цаад эзнийг нь ол гэж. Эдний цаана, манай улстөрчдийн цаана нэг эзэн байгаа юм. Энэ эзэд нь хүүхэлдэй шиг эднийг тоглуулж байгаа. Энэ бодит зүйл. Улстөрч бүр үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Эднийг цаана нь барьдаг хүнд гарууд байгаа. Харин тэр хүнд гарууд нь монгол уу, гадаад уу. Рио Тинто чинь дэлхий дээр байдаг дөрвөн том компанийн нэг. Энэ бол мангас. Энэ мангас янз янзын юм үзсэн. Тэгээд энэ улсуудыг яадаг ч юм. Баахан баримт сэлт, юу юугаар ч юм барьцаалдаг биз. Тэгээд баримттай учраас Олон юм яривал нөхөөр ингэнэ шүү гээд байдаг.
Төр засагт гарсан хүмүүс жаахан хүн муутай байна. Тамирчин гэдэг утгаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг хүн сайтай хүн юм болов уу. Женко Баттулга гайгүй. Муу ч гэсэн тамирчдаасаа ичнэ. Хэлсэн ярьсандаа байхгүй бол. Иймэрхүү монгол жудагтай, хүмүүжилтэй улсуудыг төр засгийн удирдах албанд тавиад хажууд нь мэдлэг боловсролтой С.Баярцогт, Ч.Сайханбилэг, олон юм ярьдгаар нь С.Ганбаатар ч гэх мэт хүнд гаруудыг тавьж болно доо. Яг ийм байдлаар улс төрийн шийдвэр гаргаад явдаг монгол хүн байх ёстой. Ард түмэн чинь өлсөөд, ядуураад Улаанбаатарт будаа болж байна. Үүнийг бүгд мэдэж байгаа. 300 мянган хүн Улаанбаатарт аятайхан амьдраад машин бариад гүйлдээд байна. Сая хүн бол үнэхээр өнөө маргаашаа яая гэж байгаа. Ёс суртахуунтай хүн алга болж. Оюутолгой ямар муухай юм гэж байснаа өнөөдөр Өө гайгүй гээд явж байдаг. Энэ чинь юу гэсэн үг вэ. Биднээр тоглож байна шүү дээ. Бид тэнэг улс биш. Бид чинь өвөг дээдэстэй, дэлхийн талыг эзэлж байсан хүнд гаруудын удам. Бидэнтэй ингэж харьцаж болохгүй. Бид тэгвэл хариуг нь барина. Хүн биднээр тоглоод байвал бид ч бас тоглоно. Тийм учраас манай намд байгаа залуучууд улс төрөөс гутаж байна. Манай Ногоон нам засгийн эрх барьчихвал та яах вэ. Бас эдэн шиг ингэх үү гэж асууж байна. Би дуугүй болдог. Үгүй, тэгнэ гэж хэлэлтэй нь биш. Ерөөсөө л улс төрд орох гэсэн залуучууд жаахан үзүүрт нь хүрээд л гутаж байна шүү дээ.
Д.ЭНХБАТЫГ ДАГААД 40 ХҮН Л ЯВСАН ЮМ БИЛЭЭ
-Ногоон нам яг одоо хэдэн гишүүнтэй байна вэ? Хэд нь Иргэний зориг руу явчихав?
-Манайх чинь албан ёсоор 2100 гишүүнтэй байсан. Энхбат явахаасаа өмнө гишүүдээ панаалдахын тулд 512 хүний жагсаалт Улаанбаатар хотын салбар зөвлөлд өгсөн юм. Манайх орон нутагт 18 салбар зөвлөлтэй. Тэгээд салах нийлэх тухай маргаан явсаар байгаад Улс төрийн намын тухай хуулиар хэлэлцүүлэг явуулсан байх ёстой гэдэг дээр буусан. Тэгсэн тэр хэлэлцүүлгээ SMS-ээр явуулсан гэдэг байхгүй юу. Иргэний зориг намтай нэгдэх үү, нэгдэхгүй юу гээд намынхаа бүх гишүүн рүү SMS явуулсан гэнэ ээ. Тэгээд эсэргүүцэж тэдэн хүн хэлсэн гэдэг. Энхбатынхаар хорин хэдхэн хүн эсэргүүцсэн юм уу хаашаа юм. Тэгээд одоо эсэргүүцсэн цөөнх учраас нэгдэх боллоо гэдэг шийдвэр гарсан. Гэтэл хуулиар болохоор ардчиллын зарчмаар шийдэх ёстой гэдэг. Одоо намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулахаар бүртгэл явуулахад идэвхитэй гишүүд нь 423 хүн жагсаалтад орсон явж байна.
-Сая нэлээд хэд хэдэн хүн Иргэний зориг руу явчихсан юм уу?
-Яваагүй ээ. Анх 2008 бил үү, 2006 онд уу, шинэчилсэн бүртгэл хийсэн. Тэгэхэд иргэний үнэмлэхтэй 12 мянган дэмжигчтэй байсан. 1990 онд байгуулагдаад түүнээс хойш өсч буусаар дахин бүртгэл явуулахад 2100 болоод. Одоо бидний ээлжит бус их хурлаа зарлах гэхэд 423 хүн идэвхитэй гишүүнтэй байна. Зарим гишүүний хаяг солигдож. Иргэний зориг намд албан ёсоор орсон нь 40 шүү дээ. Иргэний зориг намын хурал болоход Энхбат намаасаа гарлаа, Энхзаяа гэж эмэгтэй бас хамт гарлаа. Тэгэхэд Үндэсний зөвлөлдөх хорооныхон Бусад 40 хүнийг чинь яах юм бэ. Та нар аваад явах юм уу гэхэд Энхбат Тэд бидэнд хамаагүй гэж хэлээд гарсан гэж байгаа юм. Тэгэхээр Иргэний зориг намд Ногоон намаас албан ёсоор 40 хүн л орсон байгаа биз дээ. Манай намын идэвхитэй хүний арван хувь л тийшээ явсан гэж ойлгож болно.
НН-ЫГ ТАТАН БУУЛГАНА ГЭДЭГ БОЛ ИЗН-ЫН УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО
-Д.Энхбат намаа хувааж ИЗН руу явсан ч тэндээсээ гарчихлаа. Олон нийт үүнийг янз янзаар л харж байна. Шударга хүн тэссэнгүй гэх хэсэг байхад өөр гаргалгаа гаргах нэг нь ч байна. Намаа хуваалгасан таны бодол?
-Д.Энхбат улстөрч биш байх аа. Миний бодлоор Д.Энхбатыг цаанаас нь явуулсан байх. Нэг нь л явуулсан. Чи очоод Ногоон намыг тараагаад ир гэж явуулсан байх. Анх манай намд орж байхдаа нэг айхавтар үг хэлсэн байдаг юм. Ногоон нам татан буугдана. Яагаад гэвэл ногоон үзэл дэлхийд ирээдүйгүй болж байна. Бүгд л үүнийг барьж авч байна шүү дээ гэж. Үүнийг нь сонсоод бид Д.Энхбатыг намдаа элсүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Гэвч манай хөгшчүүл дийлдээгүй. Манай ногоонтнууд чинь улс төрд ороод доод тал нь долоогоос найман жил идэвхитэй явчихсан хүмүүс байдаг. Ахмад ногоонтнууд маань 1990 оноос Ногоон нам гэж яваад зүдрээд, ядраад Д.Энхбатын панаалд ороод татан буугдах асуудлыг дэмжээд Д.Энхбатыг намд оруулсан.
Улстөрч биш шүү дээ. Энэ чинь бизнесмэн хүн байхгүй юу. Яахав тодорхой хэмжээний бизнесийн дэмжлэг л байсан байх. Түүнээс Энхбатыг ИЗН-д мөнгө оруулаад өндрөө авсан гэж бодохгүй байна. Мань эр Датаком-ыг худалдаж авахад алдаа мадаг гаргасан түүнийг нь л зохицуулсан гэх мэт асуудал байдаг байх. Тэгээд хариуд нь Д.Энхбат Ногоон намыг тараасан байх. Гэхдээ аз болоход амжилтад хүрсэнгүй. Улс төр, бизнес хоёр чинь ондоо. Улс төрд тэмцэж байгаа хүмүүс маш халуун зүрхтэй байдаг. Шал ондоо л байдаг байхгүй юу. Бизнесийн дүрэм журам мөнгөөр зохицуулагдана. Мань эр бүх юмаа тэрүүгээр зохицуулчихна гэж бодсон байх л даа. Намд нэгдсэн хүмүүсийн санаа, утга учрыг ойлгохгүй байгаа байхгүй юу.
-Арай ч үгүй байлгүй дээ. Тодорхой хэмжээнд улс төр хийж явсан хүн биз дээ?
-Нэг итгэл үнэмшилтэй, халуун гэр бүлийг шал ондоогоор ойлгож орж ирсэн учраас хоёрдугаарт ёс суртахууны янз янзын л юм боллоо. Мэргэжлийн бус алдаанууд гаргалаа. Одоо С.Оюунаас салаад явж байгаа гэсэн. Бид анх С.Оюунтай нэгдэхэд нь Наад С.Оюун чинь Буян-гийн Жагааг яалаа. Тийм хүнд гарыг тэгчихээд байхад чи одоо өөрөө юу бодож гүйгээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Үгүй ээ. Тэдний намыг бид эзэлнэ. Жагаа чадаагүй л байхгүй юу гэсэн. Тэгээд яасан, өөрөө амбаардуулаад явлаа шүү дээ. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа юм.
ИЗН-ын цаана ондоо бодлого явдаг. Үүнийг Шар айраг-ийн Ц.Ганхүү нь хэлсэн шүү дээ. Дээд шүүх дээр Ногоон намыг татан буулгана гэдэг нь манай ИЗН-ын улс төр юмаа гэж телевизээр гарч байсан. Яахав, Ц.Ганхүү мэргэжлийн улстөрч биш учраас уур нь хүрээд хэлж байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ бол эдний зорилго. Намуудыг татан буулгах зорилготой. Бүгд найрамдах намыг татан буулгах гэж олон юм цор цор хийсэн. Тэгээд манай намыг татан буулгах гэж оролдсон. Ерөөсөө л уран олборлох, цөмийн асуудлын эсрэг тэмцээд олон идэвхитэй тэмцэгч байгаад байгааг л зогсоох зорилготой. Нядлах бодлого явуулдаг. Одоо яахав метро ярьсан шиг явж байна. Цаад зорилго нь ийм л байхгүй юу. Нийгэмд ондоо үзэлтэй, яваандаа хүчээ авч магадгүй улсуудыг барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлого л явуулдаг.
Ц.ЭЛБЭГДОРЖ ДАЙНАА ДУУСГАЖ ҮР ДҮНД ХҮРЭХ ХЭРЭГТЭЙ
-Та жижиг намууд гэх ангилалд ямар байдлаар ханддаг вэ. Бенз ба бусад гэдэг шиг л ангилсаар байгаад дасал болчихож дээ?
-Бид улстөрчид учраас улс төрийн хэллэгээр нь ярих ёстой. Парламентын ба парламентын бус гэж ярих ёстой л доо. Мэдээж парламентын бус намууд парламентын намуудаа ашиглана. Энэ бол улс төрд байдаг л зүйл. Дэлхий даяар ч манайд байгаа энэ хэлбэрээр явдаг. Дээд шүүх ийм үзэл сурталтай, ийм нам байна гэж бүртгэж авсан. Ингээд бүртгээд авсан тохиолдолд чи жижиг, би том гэж ярьж болохгүй. Парламентад суудалтай, суудалгүй нам гэж л ярина. Энэ утгаараа суудалтай намуудыг ашиглалгүй яах вэ. Улс төр гэдэг чинь шатар. Жишээ нь, том улс төр дээр парламентын бус намууд нь хүү болоод гүйж ирэхийг үгүйсгэхгүй.
БААБАР МЭТИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС ТАРХИ УГААХ НЬ ХОРЛОНТОЙ
-Та Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харсан байх. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааг юу гэж харж байна вэ?
-Үүнийг шууд хэлэх хэцүү. Цаг хугацаа л харуулна шүү дээ. Долоо хоног амралтгүй ажиллана ч гэж байна. Энэ хэдийн бензин нь дуусаад харваад өгвөл яах вэ. Тэгэхээр энд нэг шоу яваад байгаа юм. Тиймээс ард түмэндээ таалагдах гэж ингэж шоудмааргүй байна. Ухаалаг шоудахгүй бол биднийг доромжлоод байна. Өнөөгийн нийгэмд боловсролтой зоригтой олон залуу байгаа. Үүнийг нэг хараад л ойлгоно. Тиймээс ингэж шоудмааргүй байна. Гэхдээ хийж байгаа чиглэл нь зөв. Заавал үүнд тоглолт хийгээд байх шаардлагагүй. Цаана нь өлссөн цангасан, зовсон хүн олон байгаа. Ц.Элбэгдорж өлсгөлөн, ядуурлын эсрэг дайн зарласан. Дайнаа дуусгаж ямар нэг үр дүнд хүрэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө гээд л олон асуудал байна. Нийтлэлч Баабар ядуурал байхгүй гээд Дэлхийн банктай хамтраад өчнөөн бичнэ. Баабар өөрөө явж үзэх хэрэгтэй. Ямар нэг тоогоор ярьж болохгүй. Олонд танил болсон хүн монголчууд ядуу биш гэж ярьж болохгүй. Тийм зүйл ярих гэж байгаа бол өөрөө газар очиж үзэх ёстой. Зургаа аваад баримтжуулаад ядуу биш юм байна гээд ярих хэрэгтэй. Тэгэхээр олонд танил болсон нөлөө бүхий этгээд ийм зүйл ярина гэдэг чинь их хорлонтой. Сонгуулийн өмнө Баабар ийм дүр төрхтэй сонгууль болно гэсэн нийтлэл гаргасан. Тэгээд л Баабарын хэлснээр гарсан шүү дээ. Хуульд ингэхийг хорьсон. Сонгуулийн үеэр сурталчилгааны үр дүнгийн юм хийж болохгүй гэж тодорхой заачихсан байгаа. Баабар АН-ын хүн. Тэгээд ийм юм биччихээд байхад дув дуугүй л өнгөрсөн. Хууль яасан бэ. Германд байсан бол Баабарыг торгоод эсвэл сонгуулийн үр дүнг шууд хүчингүй болгоно. Хуульдаа болохгүй гээд заачихсан учраас л ингэж арга хэмжээ авна. Тийм нөлөө бүхий хүн сонгуулийн дүнг урьдчилан хийж биччихсэн байхад манайд болохоор бүүр эсрэгээрээ баатар болоод далдыг хардаг хүн шиг газар аваад байж байдаг.
-Шинэ парламентад Шударга ёс эвслээр дамжин иргэний нийгмийн төлөөлөл орсон. Гэтэл одоо хоорондоо буцаад бие биенийхээ муу муухайг дуудалцаад уналаа?
-Яахав дээ, байдаг л зүйл. Гэр бүл шиг авгай хүүхэддээ, ах дүүдээ үнэнч байдаг шиг тийм зүйл биш л дээ. Ордонд болж байгаа бүхэн шал ондоо. Ордонд болж байгаа зүйлд ашиг сонирхлын зөрчил бий болно. Өөрийн байр сууриа хамгаалах хэрэгтэй болно. Дээрээс нь бие биенээ доромжилдог болно. Энэ хүмүүс маш их стресстэй байгаа. Энд байгаа хүмүүсийн гаргаж байгаа шийдвэр бол маш нийтлэг хэдий ч бидний бодож төсөөлж байгаагаас ондоо байдаг. Гэхдээ ёс суртахууны талаар бодох хэрэгтэй. Хэлсэн амандаа хүрдэггүй, худлаа ярьдаг хүмүүсийг улс төр сонгодоггүй л байхгүй юу. Яваандаа больдог байхгүй юу. Оюутолгой болохгүй байна гэж байснаа одоо зүгээр гэж байгаа хүмүүсийг дараагийн сонгуулиар ард түмэн сонгохгүй. Уур амьсгал нь ийм болчихоор нөгөө ард түмэн сонгохгүй л байхгүй юу даа. Иймээс худлаа ярьдаг, хоёр нүүртэй улс төрөөс бид зайгаа барих хэрэгтэй. Хоорондоо муудалцах асуудал бол байдаг л асуудал.
МАХН ТӨЛӨВШӨӨГҮЙ ГЭДГЭЭ Л ХАРУУЛЖ БАЙНА
-Муудалцахыг ч яг хэлээгүй юм л даа. Үзэл бодолдоо үнэнч биш байгааг л асуусан юм?
-Намууд үзэл бодол гэдэг зүйлээ томъёолох хэрэгтэй. Манай нам бол тодорхой үзэл бодолтой. Жишээлбэл уран олборлохын эсрэг байна. МАХН-тай бид уран олборлохын эсрэг байна гэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Харин өнөөдөр тэдний нам шар нунтаг үйлдвэрлэхээс бусдыг хийхгүй юу гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь орчихсон л явж байна. Тэд бидэнд үнэнч байх шаардлага байхгүй л дээ. Гэхдээ итгэл үнэмшлээрээ тэр санамж бичигт гарын үсэг зурсан уу, үгүй юу гэдэг асуудал энд гарч ирж байгаа биз. Тэгэхээр МАХН-ын өөрсдийнх нь бодлого, стратеги, тактик зэрэг нь тодорхойгүй байна гэсэн үг. Түүнийгээ буруу тодорхойлсноос болоод юу дуртайгаа хийж байна. Төлөвшөөгүй нам гэдэг нь л харагдаж байгаа юм.
М.Мөнхчимэг