Мэргэжлийн бус хүн, мэргэжлийн бус л байдгийг Д.Пүрэвдорж харуулсан
-Хоёулаа яриагаа ирэх оны төсөвт суулгасан Ерөнхий сайдын багцын 50 тэрбумаас эхлэх үү?
-Энэ мөнгийг өөрийнхөө намын эсвэл өөрийнхөө имижийг дээшлүүлэх өөрөөр хэлбэл популист зардалд л зарцуулна шүү дээ. Өмнө нь УИХ-ын гишүүд ч гэсэн нэг тэрбум төгрөгөө популист юманд л зарцуулдаг байсан. Аль болох олон хүнд хүртээх гээд л жижиглээд хаячихдаг байсан. Бараг л 100,100 мянгаар нь бүх хүмүүстээ тараагаад өгчих сонирхолтой байгаа. Сонгуулийн үеэр 20 мянган төгрөг тараадаг биз дээ.
Тэрүүн шиг л сонгуулийн жил учраас яг ийм популист юм руу энэ мөнгө орох боломж их байна. Нөгөөтэйгүүр би Ерөнхий сайдыг ойлгож харах гэж хичээж байна л даа. Энэ оны улсын төсөв дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн олон заалт тусгагдаж чадсангүй. Эдийн засаг, нийгмийн бодлогоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадсангүй гэх гээд байна.
Гэвч мөрийн хөтөлбөрийнхөө том чухал заалтуудыг эхлүүлмээр байдаг. Гэтэл мөнгөгүйдээд байгаа болохоор Ерөнхий сайд тэр асуудалдаа санаа зовоод өөр дээрээ хэдэн төгрөг авчихъя, яаралтай шуурхай зүйлдээ зарцуулъя гэж бодсон ч байж магадгүй. Хэрвээ тийм бол Ерөнхий сайдын 50 тэрбумыг багцлах хэрэгтэй. 10тэрбум, 20тэрбум гэхчлэн хэчнээн эмнэлэг барих гэдэг юм уу.
Ядаж л тоог нь авчих хэрэгтэй байхгүй юу. Хэдэн сургууль, эмнэлэг, зам ч гэдэг юм уу. Эсвэл нийгмийн асуудлыг дэмжсэн асуудал ч байж болно. Иймэрхүү маягаар зориулалтыг нь захгүйгээр бүхлээр нь 50 тэрбумыг зарцуулна гэдэг учир дутагдалтай асуудал. Буруу жишиг тогтоно шүү дээ. Өнөөдрийн 50 тэрбум, дараа нь 100,200 гээд нэмэгдчих юм бол манай улсын төсвийн 7,4 их наяд төгрөг чинь юу болох вэ.
Бараг нэг их наядыг нь Ерөнхий сайд дураараа зарцуулна гэвэл яах вэ. Болохгүй ш дээ. Ерөнхий сайд гэдэг бол улс төрийн намын дарга байдаг. Тэр ч утгаараа цэвэр улс төрдөө зарцуулах магадлал бий. Магадгүй болох гэж буй орон нутгийн болон дараа нь болох Ерөнхийлөгчийн сонгуулийн Пи Ар-д зориулсан зүйлд энэ мөнгө зарцуулагдчихвал яах юм бэ.
-Тэгэхээр таны хувьд Ерөнхий сайд 50 тэрбумаа юунд зарцуулах гэж буйгаа тодорхойлох хэрэгтэй гээд байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Заавал зориулалтыг тодорхой заах ёстой. Яах вэ төгрөг мөнгөөр нь баланслуулаад, яг тэдэн төгрөг тэдэн мөнгө ийм юманд зарцуулагдана гэвэл хэцүү л байх.
-Монголбанкны шинэчлэлийн асуудал нэлээд хөндөгдөх болсон. Ажиглагчдын зүгээс цаг үе нь болоогүй ч гэх юм уу шүүмжлэл их гарч байна л даа. Монгол банканд бодлогын зөвлөл зайлшгүй хэрэгтэй юу?
-Нэг хүний гаргаж байгаа шийдвэр өөрөөр маш их эрсдэлтэй байна ш дээ. Ялангуяа гурван жилд буюу Д.Пүрэвдорж гэдэг хүн удирдаж байхад мань мэтийн эдийн засагчдын хувьд Монголбанканд итгэх итгэл уначихсан байсан. Эд нар инфляци, ханштай тэмцэж чадахгүй л гэж байсан. Үнэхээр мэргэжлийн бус хүн мэргэжлийн бус л байдаг гэдэг нь Д.Пүрэвдоржоос харагдсан шүү дээ.
Д.Пүрэвдорж гарч ирчихээд олон нийтэд, бидэнд интервенц хийх мөнгө алга гэж зарлаж байгаа байхгүй юу. Тэр бол маш бүдүүлэг алдаа шүү дээ. Тэгээд л ам.долларын ханш 1700 руу үсрээ биз Дээ. Дахин ийм байдалд оруулахгүйн тулд бодох л ёстой. Одоо Монголбанкны удирдлагыг сонгуульд ялсан нам нь улс төрийн албан тушаалаар томилох нь ойлгомжтой байна ш дээ.
Тэр зургаан жилээ ч барьдаггүй. Угаасаа зургаан жилээ ч болих хэрэгтэй. Тиймээс нэг хүний гаргаж буй шийдвэрийг болиулахын тулд Монголбанкны гаргах шийдвэрийг таван хүн гаргадаг болгоё гэж байх шиг байна лээ…Тав багадна. Хоёр нь өвдчихвөл яах вэ. Тэгээд л гурван хүн шийдвэр болох нь байна шүү дээ.
-Тэгээд хэд байвал зохимжтой гэж үзэж байна вэ, та?
-Долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэй, бодлогын зөвлөлийг Монголбанк байгуулах л хэрэгтэй. Тэр бодлогын зөвлөл нь Монголын эдийн засгийг маш сайн мэддэг. Макро эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийг маш сайн мэддэг улстөрч биш хүмүүсээр бүрдэх учиртай. Мэдээж ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Жишээлбэл, нэг арилжааны банкны захирал бодлогын зөвлөлд орж болохгүй.
Бүх мэдээллээ аваад л маргааш нь өөрийнхөө банкан дээр ашигтай өгүүллэгээ хийгээд л эхэлнэ шүү дээ. Ер нь бол Монголбанкны удирдлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ томилдог буруу жишиг байгаа юм. Ялангуяа Засгийн газар бүр буруу.
-Яагаад?
-Сонирхлын зөрчил үүснэ шүү дээ. Хоорондоо авцалдахгүй байх ёстой арга хэмжээ, тийм үү. Ер нь Монгол банкны удирдлагыг томилдог өөр механизм л байх хэрэгтэй гэх гээд байна. Тэгэхгүй бол манай МОНҮРТ-ийн удирдах зөвлөл гэдэг шиг улс төрийн хэдэн төлөөлөл болсон улсууд л тэнд очоод суучихдаг. Үндэсний телевиз чинь сонгууль болохоор эрх барьж байгаа хүмүүсийнхээ талд л үйлчилдэг ш дээ.
Тиймээс Монголбанкны бодлогын зөвлөлд олон, хамгийн гол нь хараат бус хүн орох нь зөв. Яахав, УИХ, Засгийн газар нэг нэг хүн томилдог л юм байгаа биз. Яг түүнтэй тэнцүү хэмжээгээр… Жишээ нь, их дээд сургуулийн багш, эрдэмтдийн дундаас нэг нэг гэхчлэн томилж болно . Ямар ч байсан эдийн засаг, макро, микро эдийн засаг судалдаг хүмүүс орохгүй бол болохгүй.
Яагаад гэвэл Монголбанкны бодлогыг шүүмжилж ярьдаг хүмүүс нь эрдэмтэд л байна шүү дээ. Мань мэтийн хүмүүс л, Монголбанк болох болохгүйг ажиглаж, хэлж ярьж байгаа биз дээ. Сая би Монголбанкны бодлогын газрын дарга Болдбаатараас асуулаа. Ирэх оны инфляцийн найман хувийн өсөлтөнд махны үнэ яаж нөлөөлөх юм бэ. Тэр пропорц чинь хаана байна вэ гэж…
Гэвч хариулахгүй л байгаа байхгүй юу. Тэгэхлээрээ л инфляци нь худлаа байгаа байхгүй юу. Инфляцийг ингэж тодорхойлж болохгүй. Ер нь бол ирэх дөрвөн жилийнхээ төлбөрийн баланс, тэнцлийн тоонуудыг харахгүйгээр инфляцийг ирогноздож болохгүй байхгүй юу. Эрдэмтэд бол энэ тоонуудын чинь учир начрыг олоод байна. Гэтэл улстөрчид олохгүй.
Зүгээр л Монголбанкныхны үгийг сонсож байгаад та нар инфляцийг барьж дийлэх юм уу гэж л ярьж байгаа болохоос өөр юм алга. Бидэн шиг нарийн ухаж чадахгүй ш дээ, улстөрчид. Ингээд бодохоор яалт ч үгүй Монголбанкны бодлогын зөвлөлд эрдэмтдийн зөвлөлөө хоёроос доошгүй эрдэмтдийн төлөөлөл заавал байх шаардлагатай гэж үзээд байгаа юм.
Цаашдаа Монголбанкны гаргах шийдвэрт мэргэжлийн олон хүн нөлөөлөх нь маш чухал. Тэдний санал үнэхээр амин чухал асуудал болчихоод байна гэж хэлж болно. Би энэ талаар олон жилийн өмнөөс л хэлсэн. Уржнан УИХ-ын ажлын хэсэгт ороод Монголбанкны ажлыг шалгах эрдэмтдийн бүлгийн даргаар очсон юм. Тэр үед хэлж байсан, бодлогын зөвлөл байгуулах хэрэгтэй юм байна гэж.
Жишээ нь АНУ-ын Төв банк 13 хүн сууж байгаад, олонхынх нь саналаар асуудлаа шийддэг. Төв банкны дарга нь ч гэлээ 13 хүний шийдвэрээр бодлого гарна гэдэг шал өөр л дөө. Тэр ч утгаараа мөнгөний бодлогыг бодлогын зөвлөлөөс шийддэг байх нь зөв алхам. Энийг УИХ дэмжих ёстой л гэж би бодож байна.
-Сүүлийн үед бүх л салбарт ажиглагдаж байна л даа. Эрдэмтэд судлаачдаа сонсолгүй ажил эхлүүлдэг, өнөөх нь ид дундаа ороод гацчихдаг эсвэл эргээд харахад алдаатай байдаг. Тухайлбал, Сайншандын цогцолборын судалгааны тайланг хараад эрдэмтэд толгой сэгсэрсэн гэж би дуулсан л даа. Одоо тэгээд ахуйн хэрэглээний усны асуудлаа яаж шийдэх гэж байна вэ. Мэдээж та бүхэн эргэж ярилцаж л байгаа байлгүй?
-Үнээн. Сайншандын цогцолборын төсөл дээр эрдэмтдийнхээ дууг сонсоогүй юм. Зөвхөн гадаадынхны дууг л сонсож байна. Гадаадынхан бушуухан мөнгө авахын тулд бушуухан шиг хийсэн болоод л салах гэж байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд Сайншандад тийм том том үйлдвэрийг нэг дор байгуулах эсэх нь эргэлзээтэй асуудал. Усны асуудал шийдэгдээгүй байдаг…
Усны асуудлыг шийдье гэвэл Орхон эсвэл Сэлэнгээс ус татах асуудал чухал байна. Эхлээд тэр асуудлаа шийдэх хэрэгтэй. Ер нь Сайншандын цогцолбор дээр хэлэлцэгдэх асуудал зөндөө бий. Зах зээлээ сайн шийдээгүй, борлуулалтын тээвэрлэлт ложистикаа шийдээгүй байж л баахан үйлдвэр барья гээд байна. Наад зах нь зүүн тийшээ явах төмөр замын асуудлаа ч шийдээгүй л байна.
Сайншанд дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хятадууд авах юм уу? Хэн авах юм бэ… Тэр хүмүүстэй гэрээ хийж, нөхцөлөө тохирч байж үйлдвэр байгуулна ш дээ. Баахан ган үйлдвэрлэчихдэг, авах газар байхгүй бол үйлдвэрээ хаана ш дээ, бид нар. Маш их эрсдэлтэй юм хийж байна, Засгийн газар. Тэр Сайншандад барих эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг чадвал тэр бүтээгдэхүүнийг худалдаж авах тухайн улсынхаа Засгийн газартай хамтарч байгуулах хэрэгтэй.
-Эрсдэлийг яг хаана байна гэж та харж байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд Сайншандад таван үйлдвэр байгуулчихдаг. Борлуулах зах зээлгүй тэр үйлдвэрүүд чинь буцаад хаагдана гэдэг эмгэнэлт дүр төрх л надад харагдаж байна… Энэ бол нэг сценари л даа.
-Сүүлийн үед орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Гэтэл эдийн засагчид, энэ бол хөөрөгдсөн үнэ гэх юм билээ. Та хувь хүний хувьд энэ талаар сонирхож үзэв үү. Тийм л бол хэрхэн харж дүгнэж байна вэ?
-Хөөрөгдөх нөхцөл нь үүссэн л дээ. Нийслэлийн удирдлагууд, Улаанбаатарт нэмж газар олгохгүй гэж хэлсэн ш дээ. Энэ чинь дахиж Улаанбаатарт барилга барихгүй нь гэсэн мэдээллээс ялгарах юмгүй. Мэдээж хотын захаар орон сууцны хороолол барих газар мэр сэр байгаа л даа. Тэндээ орон сууцны барилга бариад эхлэхээр орон сууцны үнэ буурах байх.
Ер нь саяын барилгуудын үйл ажиллагааг зогсоосон, нэмж орон сууц өгөхгүй гэсэн шийдвэрүүд хотын төвд байгаа орон сууцнуудын үнийг өсөхөд түлхэц болсон. Тэгээд ч орон сууцны үнийг төрөөс хянаж, зохицуулахгүй бол болохгүй. Орон сууц барьж байгаа хэдэн монопол компани хуйвалдаад дураараа үнээ нэмж байна ш дээ. Бодит байдал дээр орон сууцны зардал нэг кв.м нь 700 мянга л байгаа.
300 мянгыг нэмээд нэг кв.м-ыг нь сая төгрөгөөр зарчих бүрэн боломж байна. Гэхдээ дэд бүтцийг нь шийдчихсэн газар баригдаж буй барилга шүү. Өнгөрсөн хавар Барилгын яамны сайд Дашдорж орон сууцны үнийг сая 200 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх боломж байна гэж хэлээд л байсан. Миний хувьд саяас хэтрүүлэхгүй байх боломж байна гэж хараад л байгаа байхгүй юу.
Гэвч орон сууцны компаниуд хуйвалдаж нэмээд л байна. Орон сууцныхаа үнийг бууруулсан компанийн захирлууд руу дайрч байна. Үнэхээр шударга бус байна. Ямар нэгэн зохицуулалт хийх ёстой. Тэгэхгүй бол иргэд хохироод байна. Орон сууцан дээр олон компани орж чадахгүй байна. Газрыг нь нийслэлийн удирдлагуудтай холбоотой хэдэн компаниуд хуйвалдаад авч байна.
Тиймээс ШӨХТГ-ын О.Магнай дарга энэ асуудалд анхаарлаа хандуулж орох хэрэгтэй. Бодит зардал нь 700 мянга байхад хоёр сая гаргаж зарна гэдэг дээрэм луйвар. Хатуу ярих ёстой.
-Түүнээс гадна 100 сая төгрөгөөс дээших хадгаламжаас татвар авна гэж яриад байна. Ингэснээр татвараас бултах гэж хадгаламжаа хувааж байршуулах, эсвэл гадны банканд байршуулах явдал газар авчихгүй байгаа?
-Чадахгүй ээ, олон жижиг хувааж байршуулж. Хүний нэр дээр байршуулчихвал тэр хүн чинь иргэний үнэмлэхээ барьж очоод аваад зарцуулчихна ш дээ..,Татвар авах л хэрэгтэй. Монголын хадгаламж чинь хэдхэн хүн дээр төвлөрчихөөд байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн хоёроос таван хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг барьж байна гэдэг чинь энэ хүмүүс асар их мөнгийг хожиж байна л гэсэн үг.
Жишээ нь Монголын хугацаатай хадгаламж дунджаар гурван тэрбум орчим төгрөг байгаа. Жилд 300 тэрбум төгрөгийг хэдхэн хүмүүс аваад байна ш дээ. Өөрөөр хэлбэл баячууд нь улам баяжаад л ядуус нь улам ядуураад л байна. Тэр 300 тэрбум төгрөгийн орлогоос ядаж 10 хувийг нь аваад 30 тэрбум төгрөгийг нь улсын төсөвт авах нь шударга явдал. Буруудах юм байхгүй.
Хэрвээ манай хадгаламж эзэмшигчид гадаадад мөнгөө байршуулна гэх юм бол… Гадаадын банкууд ч гэсэн орлогын татвар авдаг ш дээ. Бүүр их авна. Жишээ нь Францад 100 саяас дээш еврогоос 75 хувийн татвар авах гэж байна. Монголдоо 10 хувийг өгөх үү, Францад очоод 75 хувийг өгөх үү өөрөө л мэднэ биз дээ… Ер нь Солонгос Сингапурт очоод орлого олох нь ямар байх юм бэ.
Тэрэнтэй л харьцуулах хэрэгтэй. Япон зэрэг орнуудад хадгаламжийн хүү нойль байна ш дээ. Харин ч мөнгө хадгалуулсан гээд банк төлбөр авч байна шүү дээ. Тэр утгаараа хадгаламжийн мөнгө гараад явчихна гэх магадлалыг би л хувьдаа олж харахгүй байна даа.
З.Урансүх