Н.Удвал Эмнэлгүүдэд сонирхлын зөрчилтэй хүн олон байдаг
төрөх болон, гэмтлийн эмнэлгийн ачаалал, эмч сувилагч нарын хүнд суртал гаарч байна. Шинэ Засгийн газар гарч салбарын сайд ч солигдон С.Ламбаа сайд ажлаа хүлээлгэн өгч оронд нь Н.Удвал ирээд байгаа. Эрүүл мэндийн салбарт бугшсан хүнд хэцүү асуудлуудыг Н.Удвал хатагтай нэг тийш нь цэгцлэх болов уу гэсэн горьдлого иргэдийн толгойд эргэлдсээр. Ямартай ч тэрээр өчигдөр яаман дээрээ сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх болсны зэрэгцээ хувийн клиник сувиллуудад шалгалт хийсэн талаараа мэдээлсэн юм. Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд таван хөтөлбөрийг тавьж байгаа аж. Үүнд Монгол хүн эх орондоо чанартай, нарийн мэргэжлийн тусламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах гэсэн зорилтуудыг тавьж байгаа юм байна.
Харин энэ хүрээнд эхний ээлжинд улсын хэмжээний эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын үнэлгээ хийхээр болсон байна. Мэдээж өнөөдөр эмнэлгийн ажилчдын ёс зүй, ор дэрний ариун цэвэр, хүрэлцээ ямар байгааг хүн бүр мэднэ. Гэхдээ сайд энэ талаар илүү нарийн мэдэхийг хүссэн бололтой. Үүнийг энэ ондоо багтаан тогтоох аж. Уг ажлаасаа үүдэн эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг иргэдэд ээлтэй, ёс зүйтэй ажилчид болгон төлөвшүүлэх гэнэ.Ингэхийн тулд иргэний хяналтын зөвлөлийг байгуулж байгаа гэнэ.
ЭМ-ийн сайдын тушаалаар нийслэлийн бүх дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хэвшлийн 152 клиник сувилалд нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран ЭМЯ-наас хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн байна. Үнэлгээний дүнгээр 152 сувиллын 66 сувиллаас зөрчил илэрчээ. Тухайлбал тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд заагдаагүй үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулаагүй, зөвшөөрөлтэй хэрнээ өөр газар үйл ажиллагаа явуулж байсан, тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангахгүй байх зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс зөрчилтэй клиник сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Гэхдээ тодорхой хугацаанд чанарын шаардлага хангаагүй зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болох гэнэ.
Эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудлыг яривал дундрашгүй их зүйл ярьж болно. Тиймээс түүнээс зарим нэг шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар лавлалаа.
-Монгол Улсын Үндсэн хуульд 16 хүртэлх насныхан эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авна гэж заасан байдаг. Гэтэл дүүргүүдийн бүх эмнэлгүүд 70-аар эхэлсэн утастай байна. Насанд хүрээгүй иргэн тус утас руу залгахад гар утасны тарифаар төлбөр төлөгдөнө. Энэ байж болох зүйл мөн үү?
-Төлбөртэй утсаар дуудлага авдаг байж болохгүй. Үүнийг би анх удаа сонсож байна. Төлбөртэй утсаар дуудлага авч болохгүй шуу дээ. Энэ асуудлыг би одоо л мэдлээ. Өнөөдөр би энэ асуудлыг шийдвэрлэх болно.
-Эмч ажилчдын ёс зүйгүй байдал, хүн үхэх гэж байхад гар хардаг хандлага байсаар байгаа. Үүнийг эмнэлгийн дарга нар ч үл ойшоодог. Сайдын хувьд үүн дээр анхаарал хандуулах ёстой байх?
-Эрүүл мэндийн яам сая дотоод бүтцээ хийгээд одоо эмнэлгүүд рүү орох гэж байна. Эмнэлгүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс их ажилладаг. Тухайлбал зарим эмнэлгийн дарга нар өөрөө эм ханган нийлүүлэх байгууллагатай. Хүнд үйлчлэхээсээ илүүтэй бизнес хийдэг газар гэж ойлгосон еврогоор
цалинждаг ийм дарга нар бий. Ийм гомдлыг иргэд бидэнд маш их ирүүлдэг. Үүнийг таслахад их бэрхшээлтэй. Үүнийг таслуулахгүйн тулд сүлжээ үүсчихсэн их тэмцэлдэж байгаа. Бид энэ байдлыг тасална. Одоогийн Засгийн газар авлига, хүнд сурталтай тэмцэж иргэдийнхээ эрхийг хүндлэхийн төлөө ажиллана гэж байгаа. Асуудлыг иргэний хяналтын зөвлөл ажиллаж судалж тогтооно.
-Иргэний хяналтын зөвлөлийн бүтэц нь ямар байх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс, халдвартай хүмүүсийн нийгэмлэг гээд бүрдсэн иргэд цөөнгүй байдаг. Тэр хүмүүсийг иргэдийн зөвлөлд ажиллуулна. Үүнд даатгуулагч татвар төлөгчийн төлөөлөл ч багтана.
-Дараагийн асуудал бол эмнэлгүүдийн хүрэлцээтэй холбоотой. Тухайлбал, хүүхдийн мөнгө олгож эхлэхтэй холбоотой төрөлт ихэснэ. 2014 онд ашиглалтанд орно гэж байгаа дөрөвдүгээр амаржих газрын ажлын явц ямар байгаа вэ?
-Энэ жил Нэгдүгээр төрөхийн өргөтгөл ашиглалтанд орох гэж байна. Бага ч болов ачаалал нь буурна байх. Төрөх гэдэг бол хамгийн аюултай нь ачаалал ихсэхээр эмнэлгийн дотоод халдвар гардаг. Эмнэлгийн дотоод халдвар гарахаар хамгийн түрүүнд нялх хүүхдүүд өртдөг. Эмнэлгийн дотоод халдварыг үүсгэж байгаа нян антибиотикт маш тэсвэртэй. Хүнд биеийн нянгаар гол төлөв үүсгэгддэг. Ямартай ч нэгдүгээр төрөх ашиглалтанд орсноор ачаалал буурна. Ойрын үед төрөлт ихэснэ. Тэгэхлээр төсвийн тодотголыг нэмэх шаардлагатай байгаа. Уг нь бид нэмсэн. Гэсэн ч цаашид нэмэх шаардлага байна. Дөрөвдүгээр төрөхийн хувьд ашиглалтанд мөд орохгүй ээ. Сая ажлын хэсэг шалгаад 2014 онд шугам сүлжээ нь очих боломжтойг хэлсэн.
-Амаржих газрын шатлал ямар байх ёстой юм бэ?
-Амаржих газар эхний ээлжинд дүүрэг дүүргээрээ байх ёстой. Тиймээс дүүргүүдийн эмнэлгийг чадавхтай болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Дүүргийн эмнэлэг гэмтэл, түргэнтэйгээ хамт байх ёстой. Тэгж байж л төв эмнэлгүүдийн төвлөрөл нь саарна. Гэмтлийн анхан шатны тусламжийг дүүргүүд нь үзүүлэх ёстой. Энэ бол маш том эрүүл мэндийн бодлогын асуудал. Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлууд шийдэгдэх ёстой. Ерөнхийдөө дүүргийн эмнэлгүүдийг чадавхжуулах тал дээр бодлого явуулж байж энэ асуудлыг шийдэх боломжтой.
С.Од