Европын холбоо яагаад Нобелийн шагнал авсан бэ
байдлыг энэ холбооны гавьяа зүтгэлийн үр дүн гэж үзсэнээ Нобелийн хороо тэмдэглэсэн байна. Мөн үүнээс гадна энэ шагналыг олгохдоо бодитой нэг зорилгыг эш үндсээ болгосон нь өрийн хямрал, уг холбоо тарж бутрах аюул нүүрлэж байгаа энэ үед Брюссельд ёс суртахууны дэмжлэг үзүүлэх явдал аж.
Нобелийн хороо өмнө нь ийм шийдвэр гаргаж байгаагүй. Энэ шагналыг томоохон байгууллагуудад олгож байсан нь үнэн боловч Европын холбоо шигт нь бол үгүй юм. Энэ холбоо бол нэг хэсэг улсын харилцааг зохицуулж байдаг, үндэстэн хоорондын хавьгүй өргөн далайцтай байгууллага билээ.
Хэвлэлийн бага хурал дээр Нобелийн хорооны тэргүүн Турбьер Ягланд Европын нөлөө бүхий хоёр гүрэн болох Франц, Германыг эвлэрүүлэхэд Европын холбооны гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурьдсан юм. 1952 онд бий болсон Европын нүүрс, гангийн нийгэмлэгийн нэг гол зорилго нь хэдэн зуун жил хагаралдсан энэ хоёр улсыг эвлэрүүлэх явдал байсан бөгөөд энэ байгууллага яваандаа Европын холбоо болж өргөжсөн нь яах аргагүй үнэн билээ. Хоёр улсын энх тайвнаар зэрэгцэн орших баталгаа нь нүүрс, гангийнхаа зах зээлийг интеграцчилах явдал байсан юм. Тэднээс гадна Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд энэ нийгэмлэгт анхлан элссэн бөгөөд хожим Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэг энэ байгууллагад нэгдэж удирдлагаа нэгтгэснээр Европын хамтын нийгэмлэг бий болжээ. Улмаар 1993 онд гишүүн орнуудын бодлогыг зохицуулах зарчмыг тогтоосон Маастрихтийн гэрээний үндсэн дээр өнөөгийн Европын холбоо бий болсон билээ. Тэр үед гишүүн орны тоо 12 байсан бол 2007 оны өргөтгөлөөр хамгийн сүүлд Болгар, Румын улсууд орж ирснээр энэ холбоо 27 гишүүнтэй болсон юм.
Төмөр хөшиг нурж хуучин ЭЗХТН-ийн орнууд Европын холбоонд нэгдэх бололцоо бий болсны дараа энэ холбоо бүс нутагт намжмал байдлыг улам бүр баталгаажуулах арга хэрэгсэл болохынхоо хувьд үүргээ дахин биелүүлсэн юм. ЭЗХТН-ийн орнуудаас одоо Европын холбоонд Болгар, Румынээс гадна Унгар, Польш, Словак, Чех болоод хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Литва, Латви, Эстони гурав нэгдээд байна. Мөн ЗХУ-тай найрсаг харилцаатай Югославын бүрэлдэхүүнд байсан Словени ч нэгджээ.
Брюссель болон Германд энэ шагналыг Европын ихэнх орнуудын хувьд нэр төрийн хэрэг хэмээн үзэж урам зоригтой хүлээж авлаа. Гэвч бүгдээрээ ингэсэн гэвэл үгүй юм. Ялангуяа төвөөс зугтах хандлага илүүтэй үйлчилж буй орнууд Нобелийн хорооны шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Европын холбоотой байгуулсан гэрээгээ эргэж харах талаар яриа хөөрөө идэвхтэй өрнөж буй Их Британид парламентын зарим гишүүн нь энэ шийдвэрт сөргөөр хандаж байна. Зарим буурай орны өмнө хүлээх хариуцлагынхаа хэмжээгээр энэ улс Европын холбооноос хамааралтай болж буй нь британичуудад таалагдахгүй байгаа аж. Үүний улмаас уг холбоонд гишүүн байх нь зөв эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхийг уриалсан дуу хоолой Лондонд сонсогдож эхэлжээ. Консерватив намынхан үүнд түрлэг нэмэхгүй байгаа ч үйл явдал ингэж өрнөхийг үгүйсгэхгүй байгаагаа ил далд хэлсээр байна. Нобелийн шагналыг мөн Өрийн дарамт нь хэрээс хэтрээд еврогийн бүсээс гарах эсэх дээрээ тулаад буй Грек улсад Нобелийн шагналыг мөн л дургүйхэн хүлээж авав. Санхүүгийн тусламж авахын тулд Грекийн эрх баригчид Еврокомисс болон Европын төв банк зэрэг холбооны төв бүтцүүдтэй хэлэлцэх шаардлагатай болсон нь Афин Брюссель хоёрыг зөрчилдөхөд хүргэж байгаа юм. Тэдний тулгасан хэмнэлтийн горимыг хэрэгжүүлснээр Грект эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал эрс дордсон билээ. Үүний хажуугаар түүгээр яваа гайг үүгээр дуудсан хэмээн грекчүүдийн чичилж буй гол хүн нь Европын хамгийн том донор орны тэргүүн Ангела Меркель болоод байгаа юм.
Европын нэгдмэл байдлыг бусниулахаар заналхийлж буй орон бол ганц Грек ч биш. Испани, Итали, Португалид ч хямрал улам бүр гүнзгийрсээр байна. Гэхдээ Европын холбооны болзошгүй бутралын хариуцлагыг эдгээр орнуудад үүрүүлэх нь учир дутагдалтай юм. Энэ том нэгдлийн нийтлэг хариуцлагын асуудал энд яригдах ёстой бөгөөд эдийн засгийн асуудлаа зохицуулах механизмд нь цаашид засвар орох шаардлагатай нь улам бүр харагдсаар байна.
Европын холбоо нэлээд хүнд үедээ Нобелийн шагнал хүртэж байгааг Т.Ягланд ч хүлээн зөвшөөрсөн юм. Хүрсэн амжилтаа хадгалахын тулд бололцоотой бүхнээ хийхэд нь энэ шагнал дохио сануулга болж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн билээ. Энх амгалан байдлыг дэмжин тэтгэх, түүнд тэмүүлэхэд Европын гаргасан амжилтыг бид сайшаахын хамт задрал бутралд зам тавьж өгвөл эргээд ямар аюултай байдалд хүрч болохыг бид сануулахыг хүсч байна гэж тэрбээр хэлсэн юм.
Хямралыг даван туулахад нь туслахын тулд Европын холбоонд ёс суртахууны дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ шагналыг олгохын хажуугаар Нобелийн хороо нэгдмэл Европыг тараахгүй байх хатуу болзлыг Брюссельд тулгаж байж ч мэдэх юм. Иймэрхүү шийдвэр гаргаж байсан удаа ч өмнө нь бас бий билээ. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад 2009 оны энх тайвны шагналыг хүртээсэн явдал. Нобелийн хорооны тэр шийдвэрийг шагналын эзнээс авахуулаад тун олон хүн гайхан хүлээж авсан билээ. Б.Обамад энэ шагналыг Олон улсын дипломат харилцаа, ард түмнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон боловч эзэн нь тухайн үед энэ чиглэлд юу ч бүтээж амжаагүй байсан юм. Хийх зүйлд нь олгосон урьдчилгаа гэж зарим нь дүгнэсэн боловч эцсийн дүндээ Б.Обама А.Нобелийн үнэт зүйлд бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэвэл учир дутагдалтай билээ. 2001 онд НҮБ-д энэ шагналыг хүртээсэн явдал мөн л маапаантай. НҮБ дэлхийн дайны дараа олон улсад энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд байгуулагдсан нь энэ шагналын үзэл санаанд нийцэж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд энэ байгууллагын үйл ажиллагаа улам бүр шүүмжлэлд өртөж, байх ёстой эсэх нь ч эргэлзээ төрүүлж байгаа нь бодитой үнэн билээ.
Харин Европын холбооны хувьд Нобелийн шагнал хүртээх шийдвэр нь гэнэтийн гэдэг нь үнэн ч, буруу зүйл бол арай ч биш болов уу. Европын нэгдлийн хүрсэн үр дүнд шагшин магтахаар зүйл үнэхээр их бий. Харин шагнал цагаа олсон эсэх нь ондоо асуудал, арай хожуу л ирсэн үнэлгээ болов уу даа.
Б.Амгалан