Хүнс, хоол тэжээлийн аюулгүй байдал сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж байна
Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоос Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн байгаль орчны сантай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийг УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсний дараа Хүн амын хоол тэжээлийн байдал сэдвээр НЭМҮТ, ХСТ-ийн захирал, АУ-ны доктор Ж.Батжаргал, Шим тэжээлийн дутал дэлхий дахин, бичил шим тэжээлийн дутлыг бууруулах талаарх олон улсын туршлага сэдвээр НҮБ-ын ХХААБ-ын төслийн менежер А.Амгалан, Монгол Улсын хүнсний баталгаат байдлыг хангах бодлого, хүнсний салбар шинэчлэлийн Засгийн газар сэдвээр Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
УИХ-аар Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг хангахдаа хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах тал дээр илүү анхаарч иржээ. Гэвч хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдахад хүнсний шим тэжээллэг чанарыг чухалчлах шаардлагатай байдаг байна. Монголчууд 50 сая малтай, маханд суурилсан хүнсний бүтээгдэхүүн ихээр хэргэлдэг ч дан ганц мах, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь шим тэжээллэг хүнс болж чадахгүй гэдгийг судлаачид хэлж байлаа. Хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа нь хүн амын дунд аминдэм, эрдсийн дутал, түүнээс шалтгаалсан эмгэгийн тохиолдолд хүргэж байгааг др. Ж.Батжаргал илтгэлдээ дурдсан. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн 28,5 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 14,4 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 26,5 хувь төмрийн дутлаас үүдэлтэй цус багадалттай байгаа бөгөөд ингэснээр өвчтөнүүд амархан ядарч сульдах, халдвар авах, ажлын бүтээмж муудах, ялангуяа хүүхдийн өсөлт хоцролттой байх сөрөг үр дагаваруудыг дагуулдаг байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас уриалж буй хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний нэр төрлийг олшруулах, хүнсийг төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулах зэргээр хүний бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг хүнсээр нь дамжуулах хангах асуудал хамгийн үр дүнтэй, өртөг багатай арга хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгааг НҮБ-ын төслийн менежер А.Амгалан онцоллоо. Иймд төр засгаас хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, улаан буудайнаас бусад төрөл бүрийн хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүнсний нэр төрлийг олшруулах нь чухал байгаа төдийгүй мөн энэ тал дээр ЭМЯ-наас хоол хүнснээс хамаарсан эмгэгийн талаар судалгаа хийж, судалгааны материалаа хүнсний үйлдвэрлэл хариуцсан ҮХААЯ-тай хамтран хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулахад хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа. Түүнчлэн монгол хүн бол биологийн хувьд эрсдэлгүй аюулгүй, шимт чанартай хүнсийг хэрэглэх ёстой гэдэг дээр санал нэгдэж байв. Тус хэлэлцүүлэг 15.00 цаг хүртэл үргэлжилж, хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Зөвлөмж гаргах юм.