Бөх зураг хоёрыг хослуулагч
А.Бат-Эрдэнэ, гэрэл зурагчин С.Цацралт, шог зохиолч Н.Даваадаш, А.Амарсайхан, Д.Жаргалсайхан гээд олны танилууд ирсэн байв. Тэднийг харахад нэгэн баг гэмээр сэтгэгдэл төрж байсан юм. Мөн спортын алдартнууд ч түүнд баяр хүргэх гэж, бас өөрийнхөө нөхөрсөг шог зургуудыг үзэх гэж ирсэн харагдсан.
Тэрхүү үзэсгэлэнгийн эзэн нь бидний сайн танил шог зураач гэхээсээ илүү Чөлөөтийн Мөнхөө юм. Л.Мөнхбат гэх энэ эрхэм зөвхөн бөхийн хорхойтон, шог зураач бус бас үзэг нэгт нөхдийн маань нэг нь. Тэрбээр үзэсгэлэндээ шинэхэн төрсөн хүүдээ нэр хайрлаж буй мэт бодон бодон байж Цаг нь ирэхээр хэмээн шивнэсэн байв.
Спортын хорхойтон гэхээсээ илүү бараг мэргэжлийн шүүмжлэгч, судлаач, дасгалжуулагч гэж хэлж болох түүнийг хэн ч харсан спортын хүн л гэж боддог. Учир нь тэрбээр зургаас илүү тамирчид хийгээд тив, дэлхийн тэмцээн уралдаан, барилдааны тухай ярьж явдаг болоод л тэр.
Тэрбээр олимп, дэлхийн аваргууд, медальтнуудын тухай, Монголынхоо бөхчүүдийн тухай эрт эдүгээ, өнөө цагийн явдлыг дуусахгүйгээр хүүрнэдэг нэгэн. Нэрт дасгалжуулагч А.Басхүү, С.Магсар, Х.Намшир, алдарт бөх Л.Сэргэлэнбаатар, О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, тэр ч бүү хэл улсын начин Лу.Энхбаярын үй зайгүй найз нь байсан гээд бодохоор түүнийг спорт хэмээх энэ агуу ертөнцөөс хол ангид ойлгож ер болохгүй юм л даа.
Олны нэрлэдгээр чөлөөтийн Мөнхбаттай төстэй нэгэн өвгөжөөр хүн нуруу үүрэн алхаж хааяа харц туссан зургийн өмнө саатаж байхыг хараад төвөггүй л түүний аавыг гэж таньсан.
Хүүгийнхээ урилгаар ирчихээд ойр тойрныг харж зогсох хоёр буурлыг харахад хөдөө тал тэр чигээрээ үнэртэх шиг болж билээ.
Аав Лувсанжав нь эр хүний хээ шаагүй зангаар эргэн тойрныг ажиж байхад ээж Сумъяа нь эгээ л нялх хүүхэд харж буй мэт хүү рүүгээ энхрий ялдамхнаар ширтэж байсан юм.
Хоёр буурлыг номхон командтай мэт зогсоох Хэргийн эзэн хэнгэргийн дохиур-ыг бөхийн тухай тэр тусмаа чөлөөт бөх ярихаар нүд нь сэргэж, зурж байгаа зургаа ч умартдаг гэж нөхөд нь цаашлуулдаг юм билээ.
Соёлын гавьят зүтгэлтэн Ц.Байды гуайн гарын шавиа нэг биш удаа Нэг л юманд зорих нь дээр дээ гэж хэлж байсан ч түүний босоо хийморьтой бөхчүүдээ дээдэлж явдгийг нь мэдэрсэн учир тэгсхийгээд чимээгүй болсон гэдэг.
Зууны манлай дасгалжуулагч С.Магсарын 1968 онд Мехико хотод болсон зуны олимпийн наадмын үед тайлбарлаж байсан, чөлөөт бөхийн тэмцээний сугалаа, манай бөхчүүдийн хэн нь хэнтэй хэрхэн барилдах, цаашид яаж барилдаан нь өрнөх, ямар тактикаар барилдвал медальд хүрэх тухай есөн хуудас тэмдэглэл өдгөө ч Л.Мөнхбатад бий. Манай спортын түүхийн нэгэн сонирхолтой баримт болох тэрхүү тэмдэглэлийг тэрбээр Монголын олимпийн музейд өгөх бодол тээж явдаг гэсэн.
Мөн түүнд дархан аварга Д.Дамдингийн бичиж өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийн тухай танилцуулга, дархан аварга Ж.Мөнхбатын 30 жилийн турш бичиж өгсөн дурсамж ч хадгалагдаж байдаг гэнэ лээ.
Ер нь ч спортын тэр тусмаа чөлөөт бөхийн эдүгээ цагийн амьд архив гэгдэх түүний тэмдэглэсэн дэвтэрлэсэн нь нэг хоёроор бус нэлээд хэдэн ботиор хэмжигддэг юм билээ.